Хойд Солонгосын тамирчид БНСУ-ын тамирчидтай хамт зургаа авахуулахаас татгалзав

Twitter Print
2023 оны 09-р сар 26-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

"Ханжоу-2023" 19 дэх Азийн наадмын 10 метрийн хийн буудлагын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Хойд Солонгосын 3 тамирчин тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Өмнөд Солонгосын тамирчидтай хамт зогсож зургаа авахуулахаас татгалзсан нь олны анхаарлыг татаад байна.

Хойд Солонгос улсын хувьд Хятадын Ханжоу хотод зохион байгуулагдаж байгаа "Ханжоу-2023" нь 2018 оноос хойш оролцож буй анхны олон улсын наадам бөгөөд хийн буудлагын тэмцээний шагнал гардуулах ёслол дээр БНСУ-ын төрийн дуулал явж байх үед Хойд Солонгосын 3 тамирчин мандуулж буй БНСУ-ын төрийн далбаа руу харж зогсохоос татгалзаж, олон улсын спортын тэмцээний тогтсон уламжлалыг эвджээ.

Уламжлал ёсоор эхний 3 байрыг эзэлсэн тамирчид хамтдаа зургаа авахуулдаг ба хүрэл медаль хүртсэн Индонезийн тамирчид зургаа авахуулахаар БНСУ-ын тамирчидтай хамтдаа зогссон бол Хойд Солонгосын тамирчид хамт зогсож зураг авахуулахаас татгалзсан байна.

Өмнөд Солонгосын тамирчдын нэг Хойд Солонгосын тамирчдын нэгийнх нь мөрийг цохин дуудаж, юм ярихыг оролдсон ч Хойд Солонгосын тамирчид дуугаа хураан, БНСУ-ын тамирчдын зүг харахаас зайлсхийж байгаа нь камерт буусан байна.

Уг явдал болохоос өмнө өнгөрсөн ням гарагт Азийн Олимпын Зөвлөл допингийн эсрэг журмыг дагаагүйгээс олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхээ хязгаарлуулсан Хойд Солонгосын баг тамирчид Азийн наадамд оролцож байгаад баяртай байгаагаа онцолжээ.

Хойд Солонгос нь Олон Улсын Олимпын Хорооны гишүүнчлэлээс 2022 оныг дуусах хүртэл хасагдсантай холбоотойгоор 2022 онд Токио хотноо болсон Зуны Олимпын Наадамд оролцож чадаагүй билээ.

1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайн нь энхийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд бус галаа зогсоох хэлэлцээрээр төгссөн учраас хоёр Солонгосын хоорондын дайн нэг талаараа дуусаагүй гэж хэлж болох юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • M

      (43.242.243.117) 2023-09-26 11:22
      • 0
      • 1

      Хойд Солонгост анхаарлаа хагдууллаа гээд бх. Олимп арьс өнгө, үзэл бодлоом ялгаварлахгүй гэж бж Оросын тамирчдыг хасдаг. Олимпийн хороо өөрсдөө дүрмээ зөрчиж бна

      Хариулах