Энэ жил 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгнө

Twitter Print
2021 оны 03-р сар 18-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Энэ жил өмнөх жилүүдийнхээс хамгийн их буюу 40 мянга орчим хүүхэд ЭЕШ өгөх тооцоолол гарчээ.

ЭЕШ-ын босго оноо нийслэлийн төрийн өмчит их дээд сургуульд 480, хувийн их дээд сургуульд 410, хөдөө орон нутагт 400 оноогоор дүгнэх юм. Босго оноонд өөрчлөлт орохгүй, шалгалтын материалын агуулгад зөвхөн танхимаар судалсан хичээл багтана. Ингэхдээ өмнөх жилд үзсэн хичээлийн агуулгыг багтааж боловсруулахаар болжээ.

Боловсролын Үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн М.Болдсайхан хэлэхдээ, “Хэдийгээр БСШУЯ, Боловсролын хүрээлэл, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын Үнэлгээний төв хамтран теле хичээл, ТВ зөвлөмжүүдийг хүргэж байгаа ч энэ нь танхимын сургалтад хүрч чадахгүй нь тодорхой. Тэгэхээр энэ жилийн ЭЕШ-ын сэдвүүд буюу даалгаврыг боловсруулахдаа танхимаар судалсан агуулгад суурилж шалгалтын сэдэв даалгаврыг боловсруулна гэж тооцоолж байна. Үүнээс өмнө бид аймаг, нийслэлийн Боловсролын газраар дамжуулан агуулгын судалгаа хийнэ. Яг аль агуулгуудыг аль сургуулийн хөтөлбөрт судлаагүй вэ гэдгийг тодорхойлно” гэв.

2020 оны ЭЕШ-ын материалаас энэ жилийн агуулгын хувьд өөрчлөлт оруулах юм. Тухайлбал, өмнөх 10, 11 дүгээр ангид үзсэн суурь мэдлэгийг түлхүү оруулна. Шалгалтын материалын бэлтгэл 5 дугаар сарын 15 гэхэд урьдчилсан байдлаар бэлэн болно гэдгийг мэргэжилтэн хэлж байлаа. Тэрбээр, “12 дугаар ангид судлах ёстой байсан зарим агуулгын суурь нь магадгүй 9, 10 дугаар ангид тавигдсан байдаг. Тэгэхээр 12 дугаар ангид судлаагүй агуулгуудыг шалгалтад оруулахгүй. 9, 10, 11 дүгээр ангид үзэж судалсан агуулгуудыг шалгалтад оруулж ирнэ. Зөвхөн 12 дугаар ангид биш өмнөх жилүүдэд судалсан агуулгыг шалгалтад тооцох боломжтой” гэв.

2019 онд ЭЕШ-ыг 21 мянга орчим сурагч өгч байсан бол 2020 онд 30 мянган сурагч хамрагдаж байжээ. Харин энэ жил 40 орчим мянган сурагч өгч байгаа нь өндөр үзүүлэлт юм. Жил бүрийн ЭЕШ-ын идэвх 98 хувьтай байдаг талаар судалгаа бий.   

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.