Хүүхдийн уншлагыг сайжруулж, номонд дуртай болгох энгийн аргууд

Twitter Print
2019 оны 09-р сар 29-нд 16:50 цагт
Мэдээний зураг,

Олон аав ээжүүд хүүхдийнхээ уншлагыг сайжруулж, номонд дуртай болгох гэж хичээл зүтгэл гаргадаг. Тэгвэл дөнгөж сургуулийн босго алхаж, эрдэм номтой нөхөрлөж байгаа хүүхдийнхээ уншлагыг хөгжүүлж, номын амтанд оруулах энгийн таван аргыг “Хүүхдийн нэвтэрхий толь”-д ингэж дурджээ.

1. Хүүхэддээ чангаар уншиж өгөөрэй

Хүүхдүүд таныг уншиж байхад тань сонсож, дараа нь өөрөө уншиж сурна. Таныг уншиж байх явцад үлгэр болон өгүүллэг хэрхэн сонсогдож байгаа, уншиж байхдаа өгүүлбэрийн утга санааг алдалгүй уншиж буй байдлыг үлгэрлэн харж сонсоно. Ихэнх хүүхдүүд чангаар уншиж өгөхөд юуны тухай өгүүлж байгааг өөрсдөө уншсанаас ч илүү ойлгодог. Та хүүхэддээ уншиж өгснөөр түүнийг номонд дуртай болгох тэмүүллийг бий болгодог.

 2. Урмаар тэтгээрэй

Хүүхдийнхээ унших гэж байгаа зүйлийг эхлээд чангаар уншаад өг. Тэгвэл хүүхэд өөрөө уншихдаа бүх зүйлийг улам лавшруулан ойлгох болно. Хүүхэд уншиж эхэлмэгц “Хүү минь (охин минь), чи маш сайн уншиж байна. Надад их таалагдаж байна” гэхчлэн урмын үгээр тэтгээрэй.

3. Хүүхэд тань танд чангаар уншиж өгөг

Энэ нь танд төвөгтэй мэт санагдаж магадгүй. Энэ аргыг сонирхолтой болгох үүднээс та эхэлж нэг өгүүлбэр уншаад, дараа нь хүүхэд тань өгүүлбэр унших маягаар ээлжил. Хамтран унших явцад хүүхэд унших аргад суралцаж байдаг. Харин хүүхэд ямар нэгэн үг ойлголгүй үлдэхгүйгээр дундаж хурдтайгаар уншиж өгөөрэй.

4. Дүр төсөөллийг бий болгож сурга

Зарим ном зураггүй байдгаас хүүхдийн дүрслэн бодоход төдийлөн нөлөөлж чаддаггүй. Насанд хүрэгчид унших явцдаа зохиолын тухай тодорхой төсөөллийг бий болгож чаддаг бөгөөд үүнийг хүүхдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Үйл явдлыг төсөөлж дүрслэн бодож сурвал хүүхдийн уран сэтгэмж хөгжих сайн талтай. Гол дүрийн баатар, үйл явдлын өрнөлийн талаар хүүхэддээ асуулт тавьж, яриулах хэрэгтэй. 

5. Үйл явдлыг урьдчилан төсөөлж сургах

Номоо уншиж өгөхийн өмнө хүүхдэдээ номын хавтасны зургийг харуулаад юуны тухай ном байж болохыг хүүхдээсээ асуугаарай.  Дараа нь номоо уншиж дуусаад үйл явдлын өрнөлийг та болон хүүхэд тань зөв, эсвэл буруу бодсон эсэх талаар эргэцүүлэн зөвлөлдөөрэй. Хэрэв та хоёрын бодож байснаас үйл явдлын өрнөл өөр байх юм бол хүүхдээсээ яагаад тэгж бодсон талаар нь асуугаарай. Энэхүү дасгал нь таны хүүхдийн хийсвэрээр сэтгэн бодох, дүрслэх чадварыг хөгжүүлнэ. Хүүхдийг номд дуртай болгох зөв арга бол өдөр бүр  хүүхэдтэйгээ ном унших явдал юм. Энэ үйл ажиллагаа нь эерэг үр дүн авчирна гэдэгт та итгэж болно.

Дээрх уншлагын хэлбэрүүдийг туршиж үзэхдээ аль болохоор цагийг сонирхолтой, хөгжилтэй, үр дүнтэй өнгөрөөхийг бодолцож хийгээрэй.

Д.Цэнд, www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.