
Өнгөрсөн ням гарагт болсон Туркийн Ерөнхийлөгчийн 2-р шатны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ялалт байгуулжээ.
Түүний өрсөлдөгч нэр дэвшигч Кемаль Киличдароглу энэ удаагийн сонгуулийг "түүхэн дэх хамгийн шударга бус" хэмээн тодорхойлсон ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрчээ.
Албан ёсны дүнгээр Кемаль Киличдароглу нийт сонгогчдын 47.9 хувийнх нь саналыг авсан бол Эрдоган 52.1 хувийнх нь саналыг авчээ.
Амьдралын өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Эрдоганы рейтинг унасантай холбоотойгоор сөрөг хүчний намууд энэ удаагийн сонгуулиар Эрдоганыг суудлаас нь буулгаж, түүний хэрэгжүүлж буй бодлогуудыг цуцлах боломж маш өндөр гэж үзэж байсан юм.
Энэ удаагийн сонгуульд ялалт байгуулснаараа Эрдоган өөрийнхөө "ялагдашгүй" гэх имижээ улам бататгажээ. Сонгуулийн үр дүн гарсны дараа Эрдоган бүх зөрчил, маргаанаа ардаа орхиж, үндэсний эрх ашиг, хүсэл зорилгын төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалахын зэрэгцээ сөрөг хүчнийхэн мөн нэр дэвшигч Кемаль Киличдароглу нарыг алан хядагч нартай нэг тал болсон хэмээн буруутгажээ.
Түүнчлэн Курдын намын тэргүүн асан Селахаттин Демиртасыг суллах боломжгүй гэжээ. Тэрээр Турк улсад тулгараад буй асуудлуудын хамгийн ноцтой нь өдрөөс өдөрт өсөж буй инфляцийн төвшин гэдгийг онцолжээ.
69 настай Эрдоган орчин цагийн Турк улсыг байгуулсан Мустафа Кемаль Ататуркээс хойш тус улсыг хамгийн олон жил удирдаж байгаа төрийн тэргүүн болж байгаа аж.
Сонгульд ялалт байгуусных нь дараа Ерөнхийлөгч Эрдоганд хамгийн түрүүнд баяр хүргэсэн хүмүүсийн нэг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин болсон бөгөөд тэрээр "хүндэт найздаа" сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден твиттер хуудаснаа Ерөнхийлөгч Эрдогантай НАТО-гийн түнш орнуудын хувиар хоёр орны харилцаа болон олон улсад тулгараад буй асуудлууд дээр хамтран ажиллахаа тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.