Хүчирхийлэл хөгширдөггүй...

Twitter Print
2020 оны 09-р сар 23-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Саяхны нэг өдөр банкны үүдэнд 70 гарсан болов уу гэмээр хоёр хөгшинтэй таарсан юм. Хүнд шилэн хаалгыг онгойлгож ядах эмгэндээ өвгөн нь тусалж, хэрэндээ бяр заан бариулаас татаад, тэгнэн зогсоод орохыг нь хүлээв.

Тэр хоёрын хөөрхөн харагдсан гэж. Харин яг зөрөөд өнгөрөх үед өвгөн " Хаанбанкинд байгаа гэж би анхнаасаа хэлээ биз дээ, п...минь гэж эмгэнээ хачин хахир хоолойгоор, хамгийн муухай үгсээр зандардаг юм даа. Хөөрхий эмгэн буруудсанаа ойлгоод таг дуугүй өвгөнөө даган толгой гудайн алхав. Ямар их өрөвдөв өө. Хүчирхийлэл хөгширдөггүй гэдгийг ганцхан хоромд ойлгоод би бараг л бүдрээд уначихаагүй.

Тэд хэдэн хүүхэдтэй бол, хүүхдүүд нь бас л ханиа ингэж харааж, ийм хатуу муухайгаар зандардаг байх даа, ач зээ нь ч бас яг ингэж өсч байгаа...энэ зэвүүн бодол надад хэсэгтээ л уяатай өнжиж, эмгэний гөлөлзсөн хулчгар дорой харц үе үе харагдаад, банк андуурсныхаа төлөө тийм муухай үгсийг ийм сайхан насандаа сонсох л ёстой юм байх даа гэх харуусал сэтгэлд тороод үлджээ. Хойд эцгийнхээ гарт үрэгдсэн хоёр настай хүү, халуун паарнаас хүлээтэй хоносон таван настан, зодуураас болж 11 удаа мэс засалд орсон хүү, өөрөө өөртөө түргэн тусламж дуудсан боловч эмнэлгийн тусламж авч чадаагүй есөн настай охин... бид гурав хоног шуугиад л мартсан.

Тэгвэл одоо мартмааргүй байна. Он гарсаар гэр бүлийн хүчирхийлэлд 189 хүүхэд өртсөн. Тэдний 90 хувь нь охид, 10 хувь нь хөвгүүд. 2020 онд энэ төрлийн гэмт хэрэг өмнөх үеийнхээс 30 хувь өссөн...ийм хэрэг дэгдэх тоолонд хүмүүс хэн нэгнийг буруутгадаг. Аав, ээж, хойд эцэг, хойд эх, архи, хар тамхи...тэгээд өөр өөрийнхөөрөө ял өгдөг. Цаазаар ав, тайган болго, насаар нь хорь...Тэглээ гээд бид хүчирхийллээс салахгүй. Ажилгүйдэл, ядуурлаас эхтэй сэтгэл гутрал, архидалт, боловсролын салбарын дампуурал, хүний эрхийн тухай дулимаг мэдлэг... хүнд хүчир ажил хийж аав ээжийнхээ архины мөнгийг олж, амьдралаа залгуулдаг хүүхэд олон бий. Хэдэн үеийнхнийг хамарсан хэтэрхий хүндэрч доройтсон нөхцөл байдал...хүчирхийлэл нүүрлэсэн гэр бүлээс хүчирхийлэлд автсан гэр бүл салаалж, зодуулж өссөн хүү зоддог аав болж, хараал урсгаж, харайж цамнадаг ээжийгээ дуурайсан хатуу охид өсч...жаалхан үрс жаргал үзэлгүй амьдралаас буцаж, зодуурын шарх эдгэсэн ч зовлонт зүрхэнд нь сорви болон таталдаж...өнөөдөр өөрөө зодуулж, маргааш хэн нэгэн рүү гар далайж...энэ төгсөшгүй цувралыг яг одоо л өөрчлөх хэрэгтэй.

Шуудхан хэлэхэд өнөөдөр зодуулж буй хүүхэд маргаашийн хүчирхийлэгч. Тиймээс төрсний гэрчилгээтэй иргэнээ төр нь мэдээд авдаг байя. Ээж аав байж чадахгүй хүмүүсийн эрхийг хасдаг байя. Тэгээд бүгд нүдээ нээж, нүглийн хажуугаар дуугүй өнгөрдөгөө больж, хүчирхийлэлд хүлээтэй байгаа иргэддээ, инээхээсээ уйлах нь олон болсон хүүхдүүддээ зориг өгье, зорьж очоод авъя. Түшээд авах төртэй, тулаад өсгөх түмэнтэй, гэрээсээ хөөгдөхөд очих газартай болгоё, хайраар дутахад нь халамжлах төвтэй угтая. Хүүхдүүдтэй минь нэгэн үед ажиллаж амьдрах хойч үеийнхнийг архичид өсгөх эрхгүй. Нударга зангидаж шүдээ зуусан хүчирхийлэгчид Монголын ирээдүйг хүмүүжүүлэх эрхгүй. Тэдний аав ээж байх эрхийг хасч, эрсдэлтэй нөхцөлд амь нас эрүүл мэнд нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа бяцхан иргэдээ авах Хүүхэд хамгааллын төв байгуулмаар байна.

Тэгээд амьдрах сурах таатай орчин, санхүүгийн боломж бүрдүүлэх хүртэл хүүхдийг нь өгөхгүй. Энэ тухай зүйл заалтыг Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж, холбогдох төсөв, бүтээн байгуулалт, орчин, ажиллах хүчний асуудлыг цогцоор нь шийдэж чадсан УИХ-ын гишүүнийг, Засгийн газрыг шүтэж амьдаръя. Эс тэгвээс ирээдүй бидний үр хүүхдийн өмнөөс гар далайн, нударга зангидаж байна. Нэг л өдөр тэд хаалгаар чинь хүргэн, үүдээр чинь бэр болоод ороод ирнэ гэдгийг сана.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.