В. Зеленский Европын удирдагчдаас аюулгүй байдлын баталгаа хүсэв

Twitter Print
2022 оны 10-р сар 07-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын улс төрийн нийгэмлэгийн уулзалтанд оролцож буй Европын удирдагчдаас Украины НАТО-д элсэх хүсэлтийг дэмжиж, аюулгүй байдлын баталгаа хүссэн байна.

ОХУ, Беларусиас бусад Европын бүх удирдагчид цугларсан Европын Улс төрийн Нийгэмлэгийн анхны чуулга уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский Украиныг дэмжих нь Европын улс орнуудын өөрсдийнх нь эрх ашигт өлзийтэй хэмээн онцолжээ.

ОХУ-ын Украинд явуулж буй дайны нөлөөнөөс Европын улс орнууд зайлсхийж чадахгүй гэдгийг В.Зеленский онцолж, "Оросын танкууд Варшав эсвэл Прагад орж ирэхгүй байхын төлөө, Оросын их бууны сум Балтын орнуудыг чиглэхгүй байхын төлөө, Оросын пуужин Финлянд эсвэл өөр улсад цохилт үзүүлэхгүй байхын төлөө" Украиныг дэмжихийг уриалжээ.

Исланд, Азербайжан гэхчлэн 44 улсын төрийн тэргүүнүүд оролцсон Европын Улс төрийн Нийгэмлэгийн чуулган Чехийн Прага хотод болж өнгөрчээ.

Эрчим хүчний үнийн нэмэгдэл, эдийн засгийн хямралтай тулаад буй улс орнуудын төрийн тэргүүнүүд бүгд нэг дор цугларсан нь тэд Украинтай цуг ОХУ-ын эсрэг нэгдэж буйг харуулсан явдал байлаа хэмээн ажиглагчид үзэж байна.

Чуулга уулзалтын дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, "Бид Европын 44 улсын нэгдмэл байдлыг харууллаа. Бид бүгд 44-үүлээ Оросын түрэмгийллийг буруушааж, Украиныг дэмжиж байна." гэжээ.

Европын удирдагчид эрчим хүчний дэд бүтцийн төслүүдээ урагшлуулж, Европ руу дүрвэж байгаа иргэдийн тоог бууруулах асуудлуудыг тус тус хэлэлцжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.