Ш.Түвшинтөгс: Тамхи татахад уушгинаас илүү элэг, ходоод хорддог

Twitter Print
2020 оны 11-р сар 18-нд 16:34 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын дунд элэгний өвчлөл их байдаг. Иймээс элгээ хамгаалах энгийн аргын талаар “Шагдарсүрэн” эмнэлгийн их эмч Ш.Түвшинтөгс эмчийн ярилцлагыг бүрэн эхээр нь орууллаа.

-Манайхны дунд элэгний өвчлөл хамгийн их байдаг. Элгээ цэвэрлэх ямар энгийн арга байдаг вэ?

-Маш товчхоноор хэлэхэд элгийг цэвэрхэн байлгах ганц арга бий. Энэ нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.

-Яаж шалтгаалах вэ?

-Хувь өөрөө зөв бодолтой, амьдралын зөв хэв маягтай, эрүүл хооллобол элэг нь эрүүл байна шүү дээ. Гэтэл манайхан өөх тос ихтэй хоол иднэ, дээрээс нь архи дарс ууна. Бас бохирдол ихтэй агаараар амьсгалж байна. Ингэхээр элэг хордоно шүү дээ. Элэг гэдэг эрхтэн хүний сөрөг бодол, идсэн хоол, амьсгалсан агаар гээд бүхнийг шүүж байдаг. Элгэнд холбогдохгүй юм гэж байхгүй.

-Тухайлбал яаж холбогдох вэ?

-Элэг амардаггүй эрхтэн. Хүн унтах үед элэг, зүрх хоёр амардаггүй. Энэ хоёр эрхтэн 24 цагийн турш бидний төлөө тасралтгүй ажилладаг. Бидний идсэн болох болохгүй хоол, авто машины болон нүүрсний утаа гээд хүний орчин дахь бүхий л хорыг, бас хэн нэгэнд гомдсон юм уу бухимдсан тэр болгоныг цэвэрлэж байдаг.

-Тэгээд яаж элгээ хамгаалах вэ?

-Хүн 21, 22 цаг гээд биологийн цагтаа унтаад өглөө эрт босох хэрэгтэй. Эрт босох олон ач холбогдолтой. Юуны өмнө бүхнийг эергээр төлөвлөж чадна. Гэтэл манайхан шөнө 1, 2 цаг гэж унтаад л өглөө цагийг нь тулгаж босч, дутуу цайлаад ажил, сургууль руугаа санд мэнд гүйдэг. Мөн энэ муухай утааны хажуугаар тамхи татна. Орой ажлаа тараад стрессээ тайлах гэж архи дарс хэтрүүлж хэрэглэн элгээ сүйтгээд байна. Япон, солонгосууд адилхан л орой ууж иддэг. Гэлээ гээд элэг нь манайхных шиг амархан мууддаггүй.

Учир нь хүний элгэнд архины хорыг шүүдэг Пи-53 гэж уураг байдаг. Харин монгол хүний элэг энэ уургийг их бага ялгаруулдаг. Насанд хүрсэн монгол хүний нэг удаагийн архины хэрэглээ 50 грамм спирт. Үүнийг 12-14 цаг тасралтгүй ажиллаж байж бүрэн хоргүйжүүлнэ. Тэгэхэд манайхан 200-300 граммаар нь уудаг. Дээрээс нь 5-6 шилээр нь шар айраг хэрэглэнэ. Тэр хорыг нь хоргүйжүүлэх гэж элэг өчнөөн өдөр ажиллахад хүрдэг. Уг нь шар айрагны нэг удаагийн стандарт хэмжээ 230 мл. Хариад унтахаасаа өмнө баахан идчихээд зурагтын удирдлагаа бариад хэвтчихдэг нь элгэндээ хэт ачаалал өгч ядраадаг.

-Ингэхэд ямар хүнс хэрэглэвэл элгэнд тустай бол?

-Манай монголчуудыг буруу хооллодог, муу хооллолттой гэж зарим хүн хэлдэг л юм. Харин миний бодлоор монголчууд зөв хооллолтын агуу уламжлалтай ард түмэн. Орчин цагт хөдөө орон нутгийнхан болон хот суурин газрынхны амьдралын орчин ялгаатай тул хооллолт эрс өөр байх ёстой.

Ялангуяа суурин газрынхан өвөл зунгүй мах идээд, хөдөлгөөн багатай байж болохгүй. Амархан шингэх хөнгөн хоол идэх учиртай. Хүнд хоол идсэн бол заавал шингээж байж унтах ёстой. Эх орны хөрсөнд ургасан жимс, ногоог ахиухан хэрэглэмээр байна. Түргэн хоол, бэлэн гоймон, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, өнгө будаг орсон шүүсүүд элгэнд тааруухан шүү. Ингэхэд элгэнд буцалсан ус хамгийн сайн. Хоолноос гадна элгэнд агаарын бохирдол муугаар нөлөөлж байна.

-Агаарын бохирдол элгийг яаж муутгадаг юм бэ?

-Агаарын бохирдлыг уушги цэвэрлэдэг гээд байгаа. Үнэндээ тийм биш. Тамхи татлаа гэхэд уушгинаас илүү элэг, ходоод хорддог. Долоо, найман жилийн өмнө 50, 60 гарсан хүмүүс л хавдар болоод ирдэг байлаа. Харин одоо 40 хэдтэй хүмүүс хавдартай гээд ирэх болж. Элэгний хавдар, циррозын өвчлөл залуужиж байгаа нь улам олон хүн өвдөж байна гэсэн үг. Анзаарахад монгол хүний дундаж наслалт 50 хэд л болчихож. Эр, эмгүй 50 гараад л бурхан болоод байна шүү дээ. Монгол хүний элэг мөн В, С вирус, эмийг замбараагүй хэрэглэж буйгаас болоод гэмтэх боллоо. Ямар ч эм уусан хорыг нь элэг шүүдэг. Даралт, зүрхний эм зэргийг удаан хугацаанд уухдаа элгээ давхар хамгаалмаар байна. Ядаж л Лив-52 давхар хэрэглэж болно. Элгээ зөнд нь хаяж огт болохгүй.

-Элгээ тодорхой давтамжтайгаар угааж цэвэрлэнэ гэхийн оронд зөв амьдрах дадалтай болох нь чухал юм байна, тийм үү?

-Элгийг угааж цэвэрлэнэ гэх юм. Энэ буруу хэллэг. Үүний оронд элгийг хоргүйжүүлнэ гэвэл хэллэгийн хувьд зөв. Элгийг хоргүйжүүлэх гарын доорх хамгийн энгийн бүтээгдэхүүн бол хүрэн манжин, улаан лууван. Шүүсийг нь ууж болно. Хүрэн манжинг жигнэх юм уу, чанаж шүүсийг нь гаргаад бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэртэй хольж ууж болох юм.

Эрүүл амьдрахад шаардлагатай юмс бидний хажууд л байгаад байна. Манайхан л анзаарахгүй байгаа болохоос. Эрүүл амьдрах гэж гадны өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг заавал авч хэрэглэх шаардлагагүй. Үүний оронд хүрэн манжин 2000-3000 төгрөг гээд гадуур зөндөө байна шүү дээ.

ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮС ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ

Хүрэн манжингаа эхлээд сайн цэвэрлээрэй. Цэвэрлэсэн манжингаа 10-15 минут жигнэнэ. Учир нь жигнэсэн манжинд уураг шингээхэд сайнаар нөлөөлөх бодис агуулагддаг. Жигнэж бэлэн болгосон манжингаа шахаж шүүсийг авна. Энэ шүүсийг байнга ууж хэрэглэх нь элгийг хоргүйжүүлэх тустай. Шүүсийг дангаар нь ууж дасталаа бага зэргийн лимон, эсвэл элсэн чихэр нэмж хэрэглэж болно. Манжингийн шүүсийг ялангуяа өвөл, хаврын улиралд хэрэглэвэл илүү тустай.

УЛААН ЛУУВАНГИЙН ШҮҮС ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ

Хүнсний ногооны сойзоор сайтар үрж, зориулалтын жимс угаадаг шингэнээр угаана. Үүний дараа сайтар зайлна. Ингэж цэвэрлэсэн луувангаа шүүс шахагчдаа тааруулан хэрчинэ. Шахаж гаргасан шүүсийг дангаар нь ууж дасталаа усаар бага зэрэг шингэлж ууж болно. Нарны гэрэл, дулаан, хүйтэн зэрэг нь луувангийн тэжээллэг бодисуудыг устгадаг. Иймд шүүсээ тэр дор нь уувал маш сайн.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.