
ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр энэ сарын 16-наас хойш Украины нийт 959 цэрэг оросуудад бууж өгчээ. Бууж өгсөн цэргүүдээс хүнд шархадсан 51 цэргийг Оросын дэмжигч Украины салан тусгаарлагчдын хяналтанд байгаа Новоазовск хотын эмнэлэгт хүргэсэн байна.
ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн өнгөрсөн лхагва гарагт мэдээлснээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа цэргүүдээс бусад цэргүүдийг Украины салан тусгаарлагчдын хяналтанд байгаа Оленивка хотын хуучин хорих төвд байрлуулсан байна.
Оросын Мөрдөн байцаах газар бууж өгсөн Украины цэргүүдээс байцаалт авахаа мэдэгдсэн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Азовсталь гангийн үйлдвэрээс Украины дайчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байгааг мэдэгдсэн бол Эмнэсти Интернэшнл байгууллага бууж өгсөн цэргүүдэд хууль ёсны дагуу хандаж, цэргүүдийг Олон Улсын Улаан загалмайн нийгэмлэгээс тусламж авах боломжоор хангах ёстой гэжээ.
Бүгд Найрамдах Донецк Ард улсын тэргүүн Денис Пушилин Азовсталь үйлдвэрт хорогдож буй Украины зэвсэгт хүчний командлагчид одоог хүртэл гарч ирээгүй байгааг онцолсон байна.
ОХУ-ын талаас бууж өгсөн Украины цэргүүдийн асуудлыг хэрхэн шийдэхээс шалтгаалж, талууд энхийн гэрээ байгуулах эсэх нь шийдэгдэх юм. Энхийн гэрээ одоог хүртэл хийгдээгүй байгаа явдалд талууд бие биенийгээ буруутгасаар байгаа юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Украины тал хэлэлцээрээ үргэлжлүүлэх ямар ч сонирхолгүй байна хэмээн мэдэгдсэн бол Украины тал энхийн хэлэлцээр хийх асуудал түр зогссон хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.