
Хамгийн гал цогтой, өөрийгөө олох гэсэн хамгийн сэргэлэн цовоо үе бол өсвөр нас. Үүний адилаар хамгийн эмзэг, хамгийн сэтгэл хөдлөл өндөртэй, гутрах магадлалтай үе ч мөн өсвөр нас.
СЭМҮТ, ХӨҮК-н эрхлэгч, сэтгэл засалч эмч Л.Цэрэндолгортой "Өсвөр нас ба тэдний сэтгэл зүй" сэдвийн дор хийсэн ярилцлагыг хүргэж байна.
А. Өсвөр насныхан гэж хэн бэ?
Х. Хүүхэд ахуй наснаас насанд хүрэгчдийн эгнээнд шилжих хөгжлийн зурвас үе бөгөөд бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хүрээнд эрс өөрчлөлт, шинэ бүрдэл, заримдаа зөрчил хямрал дагуулж байдаг онцлог нас юм. Мөн өөрийгөө “Том хүн” боллоо хэмээн ойлгож насанд хүрэгчдийн байр сууринаас аливаад хандах хүсэл эрмэлзэлтэй болдог учир ШИЛЖИЛТИЙН НАС гэдэг.
A. Өсвөр насны хүүхдийн онцлог юу вэ? Тэд насанд хүрэгчдээс ялгаатай тал нь юу вэ?
Х. Өсвөр насны хүүхдийн насанд хүрэгчдээс ялгарах гол онцлогууд гэвэл сэтгэл санаа тогтворгүй болох, эсрэг хүйстний хүнээ сонирхох, нийгмийн дунд биеэ авч явах хэм хэмжээг дагаж мөрдөж сурах, эцэг эхчүүд, насанд хүрэгчдээс хараат бус байх, бие даах хүсэл эрмэлзэл нэмэгдэх, оюун ухааны эрчимтэй хөгжил явагдах, мэргэжил сонголтод анхаарал хандуулах, чөлөөт цагаа өнгөрөөх амьдралын хэв маяг нь өөрчлөгдөх, бие махбодын эрчимтэй өсөлт явагдах, “Би” адилтгал эрчимтэй явагдах ба бусдыг даган дуурайх хэв шинж эрчимжиж, өөрийгөө бүрдүүлж эхэлдэг чухал нас юм.
Мөн дараах сэтгэлзүйн хэрэгцээнүүд үүснэ. Үүнд:
Үеийн хүүхдүүдтэйгээ харилцах
Үе тэнгийн хүүхдүүд дундаа хүлээн зөвшөөрөгдөх
Нийгэмших
Үзэл бодлоо хамгаалах, илэрхийлэх
Хувийн эрх чөлөө, тусгаар байдлаа хангах
Сэтгэлзүйн хэрэгцээ нь хангагдахгүй байваас янз бүрийн сэтгэлзүйн хариу урвалууд богино болон урт хугацаагаар илэрч болно.
A. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй насанд хүрэгчдээс сэтгэл зүйн ялгаа нь юу вэ?
X. Мэдээж энэ 2 насны бүлэг нь тус тусдаа өөр өөрийн гэсэн онцлог талуудтай байхаас гадна өсвөр насны үе хэрхэн явагдсанаас насанд хүрсэн хүний сэтгэлзүйн байдал, төлөвшил, хандлага гээд олон зүйлс хамаарч байдаг. Өсвөр үеийнхэн маань насанд хүрэгчдийг бодвол сэтгэл хөдлөлөө хянах чадвар нь тогтворгүй, амьдралын туршлагаар бага ч гэлээ шударга байдлыг эрхэмлэдэг, томчуудын гаргаж байгаа зан байдал, хийж байгаа үйлдэлд үнэлгээ дүгнэлт өгөн, зөв буруу, болох болохгүйг ялган зохицуулах чадвартай, шударга бус үйлдэл болон харьцааг үл тэвчинэ. Хүнлэг, нинжин, үнэнч шударга зан чанарыг эрхэмлэн томчуудыг тийм байгаасай гэж хүсэн, итгэж найдна. Хэрэв өөрт нь шударга бус хандвал бусдад итгэх итгэлээ алдсанаар, хэнэггүй аашлах, үл ойшоох, зөрүүдлэх, сөргөлдөх зэрэг зан авир илэрч болзошгүй байдаг.
A. Гадаад үзэмж, сэтгэл зүйд, сэтгэл зүйн хямралд нөлөөлөх үү?
X.Гадаад үзэмж хүний сэтгэлзүйд нөлөөгүй гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Хүн бүр өөртөө болон бусдад таалагдахыг хүсдэг. Тэр тусмаа санамсаргүй адилтгалаар томчуудаас зан үйл, харьцаа хандлага, биеэ авч явах төрх үйлийг, зориудын адилтгалаар ирээдүйн ажил мэргэжил, гэр бүлтэй хоблоотой асуудлыг сонгон сонирхон, судлах ба дуураймал адилтгалаар гадаад дүр төрх, хувцаслалтдаа илүү анхаарч, бусдад таалагдахыг хичээн, том хүн болсон гэдгээ харуулах нотлох хүсэл нэмэгддэг өсвөр насныхны хувьд ч гадаад үзэмж нь чухал зүйл юм. Тиймээс гадаад дүр төрх, бие галбир нь хүссэнээр нь биш байх үед, мөн хэвийн байдал нь алдагдахад сэтгэл санаа хямарч, хямрал нь тодорхой хугацаагаар үргэлжилж болно.
A. Гадаад үзэмжээ үнэлэх байдал хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
X. Өсвөр насныхан гадаад дүр төрхөө хэн нэгэнтэй адилтган ижилсүүлэх сэтгэлзүйн онцлогтой байдаг учир тэрхүү үнэлэмж нь хүүхдийн хүндэлдэг, шүтдэг хүнийх нь гадаад төрхөөс хэр их ялгаатай байгаагаа мэдрэх,мөн үе тэнгийнхнийх нь үнэлгээнээс ихээхэн хамаарч байдаг. Өсвөр насныхан маань бусдад ялангуяа үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөх сэтгэлзүйн өндөр хэрэгцээтэй байдаг. Тэрхүү хэрэгцээ нь гадаад үзэмжийн ялгаатай байдлаас болж эс хангагдваас сэтгэлээр ихээхэн унах, ичиж зовох, өөртөө итгэлгүй болох, цаашлаад нийгмийн харилцаанд оролцохоос зайлсхийх, ганцаардмал зожиг байдалтай болох зэрэг сөрөг үр дагавруудыг араасаа дагуулж байдаг.
A. Мохаммад Жаферани, Анагаах ухааны доктор, Сагинав дахь Мичиганы төв их сургуулийн психодерматологи, сэтгэцийн эмгэг судлалын клиник профессор-н хэлснээр батга гарсны үр нөлөөнд л гэхэд нь олон сэтгэл зүйн үр дагаврыг авчирдаг аж. Хямрал, стресс, зуршил зэрэг нь хэрхэн яаж батга үүсгэхэд хүргэдэг вэ?
X. Арьсны гэмтэл, хоолны дэглэм, стресс, инсулины эсэргүүцэл, биеийн жингийн индекс зэрэг нь батга үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлүүд юм. Зарим нэг өсвөр насныхны дунд хийсэн судалгаанд стрессийн түвшин ихсэх үе/ шалгалтын үе гэх мэт/ болон стрессийн түвшин багатай /зуны амралт гэх мэт/ үе дэх батгашилтыг харьцуулан судлахад стресс ихтэй үед батга гарах байдал нь илүү байгааг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл стрессийн түвшин батгашилт ихсэх хоёр нь шууд хамааралтай байна гэсэн үг. Мөн хөвгүүдэд стрессийн үеийн батга ихсэлт илүү байгааг судалгаагаар тогтоосон байдаг. Стресс бол дааврын тэнцвэрт байдлыг алдагдуулах нэг хүчин зүйл учраас стресс их байх тусам тэнцвэрт байдал илүү алдагдан улмаар батгашилт ихэсдэг байна.
A. Даавраас үүдэлтэй өөрчлөлт хүүхэд бүрд тохиолддог. Үүний нэг илрэл нь батга. Гэвч, өсвөр үеийнхэн маань батганаас болж өөртөө итгэх итгэл нь буурдаг юм шиг ээ. Учир нь, нүүр царай, харагдах байдал бидний салшгүй нэг хэсэг учраас та хэчнээн үгүй гэж үгүйсгэсэн ч далд ухамсартаа “хүмүүс намайг юу гэж харж, бодож байгаа бол” гэдэгт санаа зовниж л байгаа. Уг асуудал хандах хандлагаа хэрхэн өөрчлөх вэ?
X. Батга гарах болон батгашилтын дараах гүн сорвижилт зэрэг нь өсвөр насныхны сэтгэлзүйд ичих мэдрэмжийг хүчтэй төрүүлэх, сэтгэл түгших, өөртөө итгэлгүй болох, суралцах, ажиллах зэрэг нийгмийн идэвхтэй амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг гэж үздэг. Ийм байдалд хүргэхгүйн тулд өсвөр насны урьдал үе буюу 7-12 насанд нь хүүхдийг бодит мэдээллээр хангаж, гарч болох өөрчлөлтүүдийг танилцуулан, тэдгээрийн шалтгаан, илрэл зэргийг ойлгуулснаар нүүр тулах үед харьцангуй тайван хүлээж авч, сэтгэл санаагаар гүнзгий хямралгүй хүлээн зөвшөөрөх боломжтой болох юм. Мэдээж хүүхэд бүрийн стрессийг даван туулах нөөц боломж харилцан адилгүй байдаг болохоор зарим хүүхдүүдийн хувьд гүнзгий хямарч дээрх сөрөг үр дагаварт хүрч болох юм. Тэр үед хүүхэд аль болох стресс тайлах энгийн аргуудаас хэрэглэж өөрт төрөөд буй сөрөг мэдрэмжүүдээ багасгахыг оролдох нь тодорхой үр дүнд хүргэдэг. Тухайлбал: сэтгэл түгшсэн, стресстэй үедээ амьсгалын дасгал хийх, спортоор хичээллэх, алхах, сайн унтаж амрах, өөрийг тань ойлгодог дэмждэг хэн нэгэнтэй эсвэл өөртэйгөө ярилцах, өдрийн тэмдэглэл хөтлөх, өөрийн давуу талуудаа танин мэдэж хөгжүүлэх зэргээр өдөр тутамдаа сөрөг сэтгэл хөдлөлүүдээ тайлж сурах нь зөв юм. Харин ямар нэгэн арга хэрэглэсэн ч сэтгэлийн сөрөг мэдрэмжүүддээ автагдсаар байгаа бол заавал мэргэжлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.
A. Судлаачид батганаас болж өсвөр насныхан, тэр дундаа охид, илүү их сэтгэлийн хямралд өртдөг бөгөөд шалтгаан нь “бусдад хүлээн зөвшөөрөгдөх” гэсэн өсвөрийнхний сэтгэл зүйтэй холбоотой болохыг олж илрүүлсэн байна. Батганаас болж шаналагчдын 80 хүртэлх хувь нь дөнгөж өөрийгөө нээж, өөртөө итгэх итгэлийг олж, нийгмийн харилцаанд оролцоход шаардлагатай ур чадварыг эзэмшиж эхлэх гэж байгаа бусдыг ихэд үлгэрлэн дуурайдаг өсвөр насны хүүхдүүд болон залуучууд байдаг учраас нүүрэндээ батгатай явах нь сэтгэл санааны хувьд ямар их дарамт авчрах уу?
X. Дээр дурдсанчлан батгашилт болон батгашилтын дараах гүн сорви нь гоо сайхныг алдагдуулснаар өсвөр насныхны сэтгэл санаа нь тогтворгүй, гутранги, түгших, өөртөө итгэх итгэлгүй, идэвх санаачлагагүй байдалд хүргэдэг ба цөөн тохиолдолд гадаад төрхнөөсөө болж бусдад гадуурхагдан, шоолуулснаас болж гүнзгий хямралд өртөх нь ч бий.
A. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн үзэл далд ухамсарт хүн болгонд байдаг. Тэгвэл энэ нь бидэнд эерэг, сөрөг аль аль ч мэдрэмжийг авчирдаг. Харин, энэ үзэл байх нь зөв үү?
X. Хүн бүр ямар нэгэн хэмжээс, үнэлэмжид баригдалгүйгээр өөрөөрөө, байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Гэвч нийгмийн хөгжлийн явцад энэхүү сэтгэлзүйн хэрэгцээ маань бодит байдлаасаа гажуудаж бусдын үнэлэмжид нийцэж байж хүлээн зөвшөөрөгдөх буюу юуг сайхан гоё гэж хүлээн зөвшөөрч байна, түүн рүү хүрэх гэсэн явцуу ухагдахуун болж хувирсан. Хэрэв тэрхүү зохиомол гоо сайхны хэмжүүрт нийцүүлж хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэж байгаа бол тэр нь чиний чин хүсэл биш тул энэ үзэл байгаагүй нь илүү дээр. Харин байгаагаараа, бодитоороо хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол сэтгэлд амар амгаланг авч ирдэг эерэг талтай.
A. Би хаалттай хүн, би нээлттэй хүн. Гэхдээ л надад ярилцах хүн хэрэгтэй. Хүнтэй ярилцаж чадахгүй үед хэрхэн бусадтай сэтгэлээ нээж ярилцах вэ?
X. Хаалттай ч бай нээлттэй ч бай хүн бүрд ярилцах, ойлголцох, түгжээтэй сэтгэлээ онгойлгох хэрэгцээ байнга байдаг. Гол нь хэзээ, хэнд, хэрхэн нээх вэ? гэдгээ мэдэхгүй бас дадаагүй байдал нь хүнтэй ярилцаж чаддаггүй гэсэн дүгнэлтэд хүргээд байдаг. Хэрэв асран хамгаалагч хүүхэдтэйгээ багаас нь нээлттэй харилцаж, түүний үзэл бодол,санаачилга, хүсэл тэмүүлэл, гомдол цөхрөл зэрэг бүхий л илэрхийлэмжийг нь анхааран сонсож, шүүмжлэлгүй хүлээн авч, санал бодлоо тулгалгүй ярилцдаг бол хүүхэд том болсон ч бусадтай ялангуяа итгэл төрүүлсэн хүнтэйгээ нээлттэй харилцаж, мэдрэмжээ нээж сурсан байдаг. Ойр дотно нэгэнтэйгээ нээлттэй ярилцаж чаддаггүй бол мэргэжлийн сэтгэл зүйчид, хөндлөнгийн саадгүй, аюулгүй орчинд баг багаар ярилцаж эхэлснээр өөрийгөө нээж болох юм.
A. Тэд гэрийнхэн, дотны хүмүүс, найз нөхдөөсөө юуг хамгийн ихээр хүсдэг вэ?
X. Өсвөр насныхан ойр дотны хүмүүсээсээ өөрийг нь сонсохыг, ойлгохыг, байгаагаар нь хэн нэгэнтэй харьцуулалгүй хүлээн зөвшөөрөхийг, үзэл бодол, хувийн орон зайг нь хүндэтгэхийг, том болж буйг нь хүлээн зөвшөөрч хараат бус байлгаж биеэ даах боломжоор хангахыг хамгийн ихээр хүсдэг.
A. Тэднийг хэрхэн дэмжих вэ? Яаж тусалбал тэднийг хамгаалагдаагүй /insecure/ мэдрэмж төрүүлэх магадлалыг нь багасгах вэ?
X. Дээрх хүслийг нь, сэтгэлзүйн хэрэгцээнүүдийг хангаж өгснөөр тэднийг ойлгож дэмжиж буй хамгийн том тус юм. Тэгснээр дотны хүмүүс нь өөрт нь итгэдэг, хайралдаг, халамжилдаг гэсэн мэдрэмжийг авч эргээд тэдэндээ бүхнээс илүү итгэж хамгаалагдсан мэдрэмж нь батжиж өгдөг юм.
A. Таны зүгээс уриалах зүйлс юу вэ?
X. Хүн бүр дахин давтагдашгүй ч хүн бүрд туулаад өнгөрөх насны үеүд нь нийтлэг юм, тэр бүрийг бид өөр өөрийн онцлог байдал, амьдралын туршлага, бусдын хайр халамж, дэмжлэгийн тусламжтайгаар амжилттай даван туулах боломжтой. Иймд хурууны хээ шиг дахин давтагдашгүй өөрийгөө хайрлан усалж, бусадтай хэт адилтгалгүйгээр авах гээхийн ухаанаар хандан ЦОР ГАНЦ ӨӨРИЙГӨӨ бүтээгээрэй гэж өсвөр насныхандаа уриалъя.
Хэрэв танд мэргэжлийн эмчийн зөвлөгөө хэрэгтэй бол ЭХЭМҮТ-ийн Өсвөр үеийн клиник 80809106, СЭМҮТ ийн Хүүхэд, өсвөр үеийн клиник 18002000, Хүүхдийн тусламжийн утас 108 зэрэг дугаараар холбогдоорй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(122.201.22.18) 2019-10-19 10:45МОНГРЛЫН АРД ТҮМЭН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ӨГӨХИЙГ ИХ ХҮСЭЖ БНА ШҮҮ ӨГӨӨСӨЙ ҮНЭХЭЭР АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ҮЗҮҮЛЖ ЧАДАЖ БНА
Хариулах