
Төрөлтийн эрэмбэ
Нэг гэрт өссөн хүүхдүүдийн харилцаа, хандлага янз бүр байдаг. Хүн бүр эхээс мэндлэхдээ аав ээжийн генээр дамжуулан, өөрийн гэсэн сэтгэл зүйн болон ааш араншинтай байдаг.
Мөн аав ээжийн харилцаа хандлага, үзэл бодол, хоол ундны хэрэглээ, хаана хэрхэн амьдарч байсан, хүүхдийн байр суурийг хэрхэн ойлгуулсан гээд бүгд холбоотой байдаг. Жишээ нь зарим аав ээж дүүг голлон анхаараад, ах\эгчийг үгүйсгээд байвал шоовдор байдлаа мэдэрч дүүдээ атаархан, дургүй болох гэх мэт.
Мөн хүүхэд гэр бүлдээ ямар үүрэг гүйцэтгэж байсан бэ гэдэг чухал нөлөөтэй.
Айлын том хүүхэд:
Аав ээжий хайранд умбаж байсан хүүхэд сэтгэл зүйн бэлтгэлгүйгээр гэнэт дүүтэй болохоороо зүрх сэтгэл нь шархлах, айх, ганцаардах, түгшүүрт автах нь бий. Хэрэв аав ээж сайн анхаарахгүй бол түүний байр байдал өрөвдөлтэйгөөр өөрчлөгддөг. Өөрийгөө хаягдсан, орхигдсон гэх мэдрэмж, гомдол өндөр байж болно.
Ерөнхий бол айлын том хүүхэд үргэлж дүү нарынхаа өмнөөс хариуцлага хүлээж, тэднийг харж хандах үүрэг хүлээдэг. Тиймээс бусдад анхаарал халамж тавих ч өөрсдийгөө гаргуунд гаргах нь бий. Хэрэв аав ээж түүнийг хэт анхаарахаа болих, хэтэрхий их үүрэг ачаа өгөх аваас өөрийгөө хаядаг. Мөн хэт эрт амьдрал зохиож, залуудаа аав ээж болох нь олонтаа.
Айлын том хүүхэд олон дүүтэй болох тусмаа зайлсхийх хандлагатай, хэт мэдрэмтгий, дүрэм журмыг ягштал биелүүлдэг болдог ба бусдад болон дүү нартаа хариуцлага хүлээх дарамттай тулгардаг. Энэ хариуцлага хэт их байх, дүү нарынхаа бурууг их үүрэх, өмнөөс нь шийтгүүлэх зэрэг нь өөрийгөө илэрхийлэх, сэтгэл хөдлөлөө гаргах, хэрхэн зохицуулах аргаа мэдэхгүй болдог. Ийм байдал нь:
-Мэдрэлийн ядаргаанд орох
-Аливаа нэг хэцүү асуудалд тулгарахад халгаж шантрах
-Донтох эрсдэл бий болгох
-Хэтэрхий их хөдөлмөрлөх
-Төгс төгөлдөрийг хүсэх
-Амжилтанд хүрэхийг тэмүүлэгч болдог.
Хэтэрхий их гэрийн ажил хийх, олон дүүг харах, өөрийн гэсэн орон зайгүй, гэрт эзлэх байр суурь нь ээж шигээ болж ирэх аваас хүүхэд өөрийн амьдралд үргэлжлүүлэн энэ амьдралыг бий болгох, магадгүй өөрийгөө, хүүхдээ анхаарахгүй ээж болдог.
Аав ээж дүү нараа хардаг гэдэг утгаараа том хүүхдэдээ эрх мэдлийг өгдөг ба энэ эрх мэдлийн золиос нь удаах дүү нь болох нь ч бий. Учир нь олон дүү нараа харахаас залхахдаа дүүгээ хэт их загнах, дарамтлах зэрэг болно.
Хэрэв таны хүүхэд олон дүүгээ хардаг бол том болоод өөрөө хүүхэд төрүүлээд түүнийгээ харах, асрах, хайрлах, өөрийн амьдралаас залхахгүй байх тэр л орон зайг нь өгч амрааж, талархаж, хайраа мэдрүүлж байгаарай.
Сэтгэл судлаач Адлерын тодорхойлсноор айлын том хүүхдүүд хуучинсаг үзэлтэй, хувиа борлуулах, эрх мэдэлтэй, ахлах дуртай хүн болдог. Мөн тэд эрх мэдэл тулгуурласан, удирдагч болоход эртнээс бэлтгэгдсэн байдаг.
Айлын том хүүхэд бол өөрийнхөө хүүхдүүддээ маш өндөр хүлээлт үүсгэх хандлагатай, аливаа зүйлийг эмх цэгцтэй байлгах, хүүхэдтэй бол том хүүхдээсээ өөрийнхөө бага насыг олж харах нь дамжиггүй. Хүүхдээ хэт их өөр шигээ байлгах гэснээс болж өндөр шаардлага тавьж, залхааж магадгүй.
Айлын дунд
Төрсөн цагаас нь эхлээд түүнд бэлэн асрагч эсвэл зааварлагч байдаг тул тэд багаасаа ах, эгч нараасаа давж гарах хүсэл эрмэлзэл ихтэй мөн тэдний атаархал дунд өсөж хүмүүждэг.
Айлын дунд хүүхэд бусдаасаа илүү амжилттай байх нь бий. Учир нь ах\эгчтэйгээ анхаарал, хайр халамжийг хуваалцах болдог ба ах шигээ эгч шигээ болох гэсэн хүсэл түүнийг эзэмдэнэ. Тэднээс түрүүлэх гэсэн хүсэл нь бүх хөгжлийг хурдасгадаг ба ах эгчдээ батлан харуулах гэдэг. Ах эгч нь өрсөлдөгч эсвэл баатар нь байдаг. Байнга өрсөлдөх ба аав ээжийнхээ анхаарлыг амжилтаараа татахыг хичээх хүсэл эрмэлзлэл нь 2 дахь хүүхдийг амжилтанд хүргэдэг.
Мөн ах, эгчээсээ илүү гэдгээ батлан харуулахын тулд нилээн чармайдаг, хичээнгүй хүүхэд болдог. Ах эгчийн хүмүүжил тааруу байвал дунд хүүхдэд нилээн сөргөөр нөлөөлөх ба аав ээжүүд анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас ах эгчээсээ үлгэр авсангүй гэж байнга загнах, харьцуулах нь хэт их өрсөлдөмтгий, атаархуу, хүч хүрэхээргүй зорилго тавих ба түүндээ хүрч чадахгүй бол өөрийгөө голдог, сэтгэлээр унамтгай хүн болох нь бий гэж үздэг.
Дунд хүүхдүүд гэр бүлдээ ихэвчлэн энх тайвныг тогтоогчийн үүрэг гүйцэтгэдэг ба доороо дүүтэй учраас аливаа зүйлд тохиролцоонд хүрч, буулт хийж сурсан байдаг. Мөн дасан зохицох чадвартай ба нийгмийн амьдралд илүү идэвхтэй байж олон найз нөхөдтэй болдог.
Тэд маш уян хатан бөгөөд хүнд хэрхэн таалагдахаа мэддэг. Учир нь эцэг эхээс нь анхаарал бага ирдэг учраас тэд өөрсдөө анхаарал татаж сурах хэрэгтэй болдог байна. Энэ бол тэдний яагаад гэр бүлээсээ илүү найз нөхөдтэйгөө хүчтэй холбоотой болдгийн шалтгаан юм.
Аав ээжээсээ авч чадаагүй хайр халамжаа өөрөө гэр бүлтэй болохдоо гэр бүлдээ гаргадаг хүн болох ба хүүхдүүдээ шүүж, буруутгах гэж хэзээ ч яарахгүй. Харин ч хүүхдээ сонсож аль аль талд нь тэгш ханддаг. Аав ээждээ тоогдохгүй, ах эгчдээ дарагддаг, дүүтэй байсан нь тоогдохгүй үлдэх ямар байдгийг мэддэг учраас өөрийн хүүхдүүдээ харьцуулахгүй жигд хайрладаг.
Айлын бага
Айлын бага аав ээж болон ах эгчийнхээ анхаарал хайр халамжийн дунд байдаг. Айл гэрийн онцлогоос шалтгаалан хүүхдийн хүмүүжил төлөвшил, ирээдүй, ямар хувь хүн байх нь чухал юм.
Айлын бага гэхээр л бүгд бас гоё биш байдаг. Тухайн айл боломжгүй байвал хүүхэд өөрийгөө голох, бусдаас дорд үзэх хандлага төлөвшиж болно. Эсвэл хүн бүр зааж зааварлаад байвал өөрийн гэсэн бодолгүй хүн болох нь ч бий. Тиймээс бага дүүгийнхээ санаа бодлыг харгалзан үзэх нь зүйтэй.
Дээрээ олон ах эгчтэй байх тусмаа хүүхэд дорд байдлын мэдрэмжтэй байдаг ч гэж үздэг. Ах эгч нь амжиллтай яваа айлын бага амжилтгүй, ах эгч нь амжилтгүй байвал бага амжилттай байх нь бий. Айлын бага хариуцлага хүлээх чадвар сул, хөнгөн хийсвэр, нийгмийн идэвхи сайтай байдаг.
Дээрээ олон ахтай охин, олон эгчтэй хүү ч өөр өөр байдлаар өсдөг.
Зарим айлын бага хүүхдүүд ах, эгч нараа бодвол илүү эрх чөлөөтэй өсдөг учраас илүү биеэ даасан, өөртөө итгэлтэй болсон байдаг. Нөгөө хэсэг айлын бага хүүхдүүд бага хариуцлага хүлээдэг. Гэвч энэ нь заримдаа тэднийг дураараа зантай болгох нь бий. Тэд айлын бага гэдэг байр сууриа маш овжин ашигладаг.
Айлын бага хүүхдүүд эцэг, эх болоод ах, эгч нарынхаа анхаарал, хайр халамжаар дүүрэн өсдөг учраас өөртөө итгэлтэй, бие даасан, гэхдээ туршлага хуримтлуулахдаа тааруу нэгэн болдог. Мөн айлын бага хүүхэд ах, эгч нараасаа илүүд гарах, тэдний амжилтыг давахын тулд өөрийгөө дайчилж чаддаг. Тиймдээ ч сонгосон салбартаа өндөр амжилт гаргах нь олонтаа.
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.