Филиппинд болсон хар салхи Монголын тухай бодоход хүргэв

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

  Филиппин улс Ази-Номхон далайн эрчим хүчний гол бааз нутаг, харин Монгол Улс эрдэс баялгийн асар их нөөцтэй, тиймээс тэдгээр хоёр оронд дэлхийн хүчирхэг их гүрнүүдийн сонирхол ижилхэн солбицож байдаг. 

Түүхэн дэх хамгийн хүчтэй далайн хар салхинд өртсөн Филиппин улсад дэлхийн олон орноос тусламжийн гараа сунгаж байна. Зурагтын мэдээгээр, далайн хар салхинд самруулж сүйдсэн газрын нүд халтирам төрх харагдсаар.  Гэвч сонирхолтой нь гарч буй мэдээний өнгө чиглэлд  Филлипинд үзүүлж буй асар их тусламжийн үйл явцаар АНУ, Хятад, Япон гэх их гүрнүүдийн өрсөлдөөнийг харуулах өнгө аяс давамгайлж буй бололтой ажиглагдана.  Филиппинийг 100 гаруй жил эзэлж байгаад олон нийтийн шахалтад аргагүйн эрхэнд 1991 онд цэргээ татсан АНУ өнөөдөр цэргийн хөлөг онгоцоо хүртэл дайчлан байж тус улсад тусламж үзүүлэн өөрсдийн өмнөх алдаанаас бий болсон муу нэрийг цайруулах гэж оролдоно. Япон ч мөн ялгаагүй. Дэлхийн хоёрдугаар дайнд Филиппиний өмнөд тэнгисийн тулаанд гутамшигт ялагдал хүлээж байсан Япон улс гамшгийн бүсэд дотоодын цэргээ илгээн  нэр нөлөөгөө өсгөх гэж чармайж байна. Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн энэ  ширүүн өрсөлдөөн нь  асар их тусламж болон хувирч гамшигт нэрвэгдсэн филиппинчүүдэд хүрч байгаа юм.

Хятад өмнөд тэнгисийн орчим газар нутагт Филиппинтэй маргаантай байгаа. Тиймдээ ч Хятад улс эхний хугацаанд нулимах төдий өчүүхэн тусламж үзүүлж байсан. Харин одоо олон улсын шүүмжлэлийн бай болохтой зэрэгцэн арга буюу тусламжийн их сангийнхаа амыг нээв. Эрчим хүчний гол түшиц газартаа хүргэж буй АНУ, Японы тусламжийн цуваанд хятадууд багагүй сэтгэл зовж буй бололтой.        
Филиппинийг тойрсон их гүрнүүдийн өрсөлдөөнийг харж байтал гэнэт юунд Монголын тухай бодол орж ирэв? Том жижиг нийлсэн 7000 гаруй арлаас бүтсэн, далайн хар салхи, их усан борооны голомт Филиппин, жилийн хур тунадасын дундаж хэмжээ нь ердөө 350 мм эх газрын хуурай Монголд адил төстэй чанар байна гэж үү. Учир юу вэ гэвэл, тус хоёр оронд хоёуланд нь дэлхийн хүчирхэг их гүрнүүдийн сонирхол ижилхэн солбицож байдагт асуудлын гол оршино. Филиппин бол Ази- Номхон далайн эрчим хүчний гол бааз нутаг, харин Монгол Улс эрдэс баялгийн яндашгүй нөөцтэй учир хэн бүхэн түүнд шунахаас аргагүй биз ээ.
Монгол бол дэлхийд эхний 10-т орох эрдэс баялагтай орон. Алт, газрын тос, төмөр, нүүрс, зэс молибден, хайлуур жонш Монголын өнцөг булан бүрт овоорон байдаг. Дээр нь газрын ховор элементээр баялаг байдал нь олны анхаарлыг татдаг. Харин асар их баялагтай тус улс техник технологи хоцрогдсон, хүн хүчний дутагдалтай байдлаас болж эдийн засгийн хувьд хөгжил  мөлхөө, бас дорой. Тэнд очвол нөхцөл байдал 1960-1970 оны үеийн БНСУ-аас ялгарах зүйл байхгүй. Харин ийм аманд орсон шар тос шиг ашигтай улсыг их гүрнүүд хөсөр хаях аргагүй юм. 1990 онд анх Монгол улс үүдээ нээх тэр үеэс эхлэн АНУ, Япон улс ёстой л Монголыг тусламжаар бөмбөгдөж эхэлсэн. Тэд Монголын иргэдэд сургууль, орон гэр барьж өгч, боловсрол, эрүүл мэндийн тусламж үзүүлэх зэргээр Монголтой хувь заяагаа бат холбоод амжсан. Харин одоо пүүс компаниудын хийх ажил л үлдэв бололтой. Суусан газраасаа шороо атгаж сурсан Абэ Ерөнхий сайд өнгөрсөн хавар Монголд айлчлахдаа газрын ховор элементэд санаархаж хятадуудын санааг зовоож эхэлсэн.       
Монголчууд Хятадтай түүхэндээ тоолж баршгүй олон дайн хийж ирсэн учраас тэд хятадуудад ясны дургүй. Өвөр Монголыг алдсан  гэх хамгийн ойрын жишээг тэд тод санаж байгаа.  Газрын ховор элементээр баялаг болох нь тогтоогдсон Өвөр Монгол Хятадын хань үндэстэнд бараг бүрэн  эзлэгджээ. Хятадын Коммунист намын бодлогын дагуу тэндхийн хүн амын 70 хувь нь
хань үндэстнүүд. Гэвч хятадууд мөнгөний өмнө өвдөг сөхрөх цаг ирнэ. Чингис хааны үр хойч бардам чанар нэр хүндээ доромжлуулж ханасан.
Харин эл нөхцөл байдалд Солонгос улс юу хийж байна. KOICA тэргүүтэй тусламжийн байгууллагууд, пүүс компаниуд, христийн сүмүүд Монголын газар бүрт очиж нөхөрлөлийн ханыг босгож байна. Харин манай засгийн газраас үүнд чиглэсэн дорвитойхон стратеги бодлогогүй л явж байна.   
Өмнөх Ерөнхийлөгч И Мён Багийн үед ямар байв? Хувийн хэвшлээс гаралтай Ерөнхийлөгч И бүрэн эрхийн хугацааны эхний үедээ байгалийн баялгийн төлөөх гадаад бодлогын талаар хоолойн хөвчөө тасартал ярьсан. Гэвч үнэндээ түүний ам ажил хоёр зөрсөөр байв. Тэрбээр Монголд айлчилсан боловч хэдэн арга хэмжээнд оролцож "Патераа татуулчхаад л буцаад ирсэн". Айлчлалын өмнө товлосон тодорхой зүйл байгаагүй юм.    
Сэтгүүлч миний бие И Ерөнхийлөгчийн үед Монголын нийслэл Улаанбаатарт сурвалжлах ажлаар очихдоо Монголын Засгийн газар Улаанбаатарын агаарын бохирдлыг багасгахад туслаач хэмээн  БНСУ-ын Засгийн газарт захиа бичиж байсан гэж дуулсан. Гэвч манай Загийн газраас тэдэнд хариу бичээгүй. Нэр төрөө хугалан байж бичсэн захидалдаа хариу авч чадаагүй тэд хичнээн их гутарсан бол.    
Монголын говиос ирэх элсний нүүдлийг багасгахын тулд Солонгос улс Монголын говьд мод тарьж байгаа тухай манайхан мэдэх нэг нь мэднэ. Харин Монгол Улсын хүн амын гуравны нэг нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар тэр бүр мэдэхгүй. Харин монголчууд үүнд илүүтэй санаа зовнидог.
Хурдацтай хотжилтоор нүүдэлчин ард түмэн Улаанбаатар хотдоо бөөгнөрч, -40 хэмийн өвлийн хүйтнийг гэртэйгээ давж гарахын тулд тэд түүхий нүүрс түлдэг. Харин үүний дүнд 100 метрийн цаадах харагдахгүй болтлоо утаа униар болдог. Энэ үед амьсгалахад бэрх болж ханиад хүрэх энгийн үзэгдэл болж, астма, уушгины үрэвсэлт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгддэг аж. Энэ нь мэдээж хүүхэд багачуудад маш муугаар нөлөөлнө, тийм ч учраас юм уу Монголын сэхээтнүүд агаарын бохирдлыг арилгахгүй бол Монгол Улсын ирээдүй гэж байхгүй боллоо гэж хэлдэг юм.         
Сүүлийн хэдэн жил Монголын уул уурхайд амжилт олсон эсвэл Монголын Засгийн газрын томоохон төсөл хөтөлбөрт хамтран ажиллаж буй Солонгосын пүүс компанийн тухай олж сонссонгүй. Магадгүй энэ нь өмнөх Ерөнхийлөгч Игийн дорвитой бодлогын дутагдалтай байдлын ач тус байх. Харин их гүрнүүд Монголыг бүхэлд нь эзэлчихээд байна.  Гэлээ ч гээд горьдлого тасарч болохгүй. Монгол, солонгос үндэстнүүд гарвал угсаа нэг, царай төрх төстэйн  дээр бидэнд байдаг Монголын хөх толбо үүнд хүч нэмнэ. Монгол Улс Солонгосын соёлын давалгааны гадна үлдээгүй, тэд аль хэдийн “Кореан дрим”-д автах болсон нь нууц биш. Түүнчлэн Солонгост ажиллаж буй монголчууд эх орныхоо эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг гэсэн яриа байдаг.
“Улаанбаатарт монголчуудыг солонгосоор хамаагүй өөлж муулж болохгүй. Ингэх нь танд аюултай байж мэднэ” гэж тэнд амьдардаг нэг солонгос хүн хэлж билээ. Энэ нь Монголд Солонгостой ямар нэг байдлаар холбогдсон, солонгос хэл мэддэг хүн олон байдгийг хэлж буй хэрэг юм. Энэ нь бид тэдэнтэй ойлголцож болох боломж их байгааг харуулж байгаа хэрэг биш гэж үү. Солонгосчууд бид хаана ч очсон эхлээд хэл нэвтрэлцэж байвал зорьсон хэргийн тал нь бүтлээ гэж үздэг бус уу?   

МОНЦАМЭ

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.