Орчин цагийн хүжийн гал

Twitter Print
2020 оны 05-р сар 22-нд 13:37 цагт
Мэдээний зураг,

Монголын уран зохиолын хойморт дуудах нэртэй дуурьсах алдартай зохиолч Л.Бадарчийн «Хүжийн гал» гэдэг өгүүллэг байдагийг орчин үеийн хүүхэд залуус тэр болгон мэдэхгүй байх аа.

Харин миний үеийнхэн бол андахгүй мэдэх юм. Хүрээ хийдэд шавь орсон балчир хөвгүүн “Би яагаад учир утгыг мэдэхгүй төвд хэл дээр ном үзэх хэрэгтэй юм бэ? Монгол хүн чинь үндэсний монгол бичгээ сурах учиртай биш үү?” гэж бодоод хулгайгаар монгол бичиг сурч эхлэсэн нь лам багшийнхаа хориг саадтай тулгардаг. Тэгээд сартай шөнө сэтгэл зүрхээ өгсөн монгол бичгээрээ «Цаасан шувуу» тэргүүтэн эртний сонгомол зохиолуудыг шимтэн уншихын сацуу саргүй шөнө их л уйтгарлан гансардаг болсон тухай уг зохиолд гардагийг уншсан хүмүүс санаж байгаа буй за. Эцэс сүүлдээ саргүй шөнө ном унших нэг сайн арга олсон нь гарын дор элбэг тааралдах хүжийн галыг хэрэглэх сэдэл болой. Тэгээд хүжийн галд номоо уншаад сэтгэлийн баясал эдлэн сууж байсан нэгэн шөнө багш нь түүний тархин дундуур ташуураар татаж аваад хөөрхий бяцхан амийг нөгөө ертөнцөд илгээчихсэн тухай өгүүлэмжтэй зохиол юм.

Өчигдөр шөнө надад тохиолдсон нэг хэрэг явдал өөрийн эрхгүй хүжийн гал өгүүллэгийг санагдуулсан тул энэ бичлэгийг «Орчин цагийн хүжийн гал» гэж нэрлэхээр шийдлээ. Энэ тухай дэлгэрэнгүй өгүүлсү.

Би энэ долоо хоногийн эхээр цагаан толгойн шинэ сургалтаа эхлүүлсэн бөгөөд түүнд хөдөө орон нутгаас нэг бүсгүй мөнөөх л алдартай «Хөнгөн хэлбэрийн аутизм» гэж оношлогдсон 10 настай хүүгээ сургаж болох уу гэж асуусан юм. Хүүг шалгаад үзтэл бас л ямар ч өө сэвгүй эрүүл саруул хүүхэд ажээ. Тэгээд сургах цаг дээрээ тулсан чинь ээж нь гүүгл хангаутсад орж чаддаггүй. Таньж мэддэг хүнээр заалгаад ор гэсэн ашгүй ороод ирлээ. Хичээл заах болтол дэлгэцтэйгээ харьцаад микрофоноо унтрааж чаддаггүй.

«Залуу хүн байж арай ч дээ. Ийм байдалтай байвал онлайн сургалт үр дүнтэй явагдах аргагүй шүү.» гээд сануулга өгтөл “Уучлаарай! Багш минь! Миний түмэн буруу!” гээд гэм хийчихсэн хүүхэд шиг аашлахыг харсан хүрэл зүрх ч хайлахгүй байхын аргагүй. “Тэгвэл хичээлийн явцад битгий дуу чимээ гаргаарай. Хүү чинь зүгээр хараад сонсогч байдалтай суугаад байж болно.” гээд хичээлээ эхлэсэн юм. Уржигдар хичээл дуусахын алдад би нөгөө айхтар «Хүнд оноштой» хүүг үлдээгээд ганцаарчлан заая гэж шийдлээ. Гэтэл яг тэр агшинд дүрс гацаад ажилладаггүй. Харин дуу хэвийн сонсогдоод байх юм. Янзлачих санаатай ухнатаж байтал гэнэт цаанаас «Хүүе! Пи... минь! Наад компьютер шүү пи....гаа олигтой ажиллуулаач ээ!....» гээд энд бичих нь байтугай сонсоод ухаан санаа балартмаар хараал зүхэл урсаж эхлэв. Би үнэндээ бараг гучин секунд орчим яах ийх байтугай барьсан тавьсанаа мэдэхээ больсоныг нуух юун.

Хөөрхий муу эхнэр нь амьхандаа хориглоод байгаа чимээ сонсогдож байв. «Гурав дөрвөн жил сурчихаад гучин таван үсгээ сурч чадахгүй байгаа энэ пи... бид хоёрын хагас сард уншиж сурна гэж юу байсан юм бэ?» гэх үг чихний хэнгэрэг байтугай зүрхний дэлбэнг оносон байх аа. Би тэр аавын хэлдэгээр «Багш шүү амьтан» юм бол энэ сайхан эрүүл саруул хүүг уншуулж сургаад оюун санааны харанхуй орчингоос гаргачих юмсан гэдэг зурвас бодол төрөхөд өөрийн эрхгүй сэхээ орж байдаг шүү.

Би өдий хүртэл бусдад эрдэм боловсрол заахдаа юу эсийг үзсэн байх билээ. «Хойд урдын» асуудал байдаг байх даа гэсэн шүү юм бодогдож байсаан. Гэтэл төрсөн эцэг нь ажээ. Хүү найман нас хүртлээ хэлд олигтой орохгүй байсан тулд хөөрхий муу ээж нь ардаа үүрч амандаа зуух нь холгүй эх нялхас, Шархад гэж явсаар эцэс сүүлд нь манай нэр хүндтэй нэгэн сургуулийн харьяа аутизм оношлогооны төвд хандаж тийм онош дуулаад нутаг буцсан. Эцсийн найдлага гээд танд хандаж байна хэмээн хэлж байсан л даа.

Өчигдөрийн хичээл дээр нөгөө эмэгтэй бас л микрофоноо унтрааж чадсангүй. Ашгүй нөгөө айхтар пи..... хараал урссангүй. Харин зурагтын дуу хангинаад байх нь онлайн хичээлд онцгой харш гэдгийг та бүхэн ойлгох буй за. Би байдлыг ерөнхийд нь гадарласан тул зурагтаа унтраагаарай гэж хэлчихээд хичээлээ заагаад л байлаа. Нэмэр байдаггүй дээ. Гэхдээ пи...гийн дэргэд бол бараг л том шагнал шахуу санагдана.

Хичээл дуусахын алдад хүүхдүүдийг нэг нэгээр нь уншуулж байтал хажуугаас «Зөөлөн шивнээ» хоолойгоор хэн нэгэн ямар ч алдаа мадаггүй зэрэгцээд уншаад эхлэлээ шүү. Хэн байсныг уншигч олон шууд тааж байгаа байх аа. Би нөгөө уншуулж байгаа шавийнхаа дуу хоолой, хатуу эцгийн хахир зангийн илрэл бололтой зурагтын чанга чимээг ч ор тас мартаж орхиод орчлонд ганцхан тэр л зөөлөн шивнээ байдаг мэт дуусан дуустал чих тавин шимтэн сонсож билээ. «Хүжийн гал» өгүүллэгийн нэр сэтгэлд ургахын сацуу хүүгийн шивнээ болгоны тоогоор удтал холдоод байсан нулимс өөрийн мэдэлгүй под под хийтэл дуслахыг ч анзаарах сөхөө байсангүй.

Хүүхдийн хувь тавиланг төөрүүлсэн тийм бизнес хийгээд байдаг сургуулийг ойлгоход төвөгтэй л юм. Иймэрхүү байгууллагуудын тавьсан буруу зөрүү оношны харгайгаар гэр бүлд үл ойлголцол үүсэж улмаар эрүүл саруул хүүхэд гадуурхагдан хоцорч байгаагийн гашуун жишээ ганц энэ байгаасай даа.

Арслан барс хичнээн өлссөн ч алаг үрээ барьж иддэггүй бус уу? Хичнээн адсага шиг ааштай байлаа гээд хөөрхөн алаг үрдээ тийм хатуу хахир ханддаг эцэг байна гэхээр амьдрал үнэхээр олон талтай юм даа.

Багшийгаа пи...гаар дуудуулахгүй гэж хайрласан уу? Эсвэл ангийнхан дундаа аавынхаа муухай аашийг дэлгэхгүй гэж ичсэн үү? Ямар ч сэдэлтэй байсан шивэгнэн уншаад сэтгэлийн утас хөндөж байгаа тэр хүү ухаантай сайн хүн болно оо.

Би ээжид нь дараа микрофоноо унтрааж бай гээд бичтэл «Би гадуур мал ахуй гэж хөөцөлдөөд явж байтал тийм асуудал болсон байна. Хүү маань хааяа заримдаа дуу шуугүй мэгшин уйлж байхыг хараад миний сэтгэл маш их шимширдэг» хэмээн хариу бичсэнийг хараад бас л гол дээр нэг том хар юм горойж орхив.

Хүүхэд оройтож хэлд орох явдал ганц муу нэртэй луу данстай зурагт гар утастай хамаатай хэрэг биш гэр бүлийн сөрөг муу харилцаанаас үүдэж болохыг энэ жишээ цөөнгүй уншигчдад ойлгуулж байгаа байх аа.

Би яадаг ч байсан энэ хүүг дахин давтан суулгасаар уншуулж сургаад номын гэгээтэй учруулах болно гэдгээ багш хүний хувьд амлаж байна. Санаа цайлган ээждээ сайхан түшиг тулгуур болсон залуу болно гэдэгт ч эргэлзэх хэрэг юун.

Өөрт тохиолдсон энэ явдлыг нэлээд товчхон олон түмэндээ хүргэж байгааг ойлгоно буй за.

Д.Болдбаатар

"Гэгээ" боловсролын төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.