Холдож буй ордон

Twitter Print
2020 оны 05-р сар 30-нд 09:57 цагт
Мэдээний зураг,

Цаг хугацаа хурдан санжээ. Засгийн газрын ордны нүсэр саарал байшингийн яг хормойгоор нь нааш цааш, өөд уруугаа алхаж болдог, хойт арынх нь цэцэрлэг дотор хүүхэд шуухдаа тоглуулж, хичээл номоо давтаж суудаг байсан тэр он жилээс хойш олон л юм орвонгоороо эргэжээ.

Улс төрийн товчооны гишүүд үдийн цайныхаа дараагаар Д.Сүхбаатарын талбайгаар хоёр гурваараа хэлхэлдэн өөр хоорондоо юм ярилцан өөд сөөргөө алхаж л байгаа харагдана. Уулзъя гэсэн хэн ч бол, мэнд мэдэж, хэрэг зоригоо ярихад саадгүй л янзтай байдагсан.

Хөдөөнөөс орж ирчихээд, хотод төвхнөсөн ахындаа буухад энэ хаалга тэр яамны тэр орлогч сайдынх, Төв хорооны хэлтсийн эрхлэгч тэднийх энд байдаг юм хэмээн үгийн далимд ярьж байсан нь санаанаас гардаггүй. Жирийн л нэг сууцанд дарга цэрэггүй л нэг хаалганы цаана айл хөрш болон сууж, бие биеэрээ орж гарч, үгүй дутуугаа асууж сураглан, энгийн дотно харьцаж байсан нь одоо ч ул мөргүй алга болжээ.

Хүмүүсийн хооронд эрх мэдэл, эд хөрөнгө, эдлэх ямбаны тунчиг их ялгамж гарч, гудамжаар хичнээн алхаад хоорондоо таарахгүй, нэг сууцанд заяа нь суухгүй, үр хүүхдүүд нь сургуулиараа ялгарах тийм л холын гариг шиг харагдах хэрнээ хүрч болдоггүй хөндийрөл хүйтрэл рүү эргэлт буцалтгүй алхцгааж байна даа. Нийгэм нь тэс өөр болсон байхад ийм ч юм дурсах гэх л байх.

Төрийн ордны гурван тал төмөр хашаагаар түмнээс заагладаж, хаалга үүдээр нь хавьтахгүй аргагүй битүү харуул хамгаалалт болжээ. Танигдах аргагүй хувирч байгаа өнөөгийн энэ араншинд тэгэхээс ч өөр ч аргагүй биз дээ.

Төрийн ордон олны хөлөөс холдох нь аргагүй юм гэхэд, тэнд ороод тухалж авах үе үеийн төрийн түшээд нь л битгий энэ хүмүүсийн дунд байгаагүй юм шиг, алив намайг харж үзээрэй гэж аргадаж гуйж яваагүй юм шиг тэнгэрт гараад л битгий тасарчихаасай билээ.

Холдож буй ордоон гэж...

Д.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.