
Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн, өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За, чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.
Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас өмсгөж, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болгоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Хүү аав хоёрыг харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний эрэг дээр амарч байхдаа аав нь:
- За миний хүү ажил хийж сурав уу? Гэхэд, хүү нь:
- Ажил хийж сурлаа гэж гэнэ. Аав нь ажлын хөлсний ганц зоосыг нь авсанаа мөрний ус руу шидэж орхив.
Харин хүү гайхсан шинжтэй харсанаа юу ч хэлсэнгүй цааш явжээ.
Аав хүүгээ бас өөр нэгэн эзэнд урьдын адил болзолтойгоор өгсөн боловч нөгөө эзэн мөн л адил эргэлзэж байснаа тааваар нь нэг жил болгоод буцаажээ. Аав нь хүүгээ аваад буцах замдаа ажлын хөлс ганц зоосыг нь ус руу шидсэн ч мөн урьдын явдал давтагдаж хүү тоосонгүй өнгөрөв гэнэ.
Аав хаширсангүй, бас нэгэн баян эзэнд зарцлуулахаар өгчээ. Харин энэ эзэн урьдын эздийн адил гайхширсан боловч “Энэ ямар нэгэн учиртай байх” гэж бодоод, хүүг нь жирийн нэгэн барлагын адил ажилд зүтгүүлж өгчээ. Өглөө хар үүрээр босгон ажилд хөөж гаргана. Үд дээр аяга усанд чанасан тутрага, орой ганц ширхэг эрдэнэ шишээр хооллон, харанхуй болтол ажилд зүтгүүлэн бүтэн жил өдөр шөнөгүй заржээ. Ингээд болзсон хугацаа болоход аавд нь хүргэж өгөөд, ажил сайн хийсэн гээд өөрийн санаснаар ажлын хөлс төлөх гэсэн боловч аав нь зөвшөөрсөнгүй, тохиролцсоноо л өг гэж гэнэ.
Ингээд аав, хүү хоёул буцаж яваад мөн л мөнөөх мөрний эрэг дээр амрахаар суув. Аав:
- За миний хүү ажил хийж сурав уу? гэхэд
Хүү:
- За даа, аав минь дөнгөж л ажлын зах зухтай л болж байна даа гэхэд аав нь гайхан харж байснаа ажлын хөлс ганц сохор зоосыг нь аван ус руу шидэхээр далайтал хүү учиргүй сандран эцгийнхээ гарыг барин хорьж:
- Аав минь, энэ хэдийгээр ганц муу сохор зоос төдийхөн боловч миний бүтэн жилийн ажлын хөлс билээ гээд нүдэнд нь нулимс тунаж ирэхэд сая аав:
- Тийм байна, миний хүү үнэхээр ажил сурчээ. Урд нь хоёр удаа чиний бүтэн жилийн ажлын хөлс гэгдэж ирсэн зоосыг ус руу шидэхэд чи огт тоохгүй байж билээ. Харин энэ ганц зоосыг чи үнэхээр хөлсөө дуслуулан, хүчээ шавхаж олсон болохоор ус руу хийчих вий гэж бачимдан сандарч байгаагаас чинь тодхон байна. Жинхэнэ ажлын хөлс гэж энэ дээ гэж гэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.