Эрт унтвал өөх шатаж жин хасна

Twitter Print
2019 оны 11-р сар 14-нд 20:00 цагт
Мэдээний зураг,

Хоногийн биохэмнэл ба амьдралын хэмнэл.

Хүний биеийн физиологи гараг эрхэсийн хэмнэлээр зохицуулагдан дотоод тэнцвэрээ хадгалдаг. Үүнийг физиологид хоногийн биохэмнэл буюу “циркадиан ритм” хэмээн нэрийддэг.

2017 оны Физиологи, Анагаах ухааны салбарын Нобелийн шагналийг Америкийн эрдэмтэн Жеффри Холл, Майкл Росбэш, Майкл Янг нар хамтран хүртжээ. Эдгээр эрдэмтэд хоногийн хэмнэлд биологийн дотоод цаг хэрхэн ажилладгийг молекул биологийн түвшний механизмыг тайлж чадсанаараа Нобелийн шагнал хүртсэн юм. Энэ нээлт нь хоногийн хэмнэл дэхь биеийн дулаан, артерийн даралт, нойрны хэмнэл, ааш зан, дааврын зохицуулга, хоолны дуршил гэх мэт физиологийн механизмыг бүрэн тайлахад түлхэц болж байгаа юм.

Хүний биеийн дулаан эрчим үүрийн 04 - 05 цагт хамгийн доод цэгтээ буусан байдаг ба харин оройн 18 - 19 цагийн үед биеийн дулаан эрчим дээд хэмжээндээ хүрсэн байдаг. Энэ хоногийн хэмнэлийг клиник жишээ дээр тайлбарлавал хүнд өвчтэй хүмүүс нас барах нь ихэвчлэн биеийн дулаан эрчим хамгийн доод хэмнэлд байх үүр шөнийн заагаар тохиолддог. Артерийн даралтын хувьд өглөө 07 цагийн орчимд хэвийн хэмжээнээс бага байх мөртлөө орой 19 цагийн үед хэвийн хэмжээнээс ихэссэн байдаг. Энэ нь энгийн хүнд илэрч байдаг хоногийн хэмнэл хамааралтай эрүүл физиологийн өөрчлөлт юм. Эдгээр өөрчлөлтүүд нь байгалийн гэрлийн мэдрэмжээр зохицуулагддаг мелатонин, кортизол даавартай мөн холбогддог. Энэ хоёр даавар нь эсрэг хамааралтай. Тархины боргоцой булчирхайгаас ялгарах нойрыг зохицуулдаг мелатонин даавар нь оройн 21 цагаас эхэлж ялгарч эхэлдэг ба 22 цаг гэхэд хүн унтаж амрах үед ялгарал нь улам нэмэгддэг байна. Энэ даавар нь бие махбодийн өсөлт хөгжилтөд нөлөөлдөг соматотропин дааврын ялгарлыг идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл 22 цаг гэхэд унтаж амрарснаар өдрийн стресс ачааллын кортизол дааврын хэмжээг бууруулах, өсөлтийн дааврын нөлөөгөөр хүүхдүүд өндөр болох, булчингийн хөгжил нэмэгдэх, илүүдэл өөх шатах зэрэг эерэг үр нөлөөтэй.

Цахим Эмч-н зураг.

Харин өглөө 09-10 цагийн үед тестостерон дааврын ялгарал ихэсдэг тул энэ цагт булчинд ачаалал өгсөн дасгал хийх нь булчингийн хөгжихөд илүү хурдтай байх болно. Илүүдэл жингээ хасах гэж байгаа хүмүүсийн хувьд оройн 22 цаг гэхэд унтаж өглөө эртлэн босож дасгал хийх нь илүү үр дүнтэй байх болно.

Эх сурвалж: Цахим Эмч

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.