
ХҮҮХДЭД ХАМГИЙН ИХ АЗ ЖАРГАЛ МЭДРҮҮЛДЭГ ТОГЛООМ юу гээч?
Нуугдаж тоглох.
Том хүний нүдээр харахад ойлгомжтой, энгийн санагдах ч хүүхдэд энэ тоглоом харагдаж байгаагаасаа илүү их ач холбогдолтой шүү. Нуугдаж тоглох нь хүүхдэд аз жаргалыг мэдрүүлэхээс гадна төлөвлөх, зохион байгуулах, төсөөлөн бодох, тооцоолох, ээлж дараа, дүрэм баримтлах гэсэн чадваруудыг хөгжүүлж байдаг. Тухайлбал,
Хүүхэд бусдыг хайх үедээ, өөрөө нуугдах бол хаана нуугдвал дээр вэ? гэж орчин, орон зайгаа мэдрэнэ, таамаглана, тооцоолно. Мөн нуугдсан нэгнийг нүдээрээ хайна, энд тэнд сөхөж ухаж үзнэ, ажиглана, үнэрлэнэ, сонсоно. Олдохгүй бол гайхна, айна олчихоод хамгийн их баярлана, аз жаргалыг мэдрэнэ. Энэ үед олон төрлийн мэдрэмжүүд хөгжинө. Сэтгэл хөдлөлүүдтэйгээ танилцана, бусдын сэтгэл хөдлөлийг анзаарч танилцана. Хүүхэд зарим тохиолдод инээж хөхөрч хүлээж авна, заримдаа гайхна, зарим үед гомдоллоно.
Нээрээ л бодоод үзэхэд биднийг бага байхад сэргэлэн бас ухаантай нэг найзаа дандаа хайж олж чадахгүй бууж өгөхөд “Би тэнд нуугдаж байсан юм аа” гэж хэний ч санаанд ороогүй газрыг хэлдэг шүү дээ. Тэгэхээр нуугдаж тоглох бүрд хүүүхдийн орчноо мэдрэх, төсөөлөн бодох, шинийг санаачлах чадвар нь сайжирна. Тиймээс хүүхдүүдтэйгээ өдөр бүр нуугдаж тоглон тэднийхээ хөгжлийг дэмжээрэй.
Г.Төмөрзаяа
(Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу" үүсгэн байгуулагч)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.