
Монгол Улс, Дэлхийн Банк Группын түншлэлийн 30 жилийн ой тохиож байна
30 жилийн өмнөх энэ өдөр Монгол Улс /БНМАУ/ Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн гишүүнээр элсэн орсон байдаг. 1991 оны 2 дугаар сарын 14-ний өдөр буюу тухайн жилийн Цагаан сарын битүүний өдөр Сангийн сайд агсан А.Базархүү тэргүүтэй төлөөлөгчид Вашингтон хот дахь Дэлхийн Банкны төв байранд хамтын ажиллагааны суурь гэрээнд гарын үсэг зурж, Монгол улс Дэлхийн банкны 155 дах гишүүн улс болохтой зэрэгцэн төмөр хонь жилийг угтан авсан билээ.
Үүнээс хойш Дэлхийн Банк Монгол Улсад нийт 1.2 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилтийг бага хүүтэй зээл, тэг бөгөөд бага хүүтэй кредит болон буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгожээ.
Хамтын ажиллагааны эхэн үед Дэлхийн Банкны дэмжлэгийн зонхилох хэсэг нь Монгол улс шилжилтийн үеэ даван туулах, уурхай болон цахилгаан станцын тогтвортой ажиллагааг хангах, нүүрсийг хуваарийн дагуу нийлүүлэх, хувийн хэвшил болон санхүү, хууль эрх зүйн шинэ тогтолцоог хөгжүүлэх, үндэс суурийг нь тавих зэрэгт дэмжлэг үзүүлэхэд чиглэж байлаа. Дараагийн жилүүдэд ядуурал, хүний хөгжлийн асуудлуудад илүүтэй анхаарч, мөн хөдөөгийн амьжиргааг сайжруулахад дэмжлэг үзүүллээ. Сум, багийн түвшинд иргэд төсвийн хуваарилалт, зарцуулалтыг хянаж үгээ хэлдэг боллоо. Эхний төслүүдийн нэг нь Монголын хөдөөгийн дэд бүтцийг сайжруулахад чиглэж байсан бол дараагийн нэг төсөл нь Монголын интернэтийн дэд бүтцийг сайжруулахад чиглэгдэж байв.
Дэлхийн Банк Группын тухай
Дэлхийн Банк Групп нь 189 гишүүн орнууддаа санхүүгийн туслалцаа, бодлогын зөвлөгөө өгч, судалгаа, дүн шинжилгээ хийдэг дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм.
2030 онд хүртэлх хэтийн зорилго:
-
Нэн ядуурлыг эцэслэх (Өдөрт $1.90 ам доллараас бага орлогоор амьдарч байгаа хүмүүсийн эзлэх хувийг 3-аас ихгүй болгож бууруулах)
-
Хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжих (Аливаа улс орны хүн амын хамгийн доод 40 хувийн орлогыг нэмэгдүүлэхийг дэмжих)
2020 оны 10-р сарын байдлаар Дэлхийн Банкнаас Монгол Улсад олгож буй нийт зээл/буцалтгүй тусламжийн багц 349.51 сая ам.доллар байгаа бол ОУСК-ийн өөрийн хөрөнгө оруулалтын багц нь өөрийн хөрөнгөөс 526 сая ам.доллар, бусад байгууллагуудаас 840 сая ам.доллар төвлөрүүлжээ. Олон Талт Хөрөнгө Оруулалтын Баталгааны Агентлаг (ОТХОБА)-аас Монголд гаргасан баталгаа буюу ОТ уурхайн төслийг хөгжүүлэхэд гаргасан баталгаа нь Зүүн Ази, номхон далайн бүс нутагтаа хамгийн том нь буюу 858 сая ам.доллар (СЖ20-ийн байдлаар) байна.
Дэлхийн Банк нь зээл болон буцалтгүй тусламжаас гадна Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг дэмжих, стратегийн гол чиглэлээр засгийн газраас явуулах шинэчлэлийг дэмжихээр чадавхийг бэхжүүлэх хүрээнд аналитик болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.