Ж.Байден: Омикроны тархалт санаа зовоож байгаа ч айж сандрах шалтгаан биш

Twitter Print
2021 оны 11-р сар 30-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Жо Байден коронавирусын шинэ хувилбар Омикроны тархалт санаа зовоож байгаа асуудал болоод байгаа ч айж сандрах шалтгаан биш хэмээн онцолжээ.

Хойд Америк тивд тодруулбал Канадад коронавирусын шинэ хувилбарын халдвар авсан тохиолдлууд бүртгэгдэж, АНУ Африкийн 8 улсаас нислэг хүлээн авахаа зогсоосонтой холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгджээ.

Тэрээр иргэдийг коронавирусын эсрэг вакцины нэмэлт тундаа хамрагдаж, амны хаалтаа зүүхийг уриалсан ба АНУ нэмж өөр хязгаарлалтууд болон хөл хорио тогтоох ямар ч төлөвлөгөөгүй байгаа хэмээн мэдэгдсэн байна.

Түүнээс гадна Ерөнхийлөгч Ж.Байдений мэдэгдсэнээр шинэ хувилбар АНУ-д бүртгэгдэх нь ердөө цаг хугацааны асуудал бөгөөд вакцин үйлдвэрлэгч компаниуд онцгой байдал үүссэн тохиолдолд шинэ төрлийн вирусын эсрэг вакцин гаргах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн аж.

Их Британи, Европын холбоо, Канад болон АНУ Африкийн өмнөд хэсэгт байрлах Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Свазиланд, Мозамбик, Малави зэрэг улс орнуудаас нислэг хүлээж авахаа зогсоогоод байгаа юм.

Ерөнхийлөгч Жо Байдений мэдэгдсэнээр нислэгүүдийг хориглосноор АНУ Омикрон вирусыг судлах цаг хожиж байгаа аж. ДЭМБ ч мөн адил Омикрон вирусын талаар нарийн судалж эхлээд байгаа ба одоогийн байдлаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна.

Ж.Байден шинэ хувилбарын тархалтаас айж сандрахын оронд АНУ уг вирусын эсрэг шинжлэх ухаанд үндэслэсэн, хурдан шуурхай арга хэмжээ авна гэдгийг онцолжээ.

Тэрчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Өмнөд Африк коронавирусын шинэ хувилбар илэрснийг цаг тухайд нь мэдэгдсэн явдалд сайшаалтай хандаж байгаа гэжээ.

Ерөнхийлөгч Ж. Байден АНУ-ын Хүнс ба Эмийн хяналтын албанд Омикрон вирусын эсрэг вакцин гарсан тохиолдолд түргэн хугацаанд, ямар ч чирэгдэлгүйгээр зөвшөөрөл олгохыг даалгажээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.