Украины бүс нутгуудад ОХУ-д нэгтгэх тухай санал асуулга явуулахаар бэлтгэж байна

Twitter Print
2022 оны 09-р сар 21-нд 10:59 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтанд байгаа Украины 4 бүс нутагт удахгүй ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгдэх тухай олон нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөжээ. 

ОХУ-ын довтолгоо сүүлийн саруудад зогсонги байдалд ороод байгаа бол Украины арми Оросуудад эзлэгдсэн зүүн хойд нутаг дэвсгэрийнхээ багагүй хэсгийг буцаан хяналтандаа аваад байгаа билээ. 

Оросын хяналтанд байгаа бүс нутгуудад  оросын эрх баригчдын томилсон удирдлагууд энэ долоо хоногоос эхлэн ОХУ-д нэгдэх тухай олон нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй таоаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. 

ОХУ 2014 онд Крымийн хойгийг газар нутагтаа нэгтгэсэн нь олон улсын шүүмжлэлийг хүлээсэн билээ. Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба "хууль бус, хуурамч" санал асуулга нь юу ч өөрчлөхгүй гэдгийг онцолжээ. 

Олон улс ОХУ Крымийн хойгийг газар нутагтаа нэгтгэсэн явдлыг одоог хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байгаа ба оросууд Украины өөр бусад газар нутгийг мөн л ОХУ-д нэгтгэхээр төлөвлөж байгаа нь гарцаагүй болохыг олон улсын ажиглагчид анхааруулсаар ирсэн билээ.

Түүнээс гадна ОХУ Украин дахь хүчээ сэлбэхийн тулд улс даяар цэрэг татлага зарлана гэсэн таамаглалыг ажиглагчид дэвшүүлж байна. ОХУ-ын парламент цэргийн албанаас зайлсхийсэн зугтсан, цэргийн өмч хөрөнгийг эвдлэн сүйтгэсэн, цэрэг татлага болон цэргийн ажиллагааны үед хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тохиолдолд оноох шийтгэлийг чангатгах тухай хуулийн төслийг баталжээ. 

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Донецк болон Луганскд олон нийтийн санал асуулга явуулах нь гарцаагүй гэдгийг онцолсны дараахан Донецк болон Луганскийн Оросоос томилогдсон удирдлагууд энэ сарын 23-наас 27-ны хооронд олон нийтийн санал асуулга явуулахаа мэдэгджээ. 

Түүнээс гадна оросуудад эзлэгдсэн Херсон муж болон Запорожье муж мөн адил олон нийтийн санал асуулга явуулах тухай мэдэгдэл гаргажээ.

Олон улс Украины Донецк, Луганск, Херсон болон Запорожье мужид ОХУ-д нэгдэх тухай олон нийтийн санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон онцолсон ба ХБНГУ-ын канцлер Олац Шольц, Эстонийн Ерөнхий сайд Кайя Каллас, Латвийн Гадаад харилцааны сайд Эдгар Ринкевич, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг нар түүнтэй санал нэг байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

Mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.