Чимэдийн Энхээ: Хэл шинжлэлийн эрдэмтэн мэргэддээ гомдож байна

Twitter Print
2020 оны 12-р сар 25-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн мэргэддээ гомдож байна. Ер биднийгээ эс тоон, үг хэлэвч авахгүй илтэд тээршаан, "Бид мэргэд, Та нар тэнэгүүд" гэсэн байр сууринаас хүчирхийлэн хандаж байгаа нь өдрөөс өдөрт тодорсоор. Төр, засгийн эрх баригчид ард олондоо ингэж ханддаг жишиг одоо тэдэнд бүрнээ халдварлажээ.

Монгол хэл бол зөвхөн эрдэмтэн мэргэдийн өмч бус, монгол хүн бүрийн хэрэглээ билээ. Хэн ч үүнд саналаа хэлэх эрхтэй атал юунд ингэх болов? Нийтээр хэрэглэж дадсан олон үгийг "журамлах" нэрээр өөрчилж, зоргоор аашлахын цаад учир нь эрхбиш мөнгө төгрөг, хэн нэгний хатгаас түлхээс байх шиг. Хэрэгтэй, зөв зүйл нэг бус байгааг үгүйсгэхгүй ч зарим нэг зүйл дээр "будаач будаач гэхээр..." гэдэг лугаа адил арай л дэндээд байх юм.

Үг нэг бүр дээр чичлэн тэмцэлдэхийг огоорч, ерөнхий хандлагыг авч үзье. Өнгөрсөн зууны 20-иод оноос өмнө монгол хэлний ярианы болон бичгийн хэл одоогийнхоос нэлээд ялгаатай байсныг бүгд мэднэ. Жишээ болгон Богд Жавзандамба хутагтаас Юан Шикайд бичсэн захидлаас иш татъя. "Үнэндээ Гадаад Монгол булан тохой, хязгаарт ташаалдан хүчирхэг улсад айл ойрхи байдал нь овоолсон өндөг мэт. Дөрвөн зүгт туслах хүнгүй хэвээр санаандгүй явдал буй нь эрхгүй Дай ван чиу Сияаны дараа болох... Энэ нь бидний Гадаад Монгол улс хүчирхэг улсын завсарт хавчигдаж орох эсэх хоёрт бэрх. Хэрэв өөртөө эс тогтновоос гөрөөчинд олзлогдохоос хэлтрэхүеэ бэрх нь үнэхээрийн байдал бүхүй дүрс болай..." гэжээ.

Энэ бол албан харилцаанд хэрэглэж асан монгол хэлний жишээ, ярианы хэлэнд ч бас ойролцоо байж. Ардын хувьсгалын дараагаас монгол хэлэнд өөрчлөлт оруулах, харилцааг илүү тод томруунаар илэрхийлэх, ялангуяа нийтийн хэрэглээнд хэвшсэн жишигт ойртуулах шаардлагын үүднээс зарим нэг өөрчлөлтийг эхэлсэн нь яваандаа латин, кирил үсгүүдийг хэрэглэж эхлэхэд түлхээс болсон нь мадаггүй. Үүний нөлөөгөөр монгол бичгийн хэл нь ярианы хэлэндээ нэлээд дөхүү болгох олон өөрчлөлт бий болсон. "Агула"-г "уул", "бүгдээр найралдах"-ыг "найрамдах, "зулгаар ирэх"-ийг "зугатан ирэх", "ухилах"-ыг "уйлах" гэхчлэн бичиж хэвшсэн, хэвшүүлсэн. Ярианы хэлэнд ийн дөхүүлснээр хожим нийтээр бичиг үсэгтэн болох зорилтыг хэрэгжүүлэх боломж ч нээгдсэн, энэ маргаангүй.

Энэ мэтээр явсны хүчинд өнөөгийн бидний нийтээр хэрэглэж буй, Төв халхын аман аялгуунд суурилсан орчин цагийн монгол хэл маань 60-аад он гэхэд үндсэндээ бүрдэн төлөвшжээ. Кирил бичгийг авснаар монгол хэлний энэхүү хөгжилд түлхэц үзүүлсэн хэдий ч алдаа их гарсан. Наад захын жишээ хэлэхэд монгол хэлний авианы бүтцэд ямар ч хамааралгүй "Щ" авиаг оруулсныг дурдаж болно. Багадаа нэг их юм болж заалгасан энэ үсгийг насан туршаа монгол хэлээр бичсэн хүмүүс ч амьдралдаа бичиглэж үзээгүй тохиолдол түм бум. "Й" байна. Уг нь гийгүүлэгчийн бүрэлдэхүүнд ордог авиаг тэмдэглэдэг энэ үсгийг "саармаг эгшиг" хэмээн, манин ч гэж ойлгогдохоор, ихээхэн доромж, зохисгүй нэршил өгснөөс монгол хэлний авианы дарааллын бүтцэд тун эвгүй байдал үүссэн, худам бичигт "Йа,йэ, йо, йу" гэж, гийгүүлэгч-эгшгийн харгалдаанд оруулдаг байсан нь больж "Я-гийн төрлийн дөрвөн дөрвөн үсэг" гэх дөрвийн дөрвөн зүйлийг сурах, холбогдох дүрэм сэлтийг цээжлэх шаардлага тулгарсан гэх мэт олон асуудал буй.

Эдгээрийг уул нь юуны өмнө зохицуулах шаардлагатай байсан гэж мунхаглан сэтгэнэ, гэхдээ асуудлын гол нь үүнд биш ээ. Орчин цагийн монгол хэл төлөвшлийг олсноор олон тайлбар толь, зөв бичих дүрмийн толиуд гарсан. Одоо үүнийгээ нүд рүү байн байн чичилнэ. Ухваас ерөөс 60-аад оны үед орчин цагийн монгол хэл цааш явалтгүйгээр, хөгжлийн дээд цэгтээ хүрэн төлөвшсөн гэж өнөөгийн мэргэд үзээд байгаа бололтой, энэ тийм биш. Шинээр бүрэлдсэн энэ хэлэнд цаашид хөгжүүлэх, боловсруулах олон асуудал ээлжээ хүлээж асан гэдгийг хэлэх нь зүй. Аливаа хэл байнгын хөгжил хөдөлгөөнд байж л сая оршин тогтнодог зүй тогтолтой. Гэхдээ энэ нь хэрэглээнд хэвшиж дадсан ярианы хэлэнд ойртуулах чиглэлд явна уу гэхээс, холдуулах чиглэлд явамгүй. Ярианы хэлэнд тухайн цаг үедээ чамирхал маягаар дэлгэрдэг түр зуурын үзэгдлүүд байх. Миний үеийнхэн "яамайш дээ", "гялс манас хог дээр үсрэх", "зээ, зээ" гэх мэтийн хэлцүүдийг санаж л байгаа байх, нэгэн үе залуучуудын дотор түгэн тархсан эдгээр хэлцүүд яваандаа чимээгүйхэн мажийгаач болсон, одоо ч гэсэн "нугасгүй /дуртай/", "хулхин дээр цэцэг ургуулах" гэх мэт хэлцүүд яваад л байна, мөнхрөх, мөхөхийн алин болохыг хэн ч таашгүй. Ийм байнгын хөдөлгөөн дунд л байдаг зүйл.

Харин толь, тайлбар толиуд бол орчин цагийн хэлний хэрэглээнд байгаа эсэхээс үл хамааран, ерөөс түүхэн цаг үед Эртний ба дундад үеийн монгол хэлэнд хэрэглэгдэж байгаад хуучирч мартагдсан, "архайзм" болсон үгүүдийг ч аль болох өргөнөөр хамран оруулах зорилт тавьдгаараа ялгаатай. Тиймээс өнөөдөр "Тэрбугайн тайлбар тольд байдаг үг" гэдгээр бамбай хийн, орчин цагийн монгол хэлэнд чирж оруулахыг хичээх нь даанч зохимжгүй. Хуучирч мартагдсан, хэрэглээнээс гарсан үг их олон шүү, монгол хэлэнд. Саяхан телевизээр хуш модны самар өөрөө алганд унаад ирэхийг илэрхийлсэн үгийг хүртэл сэвж харагдана билээ, хуш модны самар алганд унах нь хэт ховор үзэгдэл учраас илэрхийлэл нь нийтийн хэрэглээнд ороогүй мартагдаа л биз, мэргэжлийн хүмүүс нь л мэдэж байвал барав. "Бөжин" гэж үг байна. Уг гарлаараа "бөөрөнхий" гэдэг хэлбэрийн утгыг илэрхийлсэн "бө" гэх идэвхгүй язгууртай үг. Хэлний хөгжлийн явцад энэ язгуураас бөөрөнхий зүйлийн хөдөлгөөнийг заасан "бөн" гэх язгуур бас салж гарсан байж болох, бөн бөн явдал гэдэг шүү дээ, ойж буусан хөдөлгөөнийг илэрхийлдэг. Бөжин гэдэг нь бөөрөнхий хэлбэрийг илэрхийлсэн язгуур, бөн бөн гүйдэлтэй гэдгийн "бөн" язгуурын алинаас үүссэн нь тодорхойгүй.

Хятадад байхдаа Бөнжин гэх нэртэй торгууд хүнтэй таараад нэрний утгыг асуухад бөжин гэдэгтэй цав гэтэл таарч асан. Төв халхын аялгуунд үүнийг "бүжин" гэж дуудаж нэгэнт хэвшсэн нь бөжин гэдэг үг Бээжин хотын нэрний хятад дуудлагатай таардгаас болсон байж магадгүй. Онигоо шиг нэг яриа буй. Бөжин гэдэг нэртэй хүүхэд сургуульд ороход бүртгэж авч байсан хятад гаралтай багш нь Бээжин гэж бичсэнээс болж насан туршаа тийм нэртэй явсан гэх. Ортой ч байж магадгүй. Монголчууд хүүхдээ өхөөрдөн нэрлэхдээ яагаад Бөжин гэж биш, Бүжин гэж нэр хайрладгийг бодчиход гэмгүй, тэрнээс биш эцэг, эхийг нь монгол хэлээ мэддэггүй тэнэгүүд, буруу нэр өгч гэж муушаах нь илүүц. Ерөөс 20-ид оноос 60-аад оныг хүртэлх дөч орчим жилийн турш монгол яриа, бичгийн хэлэнд орсон өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн атлаа тэр үеэс хойшхи жар орчим жилд орсон өөрчлөлтийг үгүйсгэж, 60-аад оны үеийн толь бичгүүдээр гул барин, ингэж л бичих ёстой гэж тулгаад байх нь урагшлалт уу, ухралт уу? Журамлаад байна уу, бүр бантагнуулаад байна уу? Хэдийнэ нийтийн хэрэглээнээс гарч мартагдсан үгсийг дахин дахин сэргээхийг оролдон сэвэх нь зөв үү, буруу юу? Монгол хэлэнд ямар ч дүрмээр зохицуулагдаагүй зүйл ч олон буй. Жишээ нь би өмнө оруулсан нэг нийтлэлдээ "тандалт хийх" гэсэн холбоог буруушаасан нь олон хүний эгдүүг хүргэж "Болно шүү дээ" гэж баахан загнуулсан. Би болохгүй гэж хэлээгүй, тэр бүү хэл өглөөд орноосоо босолт хийх, хувцас өмсөлт хийх, цай уулт хийх ч гэж болно, үүнийг хориглосон, зохицуулсан ямар нэг дүрэм журам, заавар, жагсаалт байхгүй. Үүнийг хүн зөвхөн мэдрэмжээрээ л зохицуулах асуудал.

"Тандах" гэдэг нь утгаараа зөвхөн судалгаа хийж, дүгнэлт гаргахад шаардлагатай эх сурвалжийг цуглуулах үйлийг л илэрхийлж байгаа учраас ийн буруушаасан билээ. Одоо ингэж хэрэглэх явдал ковидоос ч хурдан тархаж байна. "Урьдчилан сэргийлэх" гэдгийг "урьдчилан сэргийлэлт" гээд эхэлсэн л байна билээ, "Монгол коммент" нэвтрүүлгийг үздэг хүмүүс Билгээгийн ард байгаа "Кагоцел" эмийн сурталчилгааг нэг харчихаарай. Энэ янзаараа нэг л өдөр телевизийн нэвтрүүлэлт үзэнгээ хоол идэлтээ хийчихнэ гэж яриад эхлэх юм биш биз? Чапаевын тухай нэг онигоо бий нь, Чапаев хүч илүү дайсан ирж явааг харчихаад "Би хэзээ ч ухарч байгаагүй, урагшаа" гэж хашгираад зугатаачихсан гэдэг. Тэрүүн шиг бид "урагшилж байна" /заяатай л "урагшлалт хийж байна" гээд биччихсэнгүй/ гээд ягуухан ухраад байгаа юм биш байгаа гэсэн бодол толгойноос гардаггүй ээ. Хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн мэргэд минь, хүн шиг тайлбарлаад, санаа оноо солилцоод явчихын оронд хүч түрэн захиргаадаад, тулгаад байх нь үнэхээр нэт болжээ. Хөндлөн ганц үг хэлэнгүүт л ярвалзаж, ярдаглаад л "Биднээс илүү мэддэг, чаддаг юм бол ирээд хийчих" ч гэх шиг, яасан эмзэг зөөлхөн, элээний сүүдэр ч үзээгүй эрх танхи эрдэмтэдтэй юм бэ дээ. Бардах нь биш, Хятад, Орос нутгаар хэрэн хэсэхдээ монгол хэлтэн ястнуудын дунд үүргэвчээ дэрлэн унтаж явсны хэрэг юу билээ, язгуур монгол хэл, түүнд гарч байгаа тал талын өөрчлөлтүүдийн тухай арвин их мэдээлэл базаасан, Та нар дотор над шиг, эх хэлээ тал бүрээс нь судлах зорилгоор, амсар эмтэрхий аяганаас өөр ачаа бараагүйгээр, харь нутгийн гудамж зээл, цэцэрлэгийн сандал, айлын хаяа хатавчинд хоног төөрүүлэн явсан нь хэд байна?

Мэддэг чаддаг Тань үнэн бол иртүгэй. Аль дээр Ринчен гуайн хэлсэнчлэн, эрдэм мэдлэгийн зоон дээр өөх нэмэхийн тулд бус, идэж байгаа талхан дээр түрхсэн тосоо зузаалахын тулд цол зэрэг булаацалдан тэмцэлдэж байж авсан биш л бол, үнэхээр хэтийдсэн мэдлэгтэйгээ мэдэж байгаа бол олон түмний нүдэн дээр, илээр ном хаялцъя.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.