
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосны дагуу тус хуралдаанаар зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтүүд, Иргэний Зориг Ногоон намын хүсэлт, Ард Түмнээ Хайрлая намын хүсэлтийг тус тус хэлэлцжээ.
УДШ Ардчилсан даргын бүртгэлийг бүртгэх тухай хэлэлцээд О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзжээ.
Энэ тухай Улсын "Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа" хэмээн Дээд шүүхийн албан ёсны мэдээнд онцолжээ.
Өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд АН хоёр тусдаа намын даргаа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болсон.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө тэдний хэн нь албан ёсоор АН-ын даргаар бүртгэгдэх вэ гэдэг олон нийтийн анхаарлын төвд байсаар байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу 4-р сарын 30 буюу энэ Баасан гарагаас намуудын нэр дэвшилтийн үйл ажиллагаа эхлэнэ.
Ардчилсан намын дүрмэнд зааснаар эхлээд бүх гишүүдийн дунд сунгаа явуулж, улмаар ялагчийг намынхаа их хурлаараа баталгаажуулах ёстой. АН 5-р сарын 2-нд Их хурлаа хийж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор танилцуулна.
Харамсалтай нь хоёр хуваагдан хоёр даргатай болоод байгаа АН-ын маргаан энэ удаад Улсын Дээд шүүхээр орж, эцэслэн шийдэгдэж чадсангүй.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.