Өдөрт 1 цагаас илүү хугацаагаар дэлгэц ширтдэг бол нүдээ ингэж хамгаалаарай

Twitter Print
2020 оны 10-р сар 01-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

АШУҮИС-ийн Нүд судлалын тэнхимийн багш,  Сондра  нүдний  эмнэлгийн эмч Д.Довчинжамцтай дэлгэцийн нөлөөлөл ба нүдний эрүүл мэндийн талаар ярилцлаа. Тэрбээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Тайландын вант улсад “Торлог шилэнцэрийн мэс засал”-ийн чиглэлээр суралцаж ирсэн бөгөөд одоо нүдний хавдрын чиглэлд мэргэшиж байгаа юм.

-Сүүлийн үед техник технологи хөгжиж, хүн бүр гар утас, таблет, компьютертой тодорхой хэмжээнд хамааралтай болсон. Иймд дэлгэцийн нөлөө нүдний эрүүл мэнд, хараанд хэрхэн нөлөөлдөг талаар хэлж өгч болох уу. Дэлгэцийн гэрэл нь хараанд сөргөөр нөлөөлдөг үү?

-Гартаа утасгүй, гэртээ зурагтгүй хүн гэж бараг байхгүй. Мөн ажил дээрээ компьютер, таблет хэрэглэж, гадаа гудамжинд ч том дэлгэц харж байна. Бүх зүйл л дижитал болж техник технологи үсрэнгүй хөгжиж байна. Дэлгэцийн нөлөөллийн талаар олон улсад маш олон судалгаа хийгдсэн байдан. Дээр үед арагшаагаа төвгөр буюу том хэмжээтэй зурагт ашигладаг байсан. Бүр дээр үеийнх нь ардаа ламптай, тэр нь шатчихдаг байсан. Энэ үеийн буюу өнгөт зурагт гарч ирж байх үед нүдэнд хортой туяа телевизорууд ялгаруулдаг. Диод ялгарч буй дэлгэцийг удаан хугацаанд ширтсэнээс болж нүдний мэдрэлийн эсүүд гэмтэх, нүд хуурайших тохиолдол гардаг. Түүнтэй холбоотойгоор бид дэлгэцнээс хамгаалах нүдний шил зүүх болон дэлгэцийн хамгаалалт ашигладаг байсан.

Харин одоо бидний хэрэглэж буй LED, LCD дэлгэц хортой туяа ялгаруулдаггүй.Гэхдээ нөгөө талаар бидний харж буй өнгө улаан, ногоон, цэнхэр гэсэн гурван давтамжтай өнгөнөөс бүрддэг. Үүнээс хамгийн богино давтамжтай буюу нүдэнд хамгийн хортой өнгө нь  цэнхэр байдаг. Дэлгэцээс ялгарч буй өнгө цайвар цагаан, тод байх тусам цэнхэр өнгө давамгайлж байна гэсэн. Түүнтэй холбоотойгоор нүдэнд гэмтэл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэвч нарийн судалгаа хийж, үүнээс болж гэмтсэн гэж тодорхойлсон зүйл байхгүй. Бидний утасны нүүрэнд наадаг наалт давхар цэнхэр туяаны хамгаалалттай үйлдвэрлэгддэг болсон.

-Фэйсбүүк, твиттерийн хэрэглээ ихсэж нийгмийн сүлжээний донтолтын талаар хүмүүс их ярих болж. Өнөөгийн нийгэмд эцэг эх бүр л хүүхдэдээ “Утсаа боль. Нүдээ хайрла” гэж хэлдэг болсон. Нүдээ хайрла гэсэн энэ үг хэр зөв бэ талаар…?

-Насанд хүрээгүй буюу 18-аас доош насны хүүхдүүд нүдээ хайрлах ёстой. Хүн хорин нас хүрээд ирэхээр хараа нь тогтдог. Хараа муутай хүмүүсийн хараа тогтохгүй бага, багаар муудаад байдаг нь ийм шалтгаантай. Биеийн өсөлт хөгжлийг дагаад нүдний өсөлт ч явагдаж байдаг. Энэ нас хүртэл буюу хараа төвлөрөх хүртэл дэлгэцийн хамааралтай, утас, компьютер их хэрэглээд байвал холын хараа мууддаг. Хараа муудах нь бидний нүдний ойрын харааны ачаалал ихсэж байгаатай холбоотой. Бидний нүд алсын хараа ширтэж байхдаа амарч байдаг. Хол байгаа байшин барилгуудыг ширтэх, чөлөөтэй зайд алсын барааг харах, шөнө нүдээ аниад унтах зэрэгт бидний нүд амарч байдаг. Гэтэл утас дээр байдаг бүх дүрс үсэг жижигхэн хэмжээтэй. Жижигхэн зүйлс харах нь нүдэнд ачаалал өгдөг. Бага насны хүүхдэд ачаалал их ирвэл холын хараа мууддаг. Утаснаас гадна хүүхэд хичээлээ хийхдээ буруу суух, амралтгүй удаан хугацаагаар суух зэрэг нь ч нүдэнд сөрөг нөлөөтэй.

Нүдний уг руу чилж өвдөх шалтгаан нь маш удаан хугацаатай ойрын зүйл ширтэж харсан буюу нүдний ачаалал ихэдсэнтэй холбоотой

-Нүдний хараагаа энэ нөхцөлд хэрхэн хамгаалах вэ?

-Зүүн өмнөд Азид бага насны хүүхдүүдийг хамарсан судалгаа хийгдсэн байдаг. Утас болон ухаалаг төхөөрөмжний хэрэглээ хараанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг тогтоосон. Бага насны хүүхдүүд хараа нь тогтоогүй учир дэлгэцийн хэрэглээ харааг нь улам муутгадаг. Тиймээс өдөрт 30 минутаас хэрэглэхийг хориглодог. Харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд компьютер, утас бол ажлаа амжуулах гол хэрэгсэл болчихсон.

1 цаг дэлгэц ширтсэн бол 1-2 минут алсыг ширтэж нүдээ хамгаалаарай

Бидний хувьд нэг дутагдалтай тал байдаг. Жишээлбэл, оффисийн ажилтан компьютер дээр ажлаа хийж байгаад амрах болдог. Тэгээд босоод амрах цагаараа утсаараа оролддог. Тэгэхээр тархи амарч байгаа ч гэсэн нүд ойрын зүйл хараад чилчихсэн байсан дээрээ дахин ойрын зүйл хараад амарч чаддаггүй. Нэг цаг дэлгэц ширтсэн бол нэг, хоёр минут холын барааг ширтэж нүдээ амраавал асуудал байхгүй. Оффисийн ажилтнууд маш их ирж үзүүлдэг шалтгаан нь нүдний уг рүү чилж өвдөж байна гэдэг. Нүдний уг руу чилж өвдөх шалтгаан нь маш удаан хугацаатай ойрын зүйл ширтэж харсан буюу нүдний ачаалал ихэдсэнтэй холбоотой. Түүнд хэрэглэх эм та байхгүй ч гэсэн нүдээ амрааж байвал хэсэг хугацааны дараа зүгээр болно л гэсэн үг.

-Нүдний угаар чилэх, хатгуулах зэрэгт дур мэдэн нүдний дусаалга хэрэглэдэг тохиолдол цөөнгүй байдаг юм шиг санагддаг. Энэ нь хэр зөв бэ?

-Нүдний хатгах , чилэх, хуурайших, хорсох зэрэг нь бүгд өөр, өөр ойлголт. Тэгэхээр үүний үүсч буй шалтгаан нь нүд хуурайшиж байна гэсэн үг. Жишээлбэл хүн чөлөөтэй яриад сууж байгаа үедээ 5-6 секунд тутамд анивчиж нүдээ чийгшүүлж байдаг. Нүдээ анивчих тоолонд бид нүдний урдуур тогтсон буй нулимсыг шинээр  татаж хуурайшилтыг арилгаж байдаг. Гэтэл удаан хугацаанд юм ширтэж харах үед анивчих хоорондын хугацаа уртасч 10 секунд орчим болдог. Нүдээ бага анивчсанаар бидний нүдний эвэрлэг бүрхүүл буюу тунгалаг хэсэг хуурайшдаг. Энэ үед нүд чийгшүүлэх дусаалга хэрэглэх нь айхтар сөрөг нөлөө байхгүй. Гэхдээ нүдний дусаалгыг өдөрт дөрвөөс илүү удаа хэрэглэх нь таагүй. Учир нь жижиг савалгаатай нүдний дусаалгууд хадгалагч буюу нөөшлөгч бодис агуулдаг. Тэгэхээр дөрвөөс илүү удаа, тогтмол удаан хугацаанд хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг юм. Нүд байнга улайх, улайлт нь арилахгүй байх зэрэг нь үүнтэй холбоотой. Нүд хуурайшаад л байвал нүдэнд мах ургах, нүд улайх, нүд өөхлөх гаж нөлөө аажимдаа үүсч эхэлдэг.

-Эмч хүнийхээ зүгээс ажиллаж байх явцдаа хийсэн дүгнэлт буюу хувь хүнийхээ зүгээс нүдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй ямар хүчин зүйлд эмзэглэж явдаг вэ?

Нэгд, Надад өөрт анзаарагдаж буй нэг зүйл нь зуны улиралд нүдний өвчлөл харьцангуй гайгүй боловч өвөл сэрүүний улирал эхлэхэд үйлчлүүлэгдийн тоо ч нэмэгдэж байна. Миний нүд ч маш хуурайшиж байгаа нь өөрт анзаарагдаж байна. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой. Агаарын бохирдол гэхээр утаа шууд нүдэнд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болохгүй. Утаанд агуулагдаж буй тоосонцор, жижигхэн молекулууд нь бидний уушги болон бодисын солилцоогоор дамжиж орсноор нулимсны бүтцийг хэвийн биш болгож байна. Мөн зовхи болон сормуус орчимд бохирдол үүсгэж байна. Эдгээртэй холбоотойгоор нүдний хуурайшил болон нүдний өнгөц үрэвсэл нэмэгдэж байна. 

Ямар нэгэн өвчнөөс үүдэж буй нүдний хүндрэл эцсийн шатандаа оношлогдох юм бол буцаад шууд эмчлэгдэнэ гэж байдаггүй

Хоёрт, Монгол хүнийг бие сайтай гэж хэлдэг. Үнэхээр ч Тайланд хүний биеийн эрүүл мэндтэй харьцуулахад монгол хүний бие илүү сайн. Чихрийн шижинтэй хүн амын дунд нүдний торлог бүрхүүлд гэмтэл үүсэнийг судалсан. Азийн орнуудын энэ төрлийн судалгаатай харьцуулахад өвчлөл доогуур төвшинд байна гэсэн тоо гарсан. Энэ нь монгол хүн яс сайтай байна гэдгийг харуулж байгаа. 

Нөгөөтэйгүүр хүндэрсэн шатандаа оношилогдож байна. Нэг ёсондоо чихрийн шижинтэйгээ мэддэг мөртлөө нүдний эмчид үзүүлээгүй удаан жил явсан тохиолдол олон байна. Энэ нь хүн амын эрүүл мэндийн боловсрол ямар байгааг илэрхийлж байна. 

Ямар нэгэн өвчнөөс үүдэж буй нүдний хүндрэл эцсийн шатандаа оношлогдох юм бол буцаад шууд эмчлэгдэнэ гэж байдаггүй. Бид энэ үед нүдийг нь аварч үлдэх, харааг нь бүр алдуулахгүй, сохроохгүй байх арга хэмжээ авч эмчилгээ хийдэг. Эрт оношилж, эрт эмчилбэл энэ хүндрэлээс бүрэн сэргийлэх боломжтой.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.