
Хятадын Юннан мужийн Кайюань хотын нэгэн цэцэрлэгийн ангийн 51 хүүхдийг багшийнх нь хамтаар химийн бодисоор хордуулсан хэрэг өнгөрсөн даваа гарагийн өдөр гарчээ. Конг овогтой 23 настай сэжигтэн цэцэрлэгийн хашааг даван орсон ба натрийн гидроксид хэмээх маш хүчтэй идэмхий химийн бодисыг цэцэрлэгийн ангид цацсан аж.
Халдлагад өртсөн хүүхдүүдээс хоёр нь хүнд хордсон гэж мэдээлж байсан ч амь насанд нь аюул учруулах хэмжээнд хордоогүй болохыг Синьхуа агентлагаас мэдээлжээ. Халдлага үйлдсэн этгээдийг баривчлаад байгаа ба тэрээр хийсэн хэргээ нийгмийн эсрэг өшөө авалт байсан хэмээн тайлбарласан гэж Кайюань хотын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Натрийн гидроксид буюу каустик сод нь саван, цаас, будаг зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд химийн хүчтэй суурь болж өгдөг бодис юм.
Натрийн гидроксидад хордсон тохиолдолд хүний нүд улайх, нүд арьс зэрэг нь түлэгдэх, үс унах, харшлын хурц шинж тэмдэг илэрч болдог байна. Сүүлийн жилүүдэд Хятадад сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүд рүү халдсан явдал хэд хэд гараад байгаа ба 2018 оны 10-р сард Хятадын Чончинь хотод цэцэрлэгийн ангийн 14 хүүхэд хутгаар зэвсэглэсэн эмэгтэйн халдлагад өртөж байсан бол 2018 оны 4-р сард Шаньси мужийн дунд сургуулийн 9 сурагч гэмт этгээдийн гарт амь үрэгдэж байсан билээ.
Дунд сургуулийн сурагчдын аминд хүрсэн 28 настай эрэгтэйд шүүхээс цаазаар авах ял оноосон юм. Түүнчлэн 2017 онд хутгаар зэвсэглэсэн этгээд цэцэрлэгийн хүүхдүүд рүү халдан, 11 хүүхдийг шархдуулж байсан билээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.