Өндөр орлоготой мужуудаасаа санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг шаарджээ

Twitter Print
2022 оны 08-р сар 17-нд 13:25 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян өндөр орлоготой мужуудаасаа эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхийг хүссэн байна.

Өнгөрсөн 7-р сард тус улсад хэрэглээ болон үйлдвэрлэл удааширсан нь Хятадын эрх баригчдын санааг зовоож байна. Ерөнхий сайд Ли Көцян эдийн засгийг сэргээх үндэс суурийг бэхжүүлэхийн тулд шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолжээ. Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй цар тахалтай тэмцэх бодлого нь Хятадын эдийг засгийн өсөлт энэ оны 2-р улиралд огцом буурах гол шалтгаан болжээ.

Үүнтэй холбогдуулан Хятадын төв банк зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд зээлийн хүүгээ бууруулсан байна. Ерөнхий сайд Ли Көцян Гуандон, Жяньсү, Жэжянь, Шаньдун, Хэнан, Сычуань зэрэг Хятадын эдийн засгийн 40 хувийг эзэлдэг гол 6 мужийн удирдлагуудтай хийсэн цахим уулзалтынхаа үеэр Хятадын эдийн засаг сэргэх шатандаа явж байгаа ч өнгөрсөн 7-р сард зарим нэг хэлбэлзэл ажиглагдсаныг онцолжээ.

Ли Көцяны хэлснээр Хятадын засгийн газар хэрэглээг нэмэгдүүлэх алхмуудыг хийж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээ авах аж.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын хувьд цар тахлын үеэр удаан хугацаагаар хөл хорио тогтоосон нь аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчид их хэмжээний хохирол амсахад хамгийн том нөлөө үзүүлсэн билээ. Хятадын ДНБ өмнөх улиралтай харьцуулахад 2.6 хувиар буураад байна.

Өнгөрсөн хавар Хятадын томоохон хотууд тэр дундаа эдийн засаг, үйлдвэрлэлийн төв гэгддэг Шанхай хот хоёр сарын турш хөл хорионд орсон билээ.

Үйлдвэрлэл болон худалдаа наймааны салбар дахь хөл хорионы нөлөө тийм ч амар арилахгүй гэдгийг олон улсын ажиглагчид онцолж байна.

Өнгөрсөн сард худалдаа өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2.7 хувиар өссөн ч, 5 хувиар өснө гэсэн зорилтондоо хүрээгүй бөгөөд 6-р сард бүртгэгдсэн 3.1 хувийг ч даваагүй байна.

Түүнээс гадна Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар ч мөн асуудалтай байгаа ба иргэдийн дунд ипотэкийн зээлээ төлөхөөс татгалзах явдал нэмэгджээ.

Мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалт 12.3 хувиар буурсан бол үл хөдлөх хөрөнгийн борлуулалт 28.9 хувиар багасжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.