Ичих булчирхайгүй орчин үеийн галзуурал

Twitter Print
2022 оны 11-р сар 20-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ОРЧИН ҮЕИЙН ГАЛЗУУРАЛ

Гурван сая хүн бүгд бие биеийгээ өөрчлөх гэж оролдсон, буруутгасан, хүн бүхэн бусдад зааж зурсан, өршөөл энэрэлгүйгээр шүүмжилсэн, доог тохуу хийсэн, муулсан нийгмийг та төсөөлөөд үз дээ. Таныг гурван сая хүн бүгд нэгэн зэрэг өөлж, гоочилж, элдвээр хэлж, гүтгэж, шүүмжилнэ гэвэл ямар сонсогдож байна вэ? Манай нийгэм одоогоор яг л ийм байна.

Хамгийн гол нь хэн ч өөрийгөө өөрчлөхийг хүсэхгүй, “зөвхөн өөрөө төгс” учраас бусдыг бүгдийг нь өөрчлөх гэж зүтгэдэг. Хэн нь ч бусдыг сонсдоггүй, зөвхөн өөрөө л хашгирч стрессээ багасгах сонирхолтой.

Өөрийгөө “бүхнийг хамгаас илүү мэддэг” гэж ойлгодог их мэдэгчид, зөвхөн өөрийгөө “төгс төгөлдрийн туйл” гэж боддог хүмүүс ийм л ааш зан гаргадаг. Тэд хамгийн түрүүнд, хамгийн хурцаар юм бүхнийг шүүмжилдэг.

Өөрийн толгой дээрх 12 салаа эврийг олж харалгүй бусдын толгой дээрх хуруун чинээ эврийг хуруугаараа чичлэн хашгирагчид өөрсдөө огтоос төгс төгөлдөр биш.

Тэд бол өөрсдийгөө “бүхнийг чадагч” гэж ихчлэн сэтгэгчид, хар амиа хоохойлогчид бөгөөд наад захын ойлголтгүй, мэдрэмжгүй учир ингэдэг. Хамгийн гол нь өөрсдөө үүнийгээ ч ялгаж ойлгох чадваргүй. Доорх нийтлэг жишээнүүд танд танил санагдана.

БУСДЫН ХУВИЙН АМЬДРАЛ, ЦАГ ХУГАЦАА, БОЛОМЖ, ЭД ХӨРӨНГӨ БОЛ "МИНИЙХ" ГЭЖ ОЙЛГОДОГ.

Танихгүй шахуу хүн рүүгээ утсаар залгаад ичгүүр сонжуургүйгээр яг хаана байгаа, юу хийж байгааг нь асууж шалгаана. Бусдын хувийн амьдралыг ичиж зовохгүйгээр асууж шалгааж, доог тохуу хийж, түүнийгээ хов жив, ид бах болгон ярьцгаадаг.

“Надад энэ ажлыг хийгээд өгчих, чамд бол юухан байх вэ, ганцхан удаа шүү дээ” гэнэ. Ганцхан удаа нь хэзээ ч дуусахгүй, мөнхөд үргэлжилнэ. Өөрөө бэлхэн интернетээр хайгаад авчих мэдээллийг заавал хэн нэгнээр бэлдүүлж, хэвлүүлж, заалгаж авах, аягүй бол танилаар нь утасдуулж, яриулж “арын хаалга”-дах гэнэ. Зөвөлгөө, мэдлэг мэдээлэл, оюуны өмчийг үнэгүй гэж ойлгоно. Бусдын насаараа олж авсан мэдлэг, чадварыг хэзээ ч үнэлэхгүй.

Хамт ажилласан хүмүүстээ өөрийн ачааг үүрүүлэх гэж оролдоно. Нөгөө хүнийг ч бас жаахан хүүхдүүд нь гэртээ хүлээж байгаа, амрах, өөр олон ажлаа амжуулах хэрэгтэйг, дахиад хэзээ ч олдохгүй үнэтэй цаг хугацаагаа гэр бүлдээ биш, өөрт нь зориулж байгааг ойлгох, баярлалаа гээд хэлчих чадваргүй.

“За юун сүртэй юм. Машинаа зээлчих”, “Надад яг хэрэг болоод байна, хэдхэн сая төгрөг өгчих”, “юун харамч юм бэ ганц удаа ...-ийг чинь хэрэглээд өгчихье”. Тусалсан хүний тусыг тус дэм гэж ойлгодог бол талархахсан. Харамсалтай нь тэгэх ёстой юм шиг л аашилж, дараа нь эргээд туслах, эсвэл баярлалаа гэж хэлэх тухай хэзээ ч боддоггүй. Энэ тухай гадны элчин сайд, дипломат албаныхан харамсангуйгаар өгүүлэх нь бий.

БУСДЫН ХЭРЭГТ ХАМРАА ДҮРЖ, ХАМАА НАМААГҮЙ ЗӨВЛӨХ, ЗААЖ СУРГАХ ГЭЖ ОРОЛДДОГ.

Насаараа ном бичсэн профессорын номыг энэ яваа насандаа ганц ч өгүүлэл бичиж үзээгүй, аятайхан ганц өгүүлбэр бичих чадваргүй хүн өөрөө ч ойлголгүй баахан муулж, зааж сургах гэж оролдоод дараа нь “Би чамд хэлээ биз дээ” гэх ч энүүхэнд.

Дөнгөж 18 настай “нусан буу” их сургуулийн лекцийн танхим дүүрэн багш нартаа гэр бүлийн тухай бүтэн цаг хагас лекц уншсан түүх ч бий. Багш нар нь өмнөөс нь ичих бил үү, хэцүү дээ, хэцүү.

Аав ээжүүд хүүхдээ том болсон хойно ч гэр бүлийн жижиг асуудалд нь өдөр бүр хутгалдах нь нийтлэг үзэгдэл ажээ. Үүнээс болоод салсан гэр бүлүүд олон.

Барилга барьж огт үзээгүй хүн насаараа барилгын даамлаар ажилласан хүнд лекц уншсан тохиолдол бий. Хоолны салбарт нэг өдөр ажиллаагүй хүн зовлон жаргалыг нь төсөөлөх ч үгүй байж, мэдэмхийрч заахыг харж л байсан. Анагаах ухааны наад захын ойлголтгүй хүн олон нийтэд мацаг барьж эрүүлжих тухай номлох юм.

Эдийн засгийн анхан шатны ойлголтгүй улс төрч гэж өөрийгөө нэрлэгчид улсын эдийн засгийг сэргээн босгох аргыг бусдад зааж мэдэмхийрэхийг ойлгоход хэцүү.

Таван үг алдаагүй зөв бичиж чадахгүй байж, бүхнийг ихэд мэдэмхийрэн цэцэрхэх нь хэвийн үзэгдэл болжээ.

ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ СОНЖИЖ, ХАЙР НАЙРГҮЙ ШҮҮМЖИЛЖ, ЧИЧИЛЖ БАЙГААГАА ТУСАЛЖ БАЙНА ГЭЖ ЭНДҮҮРДЭГ.

Өвчтэй ээжийгээ асрахын тулд хүнд ажил хийж, мэргэжил эзэмшиж чадаагүй залууг боловсролгүй, тэнэгээр нь дуудна.

Нөхөргүй, явдалтай гэж доромжлуулсан эмэгтэй арван тавхан насандаа хүчирхийлэлд өртөж, хүүхэд олсон ч хүүхдээ өсгөхийн тулд насаараа ганцаар зүтгэсэн, гомдоллоогүйг хэн ч мэдэхгүй.

Ядуу, арчаагүйгээр нь дуудаж шүүмжлэхдээ арван хүүхдээ тэжээж өсгөх гэж насаараа цаг наргүй ажилласан гэдгийг нь мэдээгүй л байдаг.

Хэдэн мянган хүн цалинжуулж, шударгаар ажиллаад өрөндөө баригдсан компанийн захирлыг овсгоогүйгээр нь дуудна.

Ганц удаа ч атугай бараа борлуулж үзээгүй хүн худалдаа хийгээд хөл дээрээ тогтчихсон, 1000 хүн цалинжуулдаг компанийн ажлыг шүүмжилдэг.

Шударгаар ажилласан хүнийг “тэнэг” гэж доромжилж байгаа нь авилгачид л байдаг.

Төрийн албан хаагчид бага цалингаар өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажилладгийг нь мэдэхгүй байж цөөн хүний жишгээр нийтэд нь “юу ч хийхгүй, цалин аваад зүгээр суудаг” гэж чичлэх нь бий.

Цар тахлын голомтод 36 цаг тасралтгүй жижүүрлэж, өвчтэй хүмүүс тэдний ар гэрийнхний уур бухимдлыг сонсож, өчнөөн хүний амь аварч нойр дутуу, хоол дутуу, өлсөж ядарсан эмчийг өвчтөнгүүд нь “хүнд сурталтай, сэтгэлгүй” хэмээн сошл сүлжээгээр зургийг нь тавьж байгаад л муулж байна.

Спортоор хичээллэдэггүй, гоо сайхандаа анхаардаггүй гэж хэлүүлж байгаа хүн асар хүнд өвчнийг давж амьд үлдэж чадсаныг, эсвэл өнчирсөн таван жаахан хүүхдийг өргөж аваад хүн болгож байгааг нь хэн ч мэдэхгүй.

Халуунд халж, хүйтэнд хөрсөн малчны хөдөлмөрийг хялбар гэж ойлгож, шүүмжлэх энүүхэнд.

Бүгдээрээ л шүүмжлэхийн төлөө төрсөн юм шиг, шүүмжилснээр бүхнийг засч залруулж чадах юм шиг, шүүмжилж байгаагаа бас зөв гэж ойлгоод байна.

Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэгсэн.

ЮУ ХҮСЧ БАЙГААГ НЬ ОЙЛГООГҮЙ АТЛАА ХҮЧЭЭР ТУСЛАХ ГЭЖ УЛАЙРДАГ.

Нохойны үнэрээс харшилтай хүүхдэд нохойн гөлөг авч өгөх, архинд дургүй, бие муутай хүнийг архиар шахах, чихрийн шижинтэй хүнийг хүчээр чихэр идүүлэх гэж оролдох, залуу хүнийг дургүй хүнтэй нь болзоонд явуулахыг оролдох нь тус болох уу?

Ажлаа яаж хийхээ мэдэхгүй, нэрэлхээд хүнээс асууж чадахгүй, ер нь юу асуухаа ч мэдэхгүйгээсээ болж гацчихаад байгаа хүнд авилга өгөөд ажлаа хурдан бүтээх гэж оролдох нь зөв үү?

Залуучуудыг бол шууд л эхнэр ав, нөхөртэй бол, хүүхэдтэй бол, одоо хоёр дахь хүүхдээ гарга, одоо хүүтэй, дахиад нэг охинтой бол гэж шахна.

Өнчин хүүхдийн, өндөр настны асрамжийн газарт хандив өгөхдөө баахан хэрэгтэй хэрэггүй хүнс, хоол өгч зургаа авахуулчихаад явна. Тэднээс яг юу хамгийн их хэрэгтэй байгааг огт асуугаагүй.

Ажлын байр, өөрөө ажил эрхлэх боломжийг хүсч байгаа хүнд сард талхны хэдэн төгрөг төрөөс тусламж болгож өгөөд байгаатай яг адил.

Маргааш төрөх гэж байгаа ээжийг төрөх гэж байгааг нь мэдэлгүйгээр “муухай бүдүүн” гэж шүүмжлэн спорт хийж турахыг зөвлөсөн, хортой хавдартайн улмаас бие муу, өдрөө хүлээж байгаа хүнд “эрүүл амьдрах тухай номлосон” тохиолдлууд ч бий.

Яг үнэндээ бол ийм үйлдлүүд бусдыг улам түлхэж хөндийрүүлдэг. Ухаантай, хашир суусан нэг нь санаа тавьсан, эсвэл ухаантай хүн болох гэж ингээд байгааг нь ойлгож, дотроо хөх инээд нь хүрээд өнгөрнө. Олон хүн үүнд дургүйцэж, нэг бол улам хөндийрнө, эсвэл дургүйцсэнээ илэрхийлж, зөрчил үүснэ.

Ичих булчирхайн тухай монгол ойлголт, монгол хүмүүжил хаашаа алга болчихов оо

Мунхаглал, тэнэгрэлийн туйл өнөөгийн нийгэмд ноёлчихов уу? Эсвэл нийгэм угаасаа л ийм байсаар ирсэн үү?

Мэдрэмжгүй, бүдүүлгээ гайхуулснаа “од” болж байна гэж ойлгох нь хэвийн үү?

Юм бүхэн харагдаж байгаа шигээ амархан биш. Таны харах өнцөг бол нэг л өнцөг. Таны бодол санаа бол таны л бодол. Бусдад ч бас өөрийн гэсэн бодол санаа бий!

Шүүмжилж буруутгах, чичлэх, дорд үзэж, гутааж доромжлох хамгийн амархан. Хүсвэл үүнийг хүн бүхэн чадна. Тэглээ гээд бусдын урмыг хугалж, өөрөөсөө холдуулж, эргэн тойрныхноо жигшээхээс өөр юу ч хожихгүй. Үүнийгээ ойлгохгүй байгаа ийм шүүмжлэгчидтэй яаж харьцах вэ?

***

Эхлээд бусдыг байгаагаар нь, нийгмийг байгаагаар нь хүлээж авах, бодит байдлыг байгаагаар нь олж харахыг хичээгээрэй.

Байгалийн бүтээлээс өөр бусад юу ч төгс биш! Хүн гэдэг амьтан бүр ч төгс биш!

Бусдад санаа бодлоо ойлгуулж, гарцаа олоход нь тусалж болно. Харин тус болж чадахааргүй бол ус бүү болоорой.

Хүн бүр өөрийн цаг хугацаа, зорилго, эрхэмлэдэг зүйлсээ хамгаалж, өөрийн амьдралын хариуцлагыг өөрөө үүрэх нь зөв юм. Таныг мэдэхгүй, таны зорилгыг ойлгоогүй хүний зөвөлгөөг авахгүй байж болно. Үүнийг л бид “хил хязгаар” гэж нэрлэдэг.

Эрх чөлөө гэдэг бол бусдын эрхийг зөрчихгүйгээр өөрийн эрхийг хамгаалах явдал юм. Таны амьдрал, таны эрхийг зөрчиж байгаа бол нөгөө тал эрх чөлөөгөө эдэлж буй хэрэг огт биш!

Ичих булчирхайтай нийгэмд ичгүүргүйг жигшдэг. Авилгыг, шударга бусыг, худал хуурмагийг үл тэвчин шүүмжлэлтэй хандах нь эрх чөлөөгөө, зөрчигдөж буй эрхээ хамгаалж буй хэрэг.

Доктор, дэд профессор Б.Энхбайгаль

АСЧ АМЬДАР: ХУВЬ ХҮНИЙ ХИЛ ХЯЗГААР номын хэсгээс...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.34.61) 2019-11-29 07:40
      • 0
      • 0

      Энэ арга хэмжээ чинь зөв үү? Хааж хориод ахиц дэвшил гарах уу?

      Хариулах