
В. Путин оросуудад эзлэгдсэн Мариуполь хотод айлчилжээ
ОУЭШ-ээс дайны гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн бямба гарагийн орой оросуудад эзлэгдсэн Украины Донецк мужийн Мариупольд айлчилжээ.
Крымд айлчилсныхаа дараа В. Путин нисдэг тэргээр Мариупольд хүрсэн байна.
Оросын төрийн өмчит сувгаар гарсан бичлэгээс Ерөнхийлөгч В. Путин Мариуполь хотоор машин жолоодон явж байгааг мөн тус хотод шинээр баригдсан орон сууцанд орсон зарим оршин суугчидтай уулзаж байгааг харж болох юм. Түүнтэй хамт тус хотод айлчилж байгаа ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснулин тус хотыг сэргээн босгох үйл явцыг Ерөнхийлөгч В. Путинд танилцуулжээ.
Өнгөрсөн оны 5-р сард оросуудад эзлэгдэхээсээ өмнө олон сарын турш бүслэгдэж, оросын армийн цохилтонд зогсолтгүй өртөж, оршин суугчид нь тог, халаалтгүйн дээр цэвэр ус, хоол хүнсний хомстолд орсон билээ. НҮБ-аас мэдээлж байгаагаар ОХУ Украин руу довтлохоос өмнө тус хотод 450 мянган хүн оршин сууж байсан бол оросуудад эзлэгдэх үед хүн амынх нь тоо 100 мянга орчим болсон байсан ба хотод байсан байшин барилгуудын 90 хувь нь устаж үгүй болжээ.
Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк В. Путины Мариуполь хотод айлчилсан явдлыг "гэмт хэрэгтэн хэргийн газраа үргэлж буцаж ирдэг" гэсэн хэллэгтэй зүйрлэн, "Мариупольд олон мянган хүний амийг хөнөөсөн алуурчин, сүйрүүлсэн хотоо харахаар ирж. Ямар ч ёс зүйгүй, гэмших сэтгэлгүй." хэмээн мэдэгджээ.
Мариуполь хотод хийсэн айлчлалынхаа дараа В. Путин Оросын Ростов хотыг зорьсон ба тэнд ОХУ-ын Украин дахь зэвсэгт хүчнийг удирдаж буй Валерий Герасимовтой уулзсан байна.
Энэ даваа гарагт Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин ОХУ-д айлчлах ба Бээжин ОХУ-Украины хооронд энхийг тогтоох тухай 12 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулаад байгаа аж.
Уг айлчлалаараа Бээжин нэг талаас В. Путиныг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа ч нөгөө талаар Бээжин В. Путиныг "хазаарлах" хүч болж чадна гэдгээ дэлхийд харуулах зорилготой хэмээн ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.