
Нельсон Мандела апартейдийн эсрэг идэвхтэй тэмцэгч, Африкийн Үндэсний Конгрессийн зэвсэгт бүлэглэлийн удирдагч байсан бөгөөд 1964 онд Өмнөд Африкийн шүүхээс түүнийг апартейдийн эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэсэн ял оноож байв. Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела 27 жил шоронд хоригдсон байна.
Дэлхий дахин түүний тэмцэлийг үнэлж 1993 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртээж байв. 1994 онд Мандела Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч болсон билээ. 1999 онд ерөнхийлөгчийн бүрэн эрхээ шилжүүлж өгсөн ч ХДХВ/ДОХ (Хүний дархлал хомсдолын вирус/Дархлалын олдмол хомсдол)-ын эсрэг кампанит ажлыг эхлүүлж, 2010 онд Өмнөд Африкт Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрх авахад Манделагийн үүрэг оролцоо их байсан билээ.
Нельсон Мандела 1918 оны 6-р сарын 18-нд Өмнөд Африкийн Мвезо тосгонд төржээ. Түүний өвөг эцэг Тембу овгийн толгойлогч байсан бөгөөд Манделаг төрөхөд Ролихлахла / "Унанги мөчир"/ гэсэн нэр өгч байсан байна. Нельсон Манделаг дунд сургуульд ороход африк хүүхдүүдийг багш нар нь дуудахад хялбар гэсэн үндэслэлээр англи нэр өгдөг байсан учир түүнд Британы адмиралын нэр өгч Нельсон гэх болжээ. Тэрээр Fort Hare коллежид суралцаж байхдаа оюутнуудын бослогод оролцсон учир 1940 сургуулиасаа хөөгдөж байсан бөгөөд Йоханнесбург хотод уурхайд харуул хийж байгаад 1943 онд Witswaterand Их сургуульд хуулийн мэргэжлээр суралцах болсон байна. Энэ үеэс арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүссэн Африкийн язгуур эрх чөлөөний тухай үзэл баримтлал түүний улс төрийн үзэл бодлын суурь болж байв. Тэр жилээ Нельсон Мандела Африкийн Үндэсний Конгресст элсч, дараа нь тус Конгрессийн Залуучуудын Лигийг байгуулсан байдаг.
1948 онд хуулийн сургууль төгссөн Мандела Йоханнесбургт өөрийн найз Оливер Тамбутай хамтран хуулийн чиглэлээр ажиллаж, хар арьстнуудын үйл тамыг үзэж байсан цагаан арьстны Үндэсний Намын арьс өнгөөр ялгаварлан гадуурхах системийн эсрэг кампанит ажил эхлүүлжээ. 1956 онд Нельсон Мандела бусад 155 тэмцэгчийн хамт эх орноосоо урвасан хэргээр баривчлагдсан ч дөрвөн жил үргэлжилсэн шүүх хурлын эцэст тэдний ялыг хүчингүй болгосон юм.
Энэ үед Өмнөд Африкт хар арьстнуудыг хаана амьдарч, ажиллахыг заасан шинэ хуулийг эсэргүүцэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг хөдөлгөөн ширүүсч байжээ. 1960 онд Африкийн Үндэсний Конгрессийн Залуучуудын Лиг татан буугдаж, нуугдах болсон юм. 1960 онд Шарпевиллийн жагсаалын үеэр цагдаа нар 69 хар арьстныг буудаж хөнөөсөн нь тэмцэгчдийн тайван жагсаалд цэг тавьж, хорлон сүйтгэх ажиллагааг эхлүүлсэн гэдэг. Нельсон Манделаг баривчлахад түүнд хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулсан, Засгийн газрыг хүчээр унагаахыг оролдсон хэргээр бүх насаар нь шоронд хорих ял оноосон юм. Энэ хүнд бэрх цагт түүний ээж нь, дараа нь хүү нь автомашины ослоор нас барсан ч оршуулганд нь очих эрх түүнд байгаагүй юм. 1980 онд Нельсон Манделагийн хамтран тэмцэгч Тамбу Африкийн Үндэсний Конгрессийг удирдах болж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг олон улсын кампанит ажлыг эхлүүлсэн бөгөөд Нельсон Манделаг шоронгоос суллахыг шаардаж байв. Энэхүү кампанит ажлын оргил үе нь 1988 онд Лондоны Wembley цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан концерт байв. 72,000 хүн цугласан концертын үеэр “Нельсон Манделаг сулла” хэмээн дуулахыг сая сая хүн үзсэн билээ.
Харин 1990 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгч байсан Фредерик Виллем де Клерк Африкийн Үндэсний Конгрессийн эсрэг тавьсан хоригийг цуцалснаар Нельсон Мандела шоронгоос суллагдсан юм. 1993 онд Нельсон Мандела, Фредерик Виллем де Клерк нарт Нобелийн Энхтайвны шагнал гардуулсан. Үүнээс хойш таван сарын дараа Өмнөд Африк түүхэндээ анх удаа арьсны өнгөнөөс үл хамааран, бүх нийтийг хамарсан ардчилсан сонгууль явуулсан билээ. Сонгуулийн дүн гарахад Нельсон Мандела үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Нельсон Мандела 1944 онд Эвелин Масэтэй гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон ч 1958 онд салсан юм. 1958 онд Нельсон Мандела Уинни Мадикизела гэгч бүсгүйтэй гэрлэсэн нь хожим түүнийг шоронгоос суллуулах кампанит ажилд идэвхтэй оролцсон билээ. Гэвч 1992 онд Мандела Уиннигээс гэрлэлтээ цуцлуулжээ. Тэрээр 80 насандаа гурав дахь удаагаа гэрлэж, Граса Машелтай хуримласан байна.
Нельсон Мандела 2004 онд 85 настайдаа улс төр, нийгмийн ажлаа орхиж, гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ нам гүм амьдрахаар шийдсэн байв. 89 насныхаа ойгоор төрийн экс удирдагчдын “Ахмадууд” нэртэй клуб байгуулж, дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудлуудыг шийдэхэд зөвлөх үйл ажиллагаа явуулах болсон юм. 2012 онд түүний хөрөгтэй үндэсний мөнгөн тэмдэгт Өмнөд Африкт гүйлгээнд гарсан байдаг. Нийгмийн ажлаа бүр орхисноос хойш Нельсон Мандела өөрийн нэрэмжит буяны сангаас бусад олон нийтийн арга хэмжээнд бараг оролцоогүй бөгөөд сүүлийн хоёр жил эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ. 2011 оны сүүлээр Нельсон Мандела Йоханнесбургийн эмнэлэгт тусгай шинжилгээ өгөхөд амьсгалын замын халдвартай гэж оношилсон байна. Тэрээр 1980-аад онд Роббен арал дээрх шоронд хоригдож байхдаа сүрьеэ туссан байжээ.
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.