Г.Луузан: Амьдралд энгийн, даруу байх нь зөв. Гэхдээ энгийн байна гэдэг эрээ цээргүй, эх зах, эрэмбэ дараагүй байна гэсэн үг биш

Twitter Print
2022 оны 06-р сар 18-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

Дипломатч хүн болон төрийн өндөр албан тушаалтнуудын биеэ авч явах байдал, хувцаслалтын ёс зүйн талаар Ахмад дипломатч Г.Луузантай ярилцсанаа хүргэж байна. 

- Сайн байна уу Та. Дипломатч хүн болон төрийн өндөр албан тушаалтнуудын биеэ авч явах байдал, хувцаслалтын ёс зүйн байдал сүүлийн үед ямар байна гэж та дүгнэж байна вэ?

- Дипломатч хүн гэлтгүй төрийн албанд ажиллаж байгаа хэн боловч "төр төмбөгөр, ёс ёмбогор" гэдгийг санаж биеэ авч явах, хувцаслалт, үг ярианы соёлдоо ямагт анхаарч байх ёстой. За, тэгээд мэдлэг боловсрол, нийгмийн хариуцлага, шударга ёс гээд ярих юм бол олон зүйлээр нийгэмдээ хошуучлагч байх үүрэгтэй. Манай залуу үеийнхэн биеэ авч явах соёлын хувьд ерөнхийдөө давгүй харагддаг болж. "Хүнийг хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг" гэж нэг үг бий дээ. Үүнийг хэн хүнгүй анхаарч мэдлэг чадвараа байнга дээшлүүлж, олон түмэн ардуудад хүнд суртал гаргахгүй, дээрээс нь биш дэргэдээс нь харж үйлчилж, ажиллаж байвал сайн.

Намайг суртал ухуулга хийлээ гэж битгий бодоорой. Өнөөгийн нийгэмд ёс суртахууны доголдол дээр, доргүй газар авч байна. Нийтээрээ гэгээрэлд шамдах нь чухал. Энэ тухай эрдэмтэн мэргэд, гэгээрлийг эрхэмлэгчид чадах ядахаараа сургамжилж байгаа боловч тусыг олох нь бага байна. Энэ тухай ном хэвлэлд ч мундахгүй бичиж байна. Эдгээрийн дотроос Nepko хэвлэлийн газраас гаргасан "Гэгээрлийн хөтөч" номыг би онцлох гэсэн юм. Энэ номыг хэн хүнгүй уншиж, уншсан зүйлээ тунгаан бодвоос хулгай хийж, худлаа хэлж, архи ууж агсан тавьж, ажил хийхгүй алмайран залхуурахын хор холбогдлыг эрх биш ухаарч эхлэх сайн талтай.

- Юм их энгийн болж байна гэж бид их ярьдаг болсон. Дипломат албанд энгийн байх тухай ойлголт хэрхэн илэрхийлэгддэг вэ?

- Амьдралд энгийн, даруу байх нь зөв. Гэхдээ энгийн байна гэдэг эрээ цээргүй, эх зах, эрэмбэ дараагүй байна гэсэн үг биш шүү дээ. Дипломат ёсонд хээ шаагүй, энгийн байна гэдэг харьцангуй ойлголт. Энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс олон улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн журам, уламжлалыг мөрдөж ажилладаг. Үүнийг дипломат протокол гэж нэрлэдэг.

"... протокол гэдэг нь албан ба албан бус харилцаанд засгийн газрууд, тэдгээрийн төлөөлөгчдийн биеэ авч явах дэг журмын цогц" гэж мэргэжлийн ном зохиолд бичсэн байдаг. Гэхдээ энэ нь дипломатч хүн өөрийгөө бусдаас ангид, зожиг, хямсгар байдлаар авч явна гэсэн үг биш л дээ. Орчин үе олон улсын харилцааны салбарт ажиллаж байгаа хүмүүсээс нээлттэй, найрсаг, ухаалаг байхыг шаарддаг болжээ.

"Бодол санаагаа нуухын тулд хүнд хэл заяасан юм" гэж Талейраны хэлсэн үг өнөөдөр тохирохгүй. Харин хэрсүү, ухаалаг байх нь зөв. Ч.Лодойдамба гуайн "Тунгалаг тамир" романд "Нэгэн зэврүүн өдөр Итгэлт өр нэхэхээр явах гэтэл Должин "Энэ хар хүйтэнд өөрөө яваад яах гэсэн юм бэ, Галсанг явуулчихгүй юу" гэхэд "Нэг бол хүний дургүйг хүргэчих, эсвэл хүнд маллагдчих амьтныг явуулчхаад юу бодож суух юм" гэж бичсэн байдаг. Энэ бол дипломатч хүн гэж хэнийг хэлэх ёстой юм бэ? гэдгийг оновчтой тодорхойлсон үг гэж би боддог.

- Олон улсын хэмжээний уулзалтад заавал брэндийн цаг зүүж, эсвэл үнэтэй даашинз, костюм, гутал өмсөх шаардлагатай юу гэх мэтээр төрийн өндөр албан тушаалтнуудын хувцаслалт олны хараанд өртөж, шүүмжлэл дагуулах асуудал гардаг. Төрийн албан хаагчийн хувцаслалтын ёс зүй, стандартын талаар хуваалцахгүй юу Та?

- Би эхний чинь асуултад хариулахдаа "Төр төмбөгөр, ёс ёмбогор" гэж хэлсэндээ. Төр, засагт алба хашиж байгаа хүмүүс биеэ авч явахад, түүний дотор хувцаслалтдаа анхаарах нь чухал. Цаг улирал, оролцож байгаа албаны болон ёслолын арга хэмжээнээс хамаарч хувцсаа зохицуулах шаардлага гардаг.

  • Өдөр тутмын ажилд нэг өнгийн хослол өмсөх нь зүгээр. Хэтэрхий ялгаатай өмд, пиджакийн хослол өмсөх нь онцгүй. Ялангуяа 21:00 цагаас хойш зохиогдож байгаа ёслолын арга хэмжээнд оролцохдоо бараан өнгийн хослол өмсөх нь зөв.
  • Дулааны улиралд гэгээлэг өнгийн, хүйтэн, сэрүүн улиралд бараан өнгийн хувцас зүгээр. Хүлээн авалт, зоогт урьсан урилга дээр өмсөх хувцсыг заасан байвал түүнийх нь дагуу хувцаслах ёстой.
  • Дээд, өндөр хэмжээний ёслолын арга хэмжээний үеэр смокинг, фрак, жакет гэх мэт хүндэтгэлийн хувцас өмсөх тохиолдол гардаг. Гэхдээ энэ нь ховор тохиолдол. Ёстой түрүүний хэлдгээр, сүүлийн үед хувцаслалтад тавих шаардлага энгийн болж байна. Гэхдээ энгийн байгаа нь энэ гэж нар салхинд халтартсан, хэрзгэр цээжээ гаргасан хувцас өмсөөд явах нь зохимжгүй.
  • Лакан гутлыг смокинг өмссөн үед хэрэглэнэ. Оймс гутал юм уу өмдний өнгөтэй ижил байх ёстой. Цамц ямар ч тохиолдолд гэгээлэг өнгийн байвал зүгээр. Ёслолын арга хэмжээнд оролцохдоо хар, хүрэн, хар хөх өнгийн цамц өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй.
  • Эрэгтэйчүүд элдэв гинж, зүүлт зүүх нь онцгүй харагддаг. Ганган хүнд гархи нэмэр, галзуу нохойд гинж нэмэр гэж монголчууд ярьдаг байх аа?
  • Пиджакийн энгэрийн халаасанд зориулалтын алчуур хавчуулж болно. Заавал, цагаан юм уу зангианыхтай ижил өнгөтэй байх албагүй.

- Үс засалт, гоёл чимэглэл нь юуг илэрхийлж байвал зохистой вэ? Мөн ямар хэм хэмжээнд байх ёстой вэ?

- Үс засалт ямар ч байж болно. Хиргүй, хаггүй л байх нь чухал. Ер нь биеийн ариун цэвэрт хувцасныхаас ч илүү анхаарах хэрэгтэй

- Дайлах, дайлуулахад анхаарах зүйлийн талаар товч ярихгүй юу, анзаарахад зарим арга хэмжээнд хэтэрсэн байдал ажиглагддаг? 

- Урьсан зочин гийчнээ дайлахад анхаарах зүйлийн талаар товчхон хэлье. Бид зочин гийчнээ дайлах цайлах дуртай. Гэхдээ дайлж цайлах гэсэн сайхан сэтгэлээ "шийтгэл" болгож болохгүй.

Ялангуяа архи дарсаар дайлахдаа зочдоо шахаж, залхаадаг соёлгүй, бүдүүлэг үзэгдэл их ажиглагддаг. Архи өгөхдөө архины зориулалтын хундаганд биш, том стаканд хийж, заавал уу гэж шахаж "зэрлэг" ааш гаргадаг. Бас монгол ёсонд заавал гурван хундага /тэр нь хундага биш стакан/ архи тогтоодог гэсэн хаана ч байхгүй "ёс жаяг" ярьж маазарна.

"Монголын угсаатны зүй" гэдэг дээр үеийн номонд "40 хүрсэн эр найр наадамд очоод насны эрэмбээр сууж гурав хүртэл хундага архи тогтоож болно" гэж бичсэн байдаг. Айргийг ч гэсэн ялгаагүй гадаадын хүнд өгөхдөө саналыг нь асууж, бага хэмжээгээр өгөх ёстой. Би монголчуудад сургамж болгох үүднээс нэг жишээ татъя.

Номонд хэвлэгдсэн учир би уншиж өгье "... Тэнд бидэнд үйлчилж байсан оюутан залуус надад хандан "Чи монгол хэл сурсан, Монголоор мэргэшиж байгаа залуу хүн учраас айраг сайн уух хэрэгтэй. Дор хаяж өглөө нэг литр, үдийн хоолон дээр хоёр литр айраг ууж байх хэрэгтэй" гэсэнд би айргийн тухай ямар ч ойлголтгүй залуу байсан болохоор "Нээрээ л тийм юм байх даа" гэж бодоод айраг хэтрүүлж уугаад ёстой балрах шахсан. Би их өндөр халуунтай байсан. Би энэ янзаараа байх юм бол амь насанд ч хүрч магадгүй юм байна гэж бодогдсон. Эмчид үзүүлж, зөвлөгөөг нь ягштал биелүүлсний ачаар бие минь сайжирсан" гэж дурсамждаа бичсэн байдаг.

Гаднын зочдыг дайлахдаа тэдний дунд цагаан хоолтон байгаа эсэх, ямар хоол илүү зохимжтойг бодолцож бэлдэх хэрэгтэй. Жишээ нь, нойр булчирхай, ходоод гэдэсний өвчтэй хүнд боодог, хорхог өгч дайлбал хоол биш хор болж, шулуухан хэлэхэд амь насанд нь ч хүрч мэднэ. Учиргүй ид, уу гэж зочноо шахаж шавдах нь бүдүүлэг ёсны нэг хэлбэр.

Гадаадад очоод албан газар, айл хунарт уригдаж дайлуулахдаа идэж дасаагүй хоолыг нэрэлхсэндээ болоод авах хэрэггүй. Аятай хэлбэрээр татгалзсан нь авч идсэнээс хавьгүй дээр.

Зарим хүмүүс өгсөн хоолыг гүйцэд идэхгүй, тавганд нь үлдээж харагддаг. Энэ бас ихээхэн бүдүүлэг зан. Нэгдүгээрт зочилсон хүний хоолыг голж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Хоёрт гэвэл танд өгч байгаа хоол таны ширээн дээр ирэх хүртлээ олон хүний хөдөлмөр шингэсэн байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Ийм тохиолдолд хоол ирэхээс өмнө татгалзах нь хамгийн сайн арга.

- Ярилцсанд баярлалаа Танд 

Б.Даваабазар

Эх сурвалж: ikon.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.