
Энэтхэгийн нийслэл Делид коронавирусын цар тахалтай холбоотойгоор өнгөрсөн 3-р сарын 24-нөөс хойш үйл ажиллагаагаа зогсоосон архи, согтууруулах ундаа зардаг дэлгүүрүүд энэ даваа гарагаас эхлэн дахин ажиллаж эхэлжээ.
Үүнтэй холбоотойгоор архи, согтууруулах ундаа зардаг дэлгүүрүүдийн гадаа урт дараалал үүсч, зарим дэлгүүрүүдийн гадаа эмх замбараагүй байдал үүссэн тохиолдол ч гарчээ. Энэтхэгийн эрх баригчид энэ даваа гарагаас эхлэн зарим дэлгүүр, худалдааны төвүүд болон офисүүдийг нээх захирамж гаргасан ч эмх замбараагүй байдалд үүссэнтэй холбоотойгоор цагдаа нар архи зардаг зарим дэлгүүрүүдийг хаахад хүрсэн байна.
Архи согтууруулах ундаанд ногдуулсан онцгой албан татвар нь орлогын гол эх үүсвэрийн нэг учраас мужуудын удирдлагууд архины дэлгүүрүүдийг нээхийг шаардаж байсан юм. Гэсэн хэдий ч архины дэлгүүрүүдийн гадаа хүмүүс олноороо цуглаж, шахцалдаж байгаа бичлэгүүд нийгмийн сүлжээгээр тархсан ба иргэд дэлгүүрээр үйлчлүүлэгчид бие биенээсээ 1 м-ээс багагүй зай барих, дэлгүүр дотор нэг удаадаа дээд тал нь 5 хүн орох гэсэн хатуу журмыг зөрчиж байсан байна. Энэтхэгийн өмнө зүгт байрлах Карнатака мужид иргэд архины дэлгүүрүүдийн гадаа өглөөнөөс авахуулан урт дараалал үүсгэжээ. Дели хотын ахлах сайд Арвинд Кежривад тус хотод тогтоосон хорио цээрийн дэглэмийг сулруулах цаг болсон, Дели хот "коронавирустэй амьдарч сурсан" хэмээн мэдэгдэж байсан билээ.
Коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон хөл хорионы улмаас Энэтхэгийн эдийн засаг огцом уналтад орж, хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн сулруулах шаардлага гарсан юм. Гэсэн хэдий ч энэтхэгчүүдийн хувьд халдвараас сэргийлж бие биенээсээ зай барих журмыг дагах нь томоохон сорилт болоод байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.