
АНУ-ын Тагнуулын алба Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг хордуулсан хэрэгт ОХУ-ын засгийн газар холбоотой гэсэн дүгнэлтэнд хүрч, үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Жо Байдений засгийн газар ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ.
АНУ-ын хоригт Оросын төрд өндөр дээд албан тушаал хашдаг 7 хүн, хими болон биологийн үйлдвэрлэл явуулдаг 14 аж ахуйн нэгж багтсан байна. Түүнчлэн оросууд А. Навальныйг хөнөөхийг завдсан явдал нь ОХУ - ын химийн зэвсэг ашиглаж буй ноцтой баримтыг дэлгэлээ хэмээн Америкийн албаны хүмүүс онцолжээ. АНУ-ын хоригт багтсан албан тушаалтнууд болон аж ахуйн нэгжүүдийн АНУ дахь хөрөнгийг царцаасан байна. Хоригт ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников, Батлан хамгаалахын орлогч сайд Алексей Криворучко, Павел Попов нар тус тус багтжээ. Нөгөө талаас Европын холбоо мөн л Оросын нэр бүхий албан тушаалтнуудын эсрэг хориг тавьжээ.
Үүнд ОХУ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Александр Калашников, Мөрдөн байцаах газрын дарга Александр Бастрыкин, ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Краснов, ОХУ-ын Үндэсний гвардийн командлагч Виктор Золотов нар тус тус багтсан байна. Хоригийн дагуу дээрх албан тушаалтнууд нь Европын холбооны улсын хилээр нэвтрэх эрхгүй болсон ба тэдгээрийн Европын холбоон дахь хөрөнгийг царцаажээ. Кремлийн зүгээс А. Навальныйг хордуулсан хэрэгт холбоогүй хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Барууны орнууд А. Навальныйд чухам юу тохиолдсоныг олж мэдэхэд туслах баримт нотолгоонуудаа нууж, ОХУ-ыг шудрага бусаар шийтгэж байна хэмээн өнгөрсөн мягмар гарагт мэдэгджээ.
Новичок төрлийн химийн хортой бодисыг өмнө нь 2018 онд Их Британид амьдардаг, ЗХУ-д тагнуулчаар ажиллаж байсан Сергей Скрипаль болон түүний охиныг хордуулахад ашигласан бол сүүлд А. Навальный мөн л Новичок төрлийн хорт бодисоор хордуулсан болохыг Германы эмч нар тогтоосон юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений хувьд Ерөнхийлөгч асан Доналд Трамптай харьцуулахад ОХУ-ын тал дээр илүү хатуу байр суурьтай байгааг ажиглагчид онцолж байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.