Энхсаран сувиллаас коронавирус тархсан талаар анхлан мэдээлсэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 15-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны 11-р сарын дундуур “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан хэд хэдэн хүнээс халдвар илэрснээр Монгол улс дотооддоо коронавирус алдсан орон болсон. Харин Энхсаран сувилал хэрхэн коронавирусыг дотооддоо алдах үүр болсон талаар тус сувилалд хорионд байхдаа коронавирусийн халдвар авсан иргэн Д.Мөнхбат анхлан даацтай дуугарч, нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарлаж, нийгэмд дохио өгч, ард иргэд болон засаг төрд сэрэмжлүүлсэн билээ. 

Тэрбээр эмчлүүлж байх хугацаандаа эх нутагтаа ирснээсээ хойш вирус авч эмчлэгдэх болсон цаг хугацааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал бодлоо нийгэмтэй хуваалцах болсон. 

Харамсалтай нь нийгэм түүнийг цар тухлыг дотооддоо алдах болсон шалтгааныг мэдээлж, олон түмэнд тус хүргэсэн, эрх баригчдад цаг алдалгүй барьж авах боломж олгосон гэж үздэг ч зарим хүн тэгэж үзэхгүйгээр үл барам буруутан болж буй талаараа тэрбээр урд нь дуугарч байсан ч өнөөдөр түүнийг Эрүүгийн хуулиар яллагдагчаар татаж буй талаар өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр,

"Эрүүл болоод удаагүй байтал Эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдав.

Бүх зүйлийг эхнээс нь тайлбарлая. Эгэл жирийн иргэн байжээ. Tэрээр хэнд ч тээр, саад бололгүй ажил хөдөлмөрөө эрхлэн аж төрөх бөгөөд, хүний эрхээ дээдэлж иргэний үүргээ ухамсарлан явдаг нэгэн. Гадаадад олон сар гацаж гэртээ ирэх гэтэл тусгаарлалт нэртэй иргэдийг олноор нь хашиж хорьсон үйл явдлаас үүдэн эх орондоо эрүүл ирээд тухайн газраас Корона вирус халдвар авав. Сар гаруй хугацаанд эмчлэгджээ, хүнд өвдсөн одоо ч бие нь сайнгүй. Эмнэлгээс гарсан даруй цагдаагийн газарт нэг бус удаа дуудагджээ.

Үзэл бодлоо илэрхийлж иргэний үүргээ биелүүлсэн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан. Хэрэг ингээд дууссангүй...

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна.

Хариуцлагагүй шийдвэрийн улмаас олон иргэдийн амь нас эрүүл мэнд хохирч болох байсан эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор шударга шүүмжлэл өрнүүлсэн миний мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан хэв шинжтэй болж тооцогджээ. Үнэн бодит байдлыг хэлэх нь бусдыг төөрөгдөлд хөтөлж байна гэж үү? "Үнэн" хүнийг төөрөгдүүлдэг харин "худал" хүнийг хөтөлдөг цаг үе үү?

Mиний мэдэх шударга ёс ийм биш, бидний хүсдэг нийгэм ийм биш. Яагаад бид энэ асуудлыг хөндөж тэмцэх ёстой вэ гэвэл ирээдүйд бидэнд үлдэх цаг үе, орон зай учраас түүнийгээ аврах өчүүхэн ч гэсэн алхам хийх нь бидний үүрэг" гэжээ.

Г.Ганаа

Холбоотой мэдээлэл: 

Д.Мөнхбат: Цагдаагийн газраас тодруулга авах нэрээр ард иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тараасан хэмээн буруутгаад авлаа- http://mongolcom.mn/kids/id/6152

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.