
Оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг 2019" ёслолын үйл ажиллагааны "Шилдэг гоол" номинацид өрсөлдөж буй 10 гоолыг МХБХ-ны зүгээс олон нийтэд зарлаад байна.
Бүтэн улирлын турш үзэгч хөгжөөн дэмжигчдээ баясгасан олон гоол байснаас МХБХ-ны Тэмцээн зохион байгуулах хэлтсийн зүгээс 40 гоолыг эхний ээлжинд нэр дэвшүүлсэн. Үүнээс хамгийн шилдэг гэсэн 10 гоол эцсийн шатанд үлдэж, үзэгч хөгжөөн дэмжигч та бүхнээс санал хураахад бэлэн болоод байгаа юм.
Шигшээ багийн төлөөллүүдээс:
-2022 оны ДАШТ-ий анхны гоол буюу Н.Цэдэнбалын Брунейн хаалганд оруулсан гоол. - Монголын шигшээ багийн ДАШТ-ий 2-р шатанд оруулсан анхны гоол буюу А.Дөлгөөний Мьянмарын хаалганд оруулсан гоол.
-16 хүртэлх насны шигшээ багийн тоглогч Д.Шийрэвжамцын Австралийн хаалганд хүчтэй цохилтоор оруулсан гоолууд нэр дэвшиж байна. Урьд өмнөх жилүүдээс олон тоглолттой, илүү гоолтой, басхүү өрсөлдөөнтэй өрнөсөн "Мазала" үндэсний дээд лиг болон Холбооны цомд орсон гоолууд:
-Оцу Казутакагийн гоёмсог гуядалт
-Павел Захаровын сум шиг цохилт
-Давид Савиологийн мэдрэмжтэй, хүчтэй, оновчтой алсын цохилт
-"Эрчим" клуб "Холбооны цом"-ыг өргөхөд чухал нөлөө үзүүлсэн Шого Ёшикавагийн гоол тус тус нэр дэвшиж байна. Өнгө үзэмж хийгээд Монголчууд хөлбөмбөг тоглож чаддаг гэдгийн нотолгоо болсон гурван гоол бий.
-"Мазала" нэгдүгээр лигийн "Соёмбын барсууд" багийн тоглогч Ц.Батбаярын "өндөр түвшний төгсгөл" бүхий гоол
-"Эмэгтэйчүүдийн лиг"-ийн "Арвис" клубийн охидын өрнүүлж чадсан гайхалтай хувилбар, гоёмсог төгсгөлийн эзэн Г.Цолмонгийн гоол
-21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд зүгээр ч нэг гоолууд урсаад байдаггүйн нотолгоо болсон Дархан-Уул аймгийн А.Дашнямын уран мэдрэмжээс бүтсэн гоол 2019 оны "Шилдэг гоол" номинацид тус тус нэр дэвшиж байна.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.