ОХУ-ыг Украины хилээс цэргүүдээ татахыг шаарджээ

Twitter Print
2021 оны 12-р сар 02-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Вашингтон ОХУ-ыг Украины хилээс цэргүүдээ татахыг шаарджээ. Эс бөгөөс Вашингтон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах ба уг хориг нь өмнө нь тавьсан хоригуудаас илүү хүнд тусна гэдгийг анхааруулжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу цэргээ оруулахаар шийдсэн эсэхийг мэдэхгүй байна. Бидний мэдэж байгаагаар тэрээр богино хугацаанд шийдвэр гаргахад хангалттай хэмжээний цэргийн хүч байршуулсан байгаа." хэмээн мэдэгджээ. Энтони Блинкен Вашингтон өмнө нь ОХУ-ын эсрэг тогтоохоос зайлсхийж байсан, ОХУ-ын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх олон тооны хориг арга хэмжээг тогтоож эхэлнэ гэдгийг анхааруулжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Латвийн нийслэл Рига хотод НАТО болон Украины гадаад хэргийн сайд нартай уулзаж, Оросын 90 мянга гаруй цэрэг Украины хилийн ойролцоо байршиж байгаад Киев ямар хариу арга хэмжээ авах тухай хэлэлцжээ.

2014 онд ОХУ Крымийн хойгийг нутаг дэвсгэртээ нэгтгэсэн ба ОХУ-ыг дэмжигч салан тусгаарлагчдын хяналтанд байгаа Украины зүүн хил дээр байрлах Донбассын хяналтыг Украины талаас хүчээр авахаар бэлтгэж байна хэмээн Кремль үзэж байгаа аж. Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба, "Украин улс Донбасст цэргийн довтлох үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Энэ нь Оросын өөрсдийнх нь явуулж буй суртал ухуулга, энэ суртал ухуулгын тусламжтайгаар ОХУ өөрсдөө Украин руу довтлохоор бэлтгэж байна." хэмээн онцолжээ. ОХУ Крымийн хойгийг нутаг дэвсгэртээ нэгтгэсний дараа ОХУ гадаадын зах зээлээс зээл авах явдлаа бууруулж, валютын болон алтны нөөцөө тогтвортой хэмжээнд барьснаараа АНУ болон Европын холбооноос тавьсан хориг арга хэмжээнүүдийн нөлөөг зөөллөж чадсан юм.

Тэгвэл энэ удаад АНУ болон Европын холбоо Балтын тэнгисийн доогуур баригдсан ОХУ-ын "Северный поток-2" хий дамжуулах хоолойг ашиглан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах боломжтой болоод байгаа юм. Украин улс НАТО болон Европын холбоонд нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн нь ОХУ-ын барууны улс орнуудтай тогтоосон харилцаа хурцдах гол шалтгааны нэг болсон гэж мэргэжилтнүүд үздэг.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москва АНУ болон АНУ-ын түнш орнуудтай нухацтай ярилцаж, НАТО-гийн цэргүүд болон зэр зэвсгүүдийг ОХУ-ын нутаг дэвсгэрт ойр байршуулах явдлыг зогсоох баталгааг шаардана хэмээн мэдэгджээ. Түүнчлэн НАТО ОХУ-ын шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, пуужингуудаа Украинд байршуулвал ОХУ шинээр туршсан дуунаас хурдан зэвсгээ ашиглахад бэлэн байгаа гэдгийг Ерөнхийлөгч В. Путин онцолжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, "Нөхцөл байдал хурцдаагүй байсан бол Украин ОХУ-ын хувьд аюул заналхийлж байна гэсэн санааг тоглоом шоглоом төдий л гэж ойлгох байлаа. НАТО өөрөө хамгаалах үүрэгтэй эвсэл, бид ОХУ-д заналхийлсэн зүйл байхгүй." хэмээн мэдэгджээ. 

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг НАТО Хар тэнгист хээрийн сургуулилт хийснээрээ Москваг өдөөн хатгасан гэсэн мэдээллийг үгүйсгэжээ. Нөгөө талаас ОХУ Украинтай хиллэдэг өмнөд зүгийн нутаг дэвсгэрт байрлах ОХУ-ын цэргийн анги бүрэлдэхүүнүүд өвлийн хуваарьт хээрийн сургуулилтаа хийж байгаа хэмээн мэдэгдсэн бол Беларусийн цэргүүд Украины хилийн ойролцоо ОХУ-тай хамтарсан сургуулилт хийж байгаагаа мөн мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 14 мянган хүний амийг авч одоод буй Украины зүүн бүсэд болж буй дайныг зогсоохын тулд Москватай шууд хэлэлцээр хийх шаардлагатай байгааг онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.