Европын орнууд омикроны тархалтаас сэргийлэх арга хэмжээ авсаар байна

Twitter Print
2021 оны 12-р сар 20-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Нидерланд улс омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд өнгөрсөн ням гарагаас эхлэн хатуу хөл хорио тогтоосон бол Их Британийн Эрүүл мэндийн сайд нэмэлт хязгаарлалт тогтоохоор төлөвлөж буй талаар дурджээ.

Омикрон хувилбарын тархалт нэмэгдэхээс сэргийлж Нидерландын эрх баригчид ирэх 1-р сарын дунд хүртэл нэг дор цуларах иргэдийн тоог нэг гэр бүлээс дээд тал нь 2 хүн гэж зааж байгаа ба зөвхөн Зул сар, Шинэ жилийн баярын үеэр нэг доор цугларах хүмүүсийн тоог нэг гэр бүлээс дээд тал нь 4 хүн болгохоор төлөвлөжээ. Хүнсний дэлгүүр, супермаркетуудаас бусад дэлгүүр, худалдааны төвүүд хаалгаа барьж, соёл урлагийн арга хэмжээнүүдийг цуцалснаас гадна сургуулиуд 1-р сарын 9 хүртэл хаалттай байх гэнэ.

Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте Нидерланд улс омикрон хувилбарын халдварын хамтаар коронавирусын халдварын 5 дахь давалгаанд өртөх нь гарцаагүй учраас хөл хорио тогтоож буйгаа мэдэгдсэн ба түүний хэлж байгаагаар шуурхай арга хэмжээ авахгүй бол эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал хурцдах эрсдэлтэй байгаа аж.

Омикрон хувилбар тус улсад бүртгэгдэхээс өмнө Нидерландад коронавирусын халдварын тархалт нэмэгдсэн байсан ба он дуусахаас өмнө тус улсад шинээр бүртгэгдэх коронавирусын халдварын тохиолдлуудын дийлэнхийг омикрон хувилбарын халдвар эзэлнэ гэж эрдэмтэд үзэж байна. Их Британид омикрон хувилбарын халдвар давамгайлах хандлагатай байгаатай холбоотойгоор тус улсын Эрүүл мэндийн сайд оноос өмнө хөл хорио тогтоож болзошгүй талаар мэдэгджээ.

Их Британийн Эрүүл мэндийн сайд Сажид Жавидын мэдээлснээр Англид бүртгэгдэж буй коронавирусын халдварын тохиолдлуудын 60 орчим хувийг омикрон хувилбарын халдвар бүрдүүлж байгаа аж. Их Британийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногуудад иргэдэд олон нийтийн газрууд, барилга байгууламж дотор амны хаалт зайлшгүй зүүх, гэрээсээ ажиллахыг зөвлөсөн ч халдварын тохиолдлууд буурахгүй байна.

ХБНГУ өнгөрсөн ням гарагт Их Британи улсыг "халдварын өндөр эрсдэлтэй" орнуудын жагсаалтанд оруулжээ. Ингэснээр Их Британиас ХБНГУ-ын хилээр зөвхөн ХБНГУ-ын иргэд л нэвтрэх эрхтэй болжээ. Европын улс орнууд халдварын тархалттай холбоотойгоор Зул сарын баярын үйл ажиллагаануудаа цуцалсаар байна.

Франц улс Шинэ жилийн баярын баярын үеэр гадаа олон хүн нэг дор цугларах арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг хоригложээ.

Дани улс кинотеатр, театруудыг хааж, дэлгүүрт нэг дор үйлчлүүлэх иргэдийн тоог цөөлөх арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Италийн нийслэл Ром хотын удирдлагууд мөн адил Зул сар, Шинэ жилийн баяртай холбоотой арга хэмжээнүүдийг хориглоод байна.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.