
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцах үеэр "Гэрлэлт залуужаад байвал эмэгтэйчүүдийг цэрэгт явуулахаас өөр гарцгүй байдаг" гэж хэлсэн үгэндээ тайлбар өглөө.
Тэрээр "Жендэрийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн үг нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 асуудал хөндсөн.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр гэхээс илүүтэй эрхийг нь хамгаалах чиглэлд анхаарч, тэмллэглэе гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг талаарх Норвегийн жишээг дурдсан. Түүнийг нь тасалж аваад нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байна лээ. Нөгөөтэйгүүр эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс даруй 10 насаар багассан нь анхаарал татаж байна. Яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэн бол уучлалт хүсье. Эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Баярынх нь өмнө бухимдуулсан бол уучлаарай. Хэлбэр тал дээр биш агуулгад ач холбогдол өгөхийг хэвлэл мэдээлэл болон ард иргэдээс хүсэж байна.
Хэлэх гэсэн санаа нь буруу ойлгогдож, шүүмжлэлийг дагуулж, олныг бухимдуулсан нь манай нийгэм сайхан руугаа эргэж байгааг илтгэж байна. Бүгд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг маш чухалчилж, ойлгодог болсон" гэжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.