Уолт Диснейд төрсөн өдрийн мэнд хүргэе

Twitter Print
2014 оны 12-р сар 05-нд 17:29 цагт
Мэдээний зураг,

Микки хулгана, Цасан цагаан, Мэри Попинс зэрэг бүтээлээрээ дэлхийд аз жаргал нэмсэн Уолт Диснейн 112 насны төрсөн өдөр өчигдөр тохиожээ.

Диснейн ертөнцийн эзэн, хүүхэлдэйн киноны эцэг гэгдэх Уолт Диснейг 1901 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр АНУ-д төрсөн гэдэг ч нотлох баримт тун ховор. Уолтыг Чикагогийн Триппавеню, 1244 дүгээр гудамжинд 1901 оны арванхоёрдугаар сарын 5-д мэндэлсэн гэх гэрчилгээг төрсөн эх Флора Дисней нь 1902 оны зургаадугаар сарын 8-д өгсөн байдаг. Гэхдээ Дисней АНУ-д бус Испанийн Мохакар хэмээх жижигхэн хотод төрсөн гэх таамаглал бий. Энэхүү таамаглалаар Дисней нь Изабель Самора хэмээх бүсгүйн хүү аж.

Изабель бүсгүй нутгийн эмч Хинес Каррильогийн үйлчлэгчээр ажиллаж байгаад 1901 онд эцэггүй хүүхэд төрүүлжээ. Хүмүүс хүүгийн эцгийг нутгийн эмч Хинес Каррильо гэж байсан ч тэрээр хууль бус хүүхдээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Хөөрхий ганц бие эх жижиг хотод амьдрахын аргагүй болсон тул Хосе Гирао Самора хүүтэйгээ АНУ-д цагаачилжээ. Гэвч Америкт амьдрал нь төдийлөн дээрдээгүй учир Изабель бүсгүй хөршийнхөө Элиас, Флора Дисней нарт хүүгээ үрчлүүлсэн байна. 1902 онд тэд Хосе хүүг өргөж аваад Уолтер Элиас Дисней хэмээн нэр хайрлажээ.

Хожим нь буюу 1940 онд АНУ-ын шүтээн болсон түүнийг Испани гаралтайг нууцлахаар Мохакар хот руу Холбооны мөрдөх товчооны ажилтнуудаа илгээж, архиваас нь Хосе Гирао Самора хүүгийн тухай бүх баримтыг хулгайлуулсан гэдэг. Өдгөө Холбооны мөрдөх товчооны архивт хадгалагдах “Диснейн хэрэг” төрийн нууцад хамаардаг аж.

Уолт хүүгийн хувьд хүүхэд нас гэж бараг байсангүй. Тэрбээр арван настайгаасаа эхлэн шөнийн гурван цагт босч, өглөөний сонинг захиалагчдад хүргэхэд ах Ройдоо тусалдаг байв. Уолт багаасаа зураг зурах дуртай байсан ч хүүгийн гэр бүл харандаа, цаас авах мөнгө байгаагүй тул дөрвөн настайгаасаа давирхай, модоор гэрийнхээ ханан дээр байшин зурдаг байж. Гурван жилийн дараа гэхэд хүү зурсан зургаа хөршүүддээ зардаг болов. Түүний зурсан зургийг 40 жилийн дараа хөршүүд нь дуудлага худалдаагаар худалдаалж багагүй ашиг олсон байна.

Уолтын эцэг зураачдыг ажилгүй хүмүүс гэж үздэг байсан учир түүнийг хатуу шийтгэдэг байв. Багаасаа зовлон үзсэн Уолт Дисней 1918 онд цэргийн албанд мордох гэсэн ч 16 настай хэмээн тэнцүүлсэнгүй. Тиймээс тэрбээр Улаан загалмайд элсэж, хилийн чанад руу гарчээ. Уолт гадаадад жилийн хугацаанд эмнэлгийн машины жолоочоор ажиллаж байгаад 1919 онд Канзаст эргэн ирж, худалдааны студийн уран сайхны даргаар ажилд оржээ. Студийн санхүүгийн даргаар түүний ах Рой ажиллаж байсан. Рой нь Уолтоос арван насаар ах ч тэд бие биеэ маш сайн ойлгодог байсан юм. Тэд мөнгөө нийлүүлж 500 доллар цуглуулаад нагац ахынхаа гараашт дэлгүүр нээв. Мөн хуучин камер худалдан авч, түүгээрээ хоёр минутын зар сурталчилгааны кино хийж эхэлжээ. Эдгээр киногоо орон нутгийн кино театруудад гаргадаг байснаа Холливудад илүү ойртохын тулд студиэ Лос Анжелес рүү нүүлгэсэн байна.

Дисней кино техникийн хөгжлийн нөлөөгөөр хүүхэлдэйн баатрууддаа дуу, хөгжим, өнгө оруулж эхлэв. Дуутай, өнгөтэй жижигхэн хэсгийг гаргахад дарга, жүжигчин, дууны оператор, кино зохиолч, хөгжмийн редактор гээд хүн хүч шаардлагатай ч Уолт, Рой нар өөрсдөө амжуулдаг байжээ.

1927 онд ах, дүү хоёрын “Освальд Азтай туулай” хүүхэлдэйн киног дэлгэцнээ гаргахыг хориглосны улмаас Уолт дахин шинэ дүр бүтээх хэрэгтэй болсон. Ийнхүү тэрбээр хөгжилтэй, эрч хүчтэй Мортимер хэмээх хулганыг бүтээж, 1928 онд “Хурдан онгоц” хэмээх хүүхэлдэйн киногоо гаргажээ. Гэвч тухайн үед дуутай уран сайхны кино гарч, тэдний зах зээлийг булаав. Харин Уолт Диснейн студи энэ үеэр АНУ-ын Засгийн газраас сургалтын кино бүтээх гэрээ хүлээн авсан нь асар их ашиг олжээ.

1928 онд ах, дүү хоёр эрч хүчтэй хулгана бүтээх санаандаа эргэн оров. Ийнхүү тэд удаан хугацааны турш ажилласны эцэст “Виллийн уурын тэрэг” хэмээх богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээв. Хөлгийн ахмад нь бяцхан хулгана бөгөөд Мортимер нэрээ сольж, Микки Маус болов.

Дашрамд дурдахад Микки Маус хэмээх нэрийг Уолтын эхнэр Лиллиан Баундс өгсөн юм. Диснейн студи дөнгөж хөл дээрээ босч байх үед Лиллиан Уолтын туслахаар ажилладаг байж. Лиллиан даргадаа дурласнаас болж Уолтод ихэнх цалингаа зээлдүүлдэг болсноор Дисней түүнд их өртэй болж, улмаар тэд гэрлэжээ. Энэ тухай Уолт “Би түүнд хэтэрхий их өртэй байсан учраас гэрлэсэн” гэж ярьдаг байв.

Уолт Дисней эхнэртээ харгис ханддаг байжээ. Тэрбээр эхнэрээ доромжилж, байнга гар хүрдэг байснаас хөөрхий гэргий нь хоёр ч удаа үр зулбасан. Сүүлд Лиллиан нэг охин төрүүлж, асрамжийн газраас бас нэг хүүхэд үрчилж авсан байдаг.

Уолт хүүхдэд хайргүй байсан. Тэгсэн хэрнээ олны өмнө үлгэр жишээ эцэг болж харагдан, 1933 онд “Parents буюу Эцэг эх” сэтгүүлээс Америкийн өсвөр үеийнхнийг хүмүүжүүлэхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнал авсан түүхтэй.

Хэдийгээр Уолт архичин, тамхичин, харгис нэгэн байсан ч үнэхээр хөдөлмөрч хүн байжээ. Диснейн ах дүү нарын студи эхний 30 жилд байнгын дампуурч байсан ч Уолт студиэ хөл дээр нь босгохын төлөө бүх зүйлээ зориулсан юм. Тэбрээр Диснейлэндийг бүтээхийн тулд байшин, мөнгө гээд байгаа бүхнээ зарсан. Тиймээс ч түүнийг Америкчуудын шүтээн хэмээн үздэг билээ. Уолт Диснейн бүтээсэн олон алдартай хүүхэлдэйн киноноос цухас дурдвал “Гурван тоорой”, “Цасангуа ба долоон одой”, “Лусын дагина” зэрэг та бидний мэдэх олон хүүхэлдэй бий.  

Уолт Дисней 1966 оны арванхоёрдугаар сарын 15-нд уушгины хорт хавдрын улмаас нас барсан юм. Тэрбээр “Миний кинонууд инээж, уйлж сураагүй хүмүүст зориулагдсан” хэмээн ярьжээ.

Уолт Дисней нас барахаасаа өмнө төлбөр төлж, хөлдөөгчинд цогцсоо хадгалуулсан гэдэг. Хэрвээ энэ баримт үнэн бол эрдэмтэд уушгины хорт хавдрыг эмчлэх бэлдмэл гаргаж авсны дараа Уолт Дисней дахин амилах боломжтой гэнэ.

      

Д. Энхнаран

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.