"Оросын дуу хоолой" радио Монголд "таг" болсны учир

Twitter Print
2016 оны 12-р сар 06-нд 17:16 цагт
Мэдээний зураг,

Бүтэн нэгэн жарны өмнөөс монгол хэл дээр  мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг цацаж ирсэн "Оросын дуу хоолой" радио станц үйл ажиллагаагаа зогсоосон тухай бид хэд хоногийн өмнө мэдээлж байсан.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс "Москвагаас ярьж байна" гэсэн радио сигнал дуугарахаа больсон учир шалтгаан цаанаа нилээд байгаа аж.

1946 оноос эхлэн Монголын сонсогчдын шимтэн анхаардаг болсон радио нэвтрүүлэг нэгдүгээрт санхүүгийн нөхцөл бололцоо хүндэрсний улмаас гэсэн албан ёсны мэдээлэл өгөөд байгаа. Өнгөрсөн наймдугаар сарын 15-нд  «Оросын дуу хоолой» Төрийн радиогийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Наталья Жмай «Оросын телевиз, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ» компанийн захирал Андрей Романченкод хүргүүлсэн албан захидалдаа төсвийн санхүүжилт багассаны улмаас 2014 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс богино долгионы үелзэл дээр гадаад улс орнуудад явуулдаг нэвтрүүлгээ зогсооход хүрч, зөвхөн Приднестровье, Сахалин болон Калининградад байрладаг дунд долгионы дахин дамжуулах станцуудыг ашиглан радио долгион цацах хүсэлт тавьж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ үндсэн дээр «Оросын дуу хоолой» радио станцын нэвтрүүлэг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ч цацагдахгүй болж байгаа бөгөөд зөвхөн гадаад улс орнуудын урт долгионы FM үелзэл дээр сонсох боломжтой болжээ.

Харин «Америкийн дуу хоолой», «Ватиканы Радио» зэрэг олон улсын радио станцуудтай хийсэн гэрээний дагуу «Оросын телевиз, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ» компанийн дунд болон богино долгионы дамжуулах станцуудыг цаашид ашиглах тухай «Оросын дуу хоолой» радио станц тэмдэглэсэн байна. Тэгээд ч энэ оны эхнээс богино долгионоор дамжуулдаг нэвтрүүлгийнхээ хүрээг хумьж эхэлсэн бөгөөд 2012 онд хоногт 50 гаран цагийн нэвтрүүлэг цацдаг байсан бол энэ онд 26 цаг хүртэл бууруулсан ажээ. «Оросын телевиз, радио өргөн нэвтрүүлгийн сүлжээ» компанид гэхэд 2012 онд 550 сая рублийн төлбөр тооцоо хийж байсан бол энэ онд  төсвөө 60 гаруй хувиар тануулж 220 сая рублийн төлбөр хийсэн аж.  

Албани, Англи, Араб, Бенгал, Болгар, Вьетнам, Герман, Солонгос, Турк, Урду, Хинди, Хятад, Япон зэрэг ЗЗ хэл дээр мэдээ мэдээлэл орчуулан цацдаг “Оросын дуу хоолой” радио станц 1946 онд БНМАУ-д анх үүсэн байгуулагдсанаасаа хойш 67 жилийн нүүрийг энэ онд үзсэн билээ. Оросын дуу хоолой радио станц 1970-аад онд Зөвлөлтийн 30 оюутныг монгол хэл дээр радио нэвтрүүлэг дамжуулах зорилгоор МУИС-д бэлтгэж байсан түүхтэй. Москвагаас монгол хэл дээр нэвтрүүлэг бэлтгэдэг редакцид Монголын радиогын үе үеийн сэтгүүлч, орчуулагч, нэвтрүүлэгч нар ажиллаж Монголын өргөн олон сонсогчдод хуучин ЗХУ болон ОХУ-ын нийгэм, эдийн засгийн бүхий л ололт амжилтыг сурталчилж ирсэн билээ. 

Намбарын Энхбаяр Ерөнхий сайд байсан үедээ “Оросын дуу хоолой” радио станцын монгол хэлний редакцид зочлохдоо Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсаныг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус редакцийн ахлах орчуулагч Мария Онджанова болон тусгай сурвалжлагч Ольга Павлович нарыг «Алтангадас» одонгоор шагнаж байсан. Тухайн үед тусгай сурвалжлагч байсан Павлович Ольга Сергеевна сүүлд Монгол хэлний редакцийг ахалж байсан, харин Монголын радиогоос нэвтрүүлэгч С.Лхагвасүрэн, Д.Сайнтод, З.Алтантуяа нар, мөн орчуулагч С.Эрдэнээ “сүүл мушгин” үлдэж байсан билээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 11-нд хамгийн сүүлд Улаанбаатар хотноо Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвд «Оросын дуу хоолой» радиогийн өдрийг зохион байгуулж, энэ өргөн нэвтрүүлгийг олон жил сонсож, асуулт хариултынх нь уралдаанд тогтмол оролцож, редакцийн хамт олонтой захидлаар харилцдаг байсан «Найрамдал» сонсогчдын клубынхэн цугларан  баяраа хамтран тэмлэгдэж байсан. «Оросын дуу хоолой» радиогийн монгол хэлээр явуулдаг нэвтрүүлгийг сонсдог бусад хүмүүс ч сэтгэл ханамжтай байж, сэтгэл нь хөдөлж баярласан нь тодхон байлаа… 

Гэвч өнөөдөр “Москвагаас ярьж байна” гэсэн дуу хоолой сонсогдохгүй боллоо. Харин Монголын үзэгч сонсогчдод “гурав дахь өнцөгөөс“ хүргэж байгаа мэдээ, мэдээлэл хэрэгцээ шаардлагатай байна. Гадаадын хэвлэл мэдээлэл бидний тухай болоод өөрийн улс орны шинэ техник, технологи, уламжлал ёс заншилаа хүүрнэсэн нэвтрүүлэг мэдээж үгүйлэгдэж байгаа энэ цаг үед “Америкийн дуу хоолой” (“Voice of America“) зэрэг хөгжингүй орнуудын телевиз, радио нэвтрүүлэг сонирхол татах нь дамжиггүй. “Америкийн дуу хоолой” телевиз, радио станц л гэхэд Түвд, Серб, Хорват зэрэг 40-өөд хэл дээр нэвтрүүлгээ цацдаг. Америкийн засаг захиргаа дэлхийн өнцөг булан бүрт нэр нөлөөгөө өсгөж, өргөжүүлэхийг чухалчилдаг юм чинь Монгол улс болоод, Өвөр Монгол, Халимаг, Тува, Буриадыг хамарсан өргөн нэвтрүүлэг яагаад цацаж болохгүй гэж. Америкуудад бол бодох л ёстой асуудал.

Харин монголчууд бидний хувьд тэр дундаа сэтгүүлч, орчуулагчид энэ чигт санал санаачилга гаргаж ажил хэрэг болговол америкчууд үгүй гэхгүй л байх. Гэвч сэтгүүлч, орчуулагч нарт эх хэлээрээ сэтгэж ярьж, орчуулах чадвар ихээхэн дутагддагыг энэ зэрэгцээ хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана. Гадаад хэлийг хичнээн сайхан сурч, эх хэл дээрээ мэт ярьж чадаж байгаа хэрнээ орчуулга нь "самуун" (ингэж хэлэхэд таарна) байвал эгдүү хүргэдгийг нуух юун. Москвагын радио сүүлд орчуулагчдаар тун их дутагдаад байсан. Унаган орос хэлтэй орчуулагч редактор байлаа ч эх монгол хэл дээр яруу сайхан хөрвүүлэх чадваргүй, бичсэн текстийг нь нэвтрүүлэгч нар уншихад аманд эвлэхгүй олон бэрхшээл байсан учраас дахин засаж редакторлах чирэгдэл үүсдэг байсан тухай мэргэжлийн хүнээс сонсож байсан юм байна. Сониноос Туркийн гадаад хэл дээр нэвтрүүлэг явуулдаг төрийн «Туркийн дуу хоолой» (Türkiye’nin Sesi Radyosu) радио монгол хэл дээр шууд эфир явуулахаар бэлтгэж байгаа сураг чимээ чих дэлсэв. 1938 оноос гадаад хэл дээр нэвтрүүлэг явуулж эхэлсэн Туркийн радио одоо ВВС-г гүйцэн түрүүлж  35 хэл дээр радио нэвтрүүлэг цацдаг болсон байна. АНУ болон БНХАУ харин Туркийг өмнөө гаргахааргүй олон хэлээр өнөөдөр дэлхий дахинд радио нэвтрүүлэг түгээж байгаа аж.

Жич: MNC телевизийн сурвалжлах баг "Нэг дэлхий" төслийн хүрээнд 2012 оны арван хоёрдугаар сарын дундуур "Оросын дуу хоолой" радио станцийн Монгол хэлний редакцид хүрэлцэн очиж "Москвагаас ярьж байна" нэвтрүүлэг бэлтгэж байсан. Энэ нэвтрүүгийн бичлэгээс сонирхуулъя. Танил дотно дуу хоолойгоо та эндээс дахин нэг сонсох болно.

Сэтгүүлч Л.Отгонбат

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.