Эдгэрсэн хүмүүсээс дахин илэрсэн вирус халдварлах уу?

Twitter Print
2020 оны 07-р сар 24-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Шинэ коронавирусний халдвартай тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүтэй ярилцлаа. 

-Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Бүрэн нөөцөөрөө ажиллаж байгаа юу?

-Бүрэн нөөцөөрөө ажиллаж байна. ХӨСҮТ-д хоёр лабартори нээсэн бөгөөд 1500-2000 шинжилгээ зэрэг хийх хүчин чадалтай. Оношлуурын хувьд, бүрэн хүрэлцээтэй байгаа. Ойрын 14 хоногтоо оношлуур нэмж авах төлөвлөгөөтэй байна. Улсын хэмжээнд, нийт зургаан лаборатори ажиллаж байна. Тодруулбал, Ховд, Дорнод, Алтанбулаг, Орхон аймагт лаборатори ажиллаж байгаа. Тэнд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийг ХӨСҮТ-д сургасан. Мөн ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд аймагт нь очиж 14 хоног сургалт орсон. Дархан-Уул аймаг болон ЗӨСҮТ-ийн лаборатори бүрэн ажиллаж байна. ЗӨСҮТ-ийн лаборатори БНХАУ-ын хил дээр очиж PHR шинжилгээ буюу эцсийн хариу гаргадаг шинжилгээ хийж байгаа. Дорнод, Ховдын лаборатори туршилт, бэлтгэл ажлын хэлбэрээр тодорхой сорьцонд илрүүлэх шинжилгээ хийж байна. Аймгуудад байгаа лабораторийн аппаратыг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн.

-Тусгаарлалтад байх хоногийг 14 байсныг 21 болгож нэмсэн нь ямар шалтгаантай вэ. Олон улсад ийм олон хоногоор тусгаарлах журам баримтлахгүй байна?

-ЭМЯ, ХӨСҮТ болон бусад эмч судлаач нар хэлэлцэж, гаргасан хугацаа. Бид бол улс дотроо алдаагүй орнуудын тэргүүн эгнээнд явж байна. Тиймээс ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу улс орон бүр өөрийн дүрмээрээ ажиллаж байна.

-Эдгэрсэн хүмүүсээс дахин коронавирус илэрсэн тохиолдол гараад байна. Энэ тал дээр манай улс тандалт судалгаа хийж байгаа юу?

-Энэ асуудал дээр бид онцгой анхаарч байгаа. Олон улсад ч эдгэрсэн хүмүүсээс дахиж вирус илэрсэн тохиолдол их байна. БНСУ-д эдгэрч гарсан 800 гаруй хүнд дахин вирус илэрсэн тул тандан судалж байна. Вирус нь үхсэн эсвэл амьд гэж тодорхойлогдож байгаа эсэхийг ялгаж гаргадаг шинжилгээг дэлхий нийтээрээ хийж чадахгүй байгаа. Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эмчилгээгээ хийж байна. Ингэхдээ, таван сорьц дээр гурван өдөр дараалан шинжилгээ хийж вирус илрээгүй хийгээд шинж тэмдэг бүрэн арилсаны дараа эмнэлгээс гаргадаг. Эдгэрсэн хүмүүсийн дунд дахин вирус илэрсэн. Гэхдээ эдгэрч гараад 14 хоног сувилалд, дараа нь гэртээ 14 хоног тусгаарладаг. Энэ үед нь бид давтан шинжилгээ хийж хянаж байна. Сувилалд байгаа хүмүүсээс вирус илэрсэн. Энэ вирус халдвар тараах чадвартай эсэхийг одоогоор хэлэх боломжгүй, судалж байна. Нийгмийн дунд сул тавилгүй, тэдэнд учрыг нь хэлж ойлгуулаад, хяналтын хугацааг сунгаж байна. Тэдгээр иргэд ч үүнийг ойлгож байгаа. ДЭМБ-ын баруун эргийн бүсийн харъяаны 37 оронд манай улс багтдаг тул мэдээлллээ тэнд байнга өгдөг. Тэнд мөн адил улс орны асуудлыг хэлэлцэж шүүдэг юм. Зөвхөн бид энд хэдүүлхнээ ажилдаггүй. Дэлхийн хэмжээнд, бүх улс орон зөвлөлдөн ажиллаж байна. Тиймээс бид чадлынхаа хэрээр  ажиллаж байгаа, мөн чадлынхаа хэрээр гадаадад байгаа иргэдээ эх оронд нь авчрах гэж зүтгэж байна. Энд байгаа нөөц бололцоогоо зөв тооцож ажиглах байрны тоог нэмж байна. ХӨСҮТ 250 ортой бөгөөд хүн хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангаж, эмч сувилагч хүний нөөцөө бэлдчихсэн хүлээж байна. Гэхдээ цааш нь үргэлжлүүлж 300-350 ортой болгох зорилготой байгаа. 

-Нэг хүний эмчилгээний өртөг ямар байдаг вэ?

-Маш их мөнгөн дүн гарч байна. Эмч, сувилагч нар малгайнаас эхлээд, хөлийн ул хүртэл бүрэн хувцаслаж орж байгаа. Тэр бүгдийг нэг л удаа ашиглана. Ороод л гарахдаа устгаж байх ёстой. Ашиглаж байгаа маск, вирусний эсрэг эм, бусад шинж тэмдгүүдийг дарах эм, эмч нарын илүү цаг, байр дулаан, тоног төхөөрөмж зэргийг нарийн тооцох ДЭМБ-ын аргачлал байгаа. Өртгийг ДЭМБ-ын арагчиллаар нарийн тогтоосны дараа зарлана гэж өмнө нь би хэлсэн. Тиймээс дур мэдэж хэлж чадахгүй. 

-Иргэд оношлуурт үл итгэж, шүүмжлэлтэй хандаж байна. Манай улсынхтай адил оношлуурыг өөр ямар улс орон хэрэглэж байгаа вэ?

-Бүх улс орон ижилхэн оношлуур хэрэглэж байгаа. Бид хамгийн анх Япон улсаас оношлуур авч хэргэлсэн. Бидэнд шүүмжлэх эрх байхгүй, өөр сонголт ч байхгүй. Оношлуурын нөөц хангалттай хүрэлцээтэй бүрдсэн байгаа. ДЭМБ, НҮБ, гадны улс орнууд ихээхэн туслаж байна. Төр засаг онцгой анхаарч, цаг алдахгүй түргэн шуурхай бүх хангамжийг нийлүүлэх захиалга төлбөрийг хийсэн.

-Тусгаарлалтын хоногийг сунгаж байгаа нь зориудаар иргэдээс төлбөр нэмж авч байгаа гэсэн хардлага нийгэмд байна. Үүнд тайлбар өгнө үү?

-Тийм зүйл байхгүй. Анх гадаадад байгаа иргэдээ битгий авчир гэж нийгэм даяараа ярьж байсан. Тэгвэл бид авалгүй яахав, бидний тасархай тэнд байна гээд авч байсан шүү дээ. Бид өнгөрсөн хугацаанд юунд алдсан юм бэ. Чадлынхаа хэрээр нойр, хоолгүй зүтгэж байна. Энэ олон төрийн байгуулллага, УОК, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын газар, эмч нар бүгд яаж зүдэрч ажиллаж буйг та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй. Хамгаалалтын нэг хувцас өмсөхөд л битүү хөлөрдөг. Зарим тохиолдолд эрэгтэйчүүдийг хол нислэгийн онгоцонд явуулдаг. Тусгай хамгаалалтын хувцастай бие засаж болдоггүй учир тусгай шингээгчтэй живх өмсдөг. Үүнд эмч нар маань сэтгэл санаагаар унаж байна. Бидний хүч хөдөлмөрийг үгүйсгэж байгаад гомдолтой байна.

montsame.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.