PCR шинжилгээ, түргэвчилсэн шинжилгээ хоёр ямар ялгаатай вэ

Twitter Print
2020 оны 11-р сар 30-нд 14:31 цагт
Мэдээний зураг,

Ковил цар тахлын байдалтай холбоотойгоор энгийн хүмүүст ойлгогдохгүй байгаа зарим нэг асуудлууд байна. Ялангуяа шинжилгээтэй холбоотой ойлголтууд, тухайлбал орон нутагт энд ч тэнд ч бөөн цөөнөөрөө шинжилгээнүүд эерэг гарлаа, батлагдлаа гэх мэт зүйлүүд яригдаад зарим тохиолдолд хүмүүсийнхээ толгойг эргүүлсэн мэдээллүүд яваад байна.

Тэгвэл PCR шинжилгээ, түргэвчилсэн шинжилгээ гээд байгаа зүйлүүдийг жаахан ойлгомжтой байдлаар ялгаж салгаж ойлгох шаардлага тулгарч байх шиг байна. Товчхон тайлбарлахыг хичээе.

PCR ШИНЖИЛГЭЭ:

COVID19 цар тахал эхэлсэнээс хойш баргийн бага сургуулийн хүүхдээс эхлээд настан буурлууд хүртэл их олон удаа сонсож цээжилсэн нэг шинжилгээ бол PCR шинжилгээ буюу Полимеразын гинжин урвалын шинжилгээ юм (Зурган тайлбар 1).

Хүний биемахбодид байгаа вирусийн генийг илрүүлж гаргах шинжилгээ юм. Шинжилгээний мэдрэг чадвар нь ойролцоогоор 70-80% (тухайлбал 100 хүн тутмын 20 орчим нь илрэлгүй орхигдох магадлалтай гэсэн үг!).

Мөнгө, хүн хүч, цаг хугацаа их шаарддаг шинжилгээ. Гэсэн хэдий ч өнөөгийн цаг үед хамгийн найдвартай шинжилгээ гэж үзэж буй. Гэхдээ хэт их итгэж болохгүй. Бүх хүнийг энэ шинжилгээнд хамруулна гэвэл бас асуудал байна!

ЭСРЭГТӨРӨГЧИЙН СОРИЛ:

Вирусийг өөрийг нь илрүүлэх шинжилгээ. Өөрөөр хэлбэл вирус бие дотор байгаа эсэхийг илрүүлэх шинжилгээ бөгөөд коронавирусийн өвөрмөц уураг байгаа эсэхийг үзэж байна гэж ойлгож болно. Бие махбод дотор илрүүлж байгаа гэдэг утгаараа PCR шинжилгээтэй ижил юм.

Өвчин эхэлснээс хойш 9 хоногийн дотор бол PCR шинжилгээтэй адилхан үр дүнтэй. Гэсэн хэдий ч PCR-тай адил найдвартай биш учир хариу сөрөг байсан ч гэсэн тийм ч их итгэлтэй биш гэсэн үг. Шинжилгээний тоо нэмэгдэх тусам халдвар аваагүй байсан ч гэсэн ямар нэг хариу урвал гарч эерэг хариу гарах тохиолдол гардаг гэж үздэг. Гэхдээ хуурамч эерэгээс илүү хуурам ч сөрөг хариу нь нийгэмд илүү аюултай. Мөн шинжилгээнд нэлээд их хэмжээний вирус шаарддаг тул шинж тэмдэггүй хүмүүст хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Хамгийн талархууштай нь сорилын хариу 30 минут орчимд гардаг явдал. Түргэвчилсэн сорил бөгөөд олон янзын үйлдвэрлэгчийн олон янзын мэдрэг чанартай тестүүд байх шиг байна (манайд чухам хаанахын ямар үйлдвэрлэгчийнхийг ашиглаж байгааг мэдэхгүй байна).

Тиймээс сэжигтэй тохиолдлуудын (ойрын хавьтлуудын) хувьд үр дүн нь шууд тодорхой болдог эсрэгтөрөгчийн сорилыг ашиглах нь зөв тактик байх юм (тайлбар зураг 3).

За манайд орон нутгуудад энэ түргэвчилсэн сорилыг тарааж өгсөн байх гэж бодож байна. Ялангуяа Сэлэнгэ, Дархан, УБ-ын ойрын хавьтал, сэжигтэй тохиолдлуудад эхний ээлжинд хийж явуулах нь зайлшгүй ач холбогдолтой байх магадлалтай.

ЭСРЭГБИЕИЙН СОРИЛ:

Вирусийн эсрэг эсрэгбие байгаа эсэхийг үздэг шинжилгээ. Өөрөөр хэлбэл өмнө нь халдвар авсан эсэхийг шинжлэх шинжилгээ. Эсрэгбие гэдэг нь хүний бие махбодийн өөрийнх нь бий болгосон хамгаалах арми гэсэн үг. Олон төрөл байдаг ч ерөнхийд нь 2 хувааж ойлгож болно.

• Вирустэй тулалдсан гэдгээ нотолсон баг байгаа эсэх

• Вирус гаднаас орж ирэхэд жинхэнээсээ тулалдах баг байгаа эсэх (гал унтраах анги шиг бэлэн арми байгаа эсэх)

Вирусийн халдварт өртөөгүй хүнд буюу тулалдаж үзээгүй хүнд бол огт байхгүй гэсэн үг. Вирусийн халдвараар өвдсөнөөс хойш 2 долоо хоногийн дараа биемахбодид илрэх болно. → Тиймээс одоогийн оношилгоонд хэзээ ч ашиглаж болохгүй! Мэргэжлийн хүн болохгүй л гэсэн бол болохгүй юм байна гэж ойлгох хэрэгтэй!

Тиймээс зөвхөн хот, улс дотор вирусийн тархалтыг харах эпидемиологийн шинжилгээний зорилгоор л хийгдэнэ гэсэн үг.

Дээрх шинжилгээний 3 аргыг харьцуулсан харьцуулалтыг зураг 2-д харуулав.

ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРСАН? ГЭДЭГ НЬ ХАЛДВАР АВААГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ?

PCR шинжилгээ ч, эсрэгтөрөгчийн сорил ч тэр (эсвэл эсрэгбие) ямар шинжилгээ байхаас үл хамааран “шинжилгээний хариу сөрөг” гэдэг бол "зөвхөн энэ удаа цуглуулсан сорьц дотроос вирус олж чадсангүй" гэсэн үг. Магадгүй үүнийг хэрэв олон удаа хийвэл гарч ирж ч болох юм.

Тиймээс “шинжилгээ сөрөг гарсан болохыг нотолж байгаа болохоос халдвар аваагүй байна гэдгийг нотолж байгаа явдал биш юм шүү” гэдгийг хүмүүс маань сайтар ойлгох хэрэгтэй байх. Шинжилгээний хариу бичгүүдэд “та өвчтэй биш” эсвэл та өвчтэй“ байна гэсэн нэг ширхэг ч үг байхгүй байх ёстой, тийм ч байгаа гэдэгт итгэж байна.

Тийм ч учраас сэжигтэй тохиолдлууд, ялангуяа ойрын хавьтлуудыг шинжилгээ сөрөг гарсан ч дахин давтан шинжилж үзэж буй нь ийм учиртай гэж ойлгож болно. Албаны хүмүүсийн өгч буй албан ёсны мэдээллээр "ойрын хавьтлын давтан шинжилгээгээр вирус илэрлээ” хэмээн ярьж хэлэхийг сонссон байх.Үүнийг хэлээд буй юм.

Аль ч шинжилгээний хувьд мэдрэг болон өвөрмөц чанарын хувьд хязгаарлагдмал тул зөвхөн "сэжигтэй хүн амд" хийхийг зөвлөдөг. Тэрнээс биш халдвар авсан байх вий гэсэн “сэтгэлийн түгшүүр”-ийг арилгахын тулд шинжилгээ, сорилыг хийхийг хэзээ ч зөвлөдөггүй байх хэрэгтэй. Сайн дурын шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж болно хэмээн албаны хүмүүс яриад байгаа. Үнэ төлбөргүй болохоор хүн бүр л би үзүүлье, тэгвэл би ч үзүүлье гэх байх. Харин ямар төрлийн шинжилгээ, ямар зорилгоор хийж буй нь тодорхой бус, ямар нэгэн сэжиг, хавьтал болоогүй олон нийтийн дунд ийн хийж явуулах нь хэр зэрэг нотолгоотой арга хэмжээ эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Харин мэдээж хэрэг зовиур шинж тэмдэг илэрсэн эсвэл хараахан илрээгүй ч ойрын хавьтлуудыг бол бүгдийг нь шинжилгээ хийх шаардлагатай.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.