
Салхитын орд тойрсон шүүгчдийн авлигын дуулиан одоо хүртэл намжаагүй үргэлжилж буй. Нэг нь хорих ангид амиа хорлож, нэг нь хил даван оргон зайлж, заримынх нь бүрэн эрхийг буцаан сэргээж, нөгөө хэсгийг нь үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Салхитын мөнгөний ордыг тойрсон асуудлаар ямар шүүгч, хэдэн төгрөгийн авлига авсан асуудлаар сэтгүүлч Б.Отгон “Эрэн сурвалжлах” нэвтрүүлэг бэлтгэн дэлгэрэнгүйгээр хүргэсэн байна.
-САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ БУЛААЛЦАЛДСАН ХЯТАДУУДЫН ШҮҮХЭД ХАНДАХ БОЛСОН ШАЛТГААН-
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Салхитын ордын гурван лицензийг “Их Монгол Майнинг” компаниас худалдаж авсан уяач Ш.Мөнгөншагай “Жи Пи Эф” компанийг 2010 онд байгуулжээ. Улмаар компаныхаа 60 хувийг өөрөө, 40 хувийг хүргэн Г.Жаргаландаа эзэмшүүлсэн байна. Лицензээ зарах хүн хайж явсаар хоёр жилийн дараа 2012 онд гурван лиценз бүхий компаниа БНХАУ-ын иргэдийн Монголд байгуулсан “Си Си Эм Икс” компанид 800,000 ам доллар буюу тэрбум гаруй төгрөгөөр зарсан аж.
Н.Өнөрцэцэг хэмээх хятад хэлтэй эмэгтэйгээр зуучлуулан заржээ. Салхитын ордыг Хятад иргэд олборлож эхэлсэн ч 2015 онд хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх захирал хоёр хятад иргэн муудалцжээ. Ажлаасаа халагдсан Гүйцэтгэх захирал Чэн Вангфа нь Ш.Мөнгөншагайгаар дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргуулсан байна.
Нэхэмжлэлийн гол агуулга нь “Жи Пи Эф” компанийн 60 хувийг эзэмшигч Ш.Мөнгөншагай би 2012 онд компаниа зарагдсаныг мэдээгүй. Миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж зарсан тул компанийн 60 хувийн эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ. Шүүхийн маргаан ийн эхэлсэн байдаг.
–ХЭН, ХЭДЭН ТӨГРӨГИЙГ ХАХУУЛЬ АВСАН БЭ-
Улмаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр Ш.Мөнгөншагайн талд гараагүй байна. Иймд Иргэний хэргийн шүүхэд ханджээ. Ингээд шүүхэд ялахын тулд танил өмгөөлөгч, танил шүүгчдээр нь дамжуулан шүүгчдэд 10-160 сая төгрөгийн авлигал өгч шүүхийн шийдвэрийг өөрсдийнхөө талд гаргуулсан байна.
Ингээд авлигын сүлжээ эхэлнэ.
Хэрэг БЗД-ийн шүүхэд хуваарилагдангуут Шүүгч Б.Цолмонбаатар БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэрт нөлөөлөн, Ш.Мөнгөншагайн талд шийдвэр гаргуулна гэж амлаж 2016 оны аравдугаар сард 10 сая төгрөгийг хахууль болгон авчээ.
Хэрэг Давж заалдах шатны шүүхэд шилжингүүт шүүгч Б.Цолмонбаатар хэргийг өөрийн танил шүүгчид хуваарилуулахаар амлаж, 2017 нэгдүгээр 03-ны өдөр 50 сая төгрөг авчээ. Тэр өдрийнхөө орой Б.Цолмонбаатар 5 сая төгрөгийг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн мэдээлэл, лавлагааны мэргэжилтэнд өгч, хэргийг танил шүүгч дээр хуваарилуулахаар хөөцөлдүүлжээ.
Шүүгч асан Л.Бямбаа давж заалдах шатны шүүх хурлын өмнө Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарт хахууль болгож өгнө гэж 50 сая төгрөг авчээ.
“Жи Пи Эф” компанийн авлигал дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчдийг ониллоо. Тэд 2017.02.25-д Дээд шүүхийн шүүгчдэд хахуул болгож өгөхөөр 360,000 юань буюу 129 сая төгрөг, 2017.04.10-д 125 сая төгрөг нийт 260 орчим сая төгрөгийг шүүгч асан талийгаач Л.Бямбаад өгчээ. “Жи Пи Эф” компанийнхан шүүгч асан Л. Бямбаагаас гадна дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчдийг танил өмгөөлөгч, танил шүүгчээр нь дамжуулан давхар давхар хахуульджээ. Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч асан, өмгөөлөгч Б.Пүрэвням болон өөр дүүргийн шүүгч нар ч хахууль зуучлах ажилд оролцжээ.
Дээд шүүхийн хурал зарлагдахаас сар орчмын өмнө буюу 2017.04.01-д Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайханд хахууль өгөхөөр тохирч эхлээд 13 сая төгрөг дараа нь 150,000,000 төгрөгийг өмгөөлөгч Б.Пүрэвнямд өгчээ.
2017.05.16-д Улсын дээд шүүхээс Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Ш.Мөнгөншагайг “Жи Пи Эф” компаний 60 хувийн эзэмшигч мөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Дээд шүүхийн хурал болсны маргааш нь бүрэлдэхүүнд орсон шүүгч Г.Цагаанцоож нь авлигын мөнгөний гол зуучлагч Л.Бямбаагаас өмгөөлөгч Ш.Энхтөрөөр дамжуулан 10,000,000 төгрөг авсан гэж үзээд яллагдагчаар татжээ.
Дээд шүүхийн хурал болохын өмнө Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цолмонд хахууль өгнө хэмээн амлаж, “Цогц эрх партнерс” товчооны өмгөөлөгч Ч.Амгаланбаяр 45,000,000 төгрөгийг хэргийн оролцогчдоос авсан байна.
-САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДООС АВЛИГАЛ АВСАН ХЭРЭГТ ЗУРГААН ШҮҮГЧИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТААД БАЙНА-
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан,
УДШ-ийн шүүгч Д.Цолмон,
УДШ-ийн шүүгч Г.Цагаанцоож,
СХД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
ЧД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар юм.
Сэтгүүлч Б.Отгон
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(49.0.212.249) 2020-02-03 09:08Өөр шүүгч нар бий
Хариулах
Иргэн
(203.91.115.51) 2020-02-03 08:39Ичмээр юм эд нарт эх ороныг нь хэнч ухсан хамаагүй юм бна л дээ.эх орноос нь юу ч үгүй нүцгэн хөөж явуулах хэрэгтэй
Хариулах
Ховдгын гаи
(202.9.46.188) 2020-01-29 08:41Ардчилсан шүүгчдыг одоо хэн шүүх вэ
Хариулах