
Нэгэн залуу эр ахуй нутгаасаа аяарлан холдож, алс хэтийн ирээдүйгээ эхлүүлэхээсээ өмнө нутгийн алдартай дияанчид бараалхан зам мөрийнхөө чигийг асууж гэнэ.
Голын эргийн нойтон элсэн дээр ханз үсэг сургуулилж байсан дияанч лам залуу эрийн үгийг сонсож дууссаны эцэст “Аюумшиггүй” гэсэн утгатай хоёрхон ханз үсэг бичив гэнэ. Хөгшин дияанч толгойгоо ч өргөлгүй түүнд хандан “Хүний амьдралын утга учир дөрөвхөн ханз үсэгт багтдагийн эхний хагасыг өвгөн дияанч би өөрт чинь бичиж өглөө. Энэ сургаалын утга учрыг сайтар ухааран ойлгож чадах бөгөөс чиний амьдралын эхний хагаст үргэлжлэх урт холын аян замын туршид хүрэлцэх хангалттай хүнс байж чадах болно.” гэж хэлчихээд өөрийн ажлаа үргэлжлүүлэн хийж эхлэв.
Залуу эр тоймтой зүйл юу ч ойлгосонгүй буцжээ. Нэг л мэдсэн гучин жил ард хоцорч залуу эр хижээл насны босгыг давахдаа боломжийн амжилтанд хүрсэний зэрэгцээ хүн л юм болсон хойно алдаа мадаг ч цөөнгүйг хийсэн байж таарна. Гэхдээ харин дияанч ламын айлдсан сургаал номлолын дагуу тулгарч байгаа аливаа асуудлаас айж сүрдэлгүй түүнийг ухаалгаар даван гарах арга туршлагатай болсон гэдэг шүү. Хүн өөрөө шал хоосон зүйлээс айгаад сэтгэлдээ ургуулж томруулаад өөрийгөө зовоогоод байдаг гэдгийг дийлэнх хүмүүс мэддэггүй бус уу? Тэр л ёсонг бизнесмэн эр ойлгосон нь амьдралын эхний хагаст олсон, ойлгосон ухаарсан хамгийн том үр дүн байсан ажээ.
Тэгээд тэр олон жилийн өмнө очиж байсан өвгөн дияанчийн гэрт дахин бараалхжээ. Гэтэл өвгөн дияанч өөд болохдоо түүнд үлдээсэн захиаг түүний шавь болох нэгэн хувраг түүнд авчран өгөөд “Багш маань амьд сэрүүндээ энэ захиаг өөрт чинь өгөөрэй гээд үлдээсэн юм. Та задлаад үз дээ.” гэж гэнэ.
Тэр хүн нэлээд их гайхаж захидлын дугтуйг болгоомжтой задлан үзвээс “Харамсахгүй” гэсэн утгатай хоёр ханз үсэг бичээстэй байжээ. Түүний сэтгэлд агшин зуурын дотор түмэн бодол эргэлдэж өнгөрсөн гуч гаруй жилийн хугацаанд туулж өнгөрсөн алдаа оноогоо дэнслэн үзвээс хөгшин дияанчийн бичиж өгсөн “Аюумшиггүй агаад харамсахгүй” гэсэн дөрөвхөн ханз үсэгт хүний амьдралын бүхий л утга учир багтахаар санагджээ. Тийм ээ, аливаа ажил үйлийг аюумшиггүй зоригтой гүйцэтгэн амьдралдаа харамсахгүй байх явдал хамгаас чухал билээ. Хүн амьдралын туршид аюумшиггүй агаад харамсахгүй байж чадваас сэтгэл санаа нь уужим тэнүүн байх болно. Чи зөв гэж бодсон үйл хэргээ зоригтой сайн гүйцэтгэ, ажил хийж байгаа хүнд алдаа эндэл гарах нь дамжиггүй тул тэр бүхэнд бүү харамсагтун!
Хүн амьдралдаа шал дэмий зүйлээс айж болгоомжлоод хичнээн олон боломжийг алддаг бол? Ер нь хүний айж болгоомжилдог зүйлийн 95 хувь нь огт биелэх боломжгүй хоосон зүйлс байдаг тухай та сонсож байсан уу? Түүнчлэн бас л түүнээс дутахгүй хичнээн олон хүн хайран залуу нас хийгээд ер нь амьдралын алтан сайхан үеүүдийг ухаарч хайрлалгүй байсны гороор харамсал тээсээр хорвоог орхидог бол гэдгийг ч бас бодолцож үзмээр. Гэхдээ миний санахад дияаны энэ домгийг уншчихаад заавал чулуу дэрлэх мөчийг хүлээх биш өдөр болгоныг харамсах зүйлгүй дүүрэн сайхан өнгөрөөж сурвал түүн шиг сайн хэрэг гэж хаана байх билээ? Эргээд энэ нь их том арга ном болон хувирч таарна.
Хэрвээ тэгж чадах бөгөөс амьдрал айдасгүй, харамсахгүй хэмээх энэ хоёр үгийн хязгаарт л багтдаг гүн нарийн ёсонг ойлгож ухаарч чадах бус уу?
Д.Болдбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.