Северодонецк хотын гудамжнаа ширүүн тулаан болж байна

Twitter Print
2022 оны 06-р сар 07-нд 11:16 цагт
Мэдээний зураг,

Украины зүүн хязгаарын Северодонецк хотын гудамжнаа ОХУ болон Украины зэвсэгт хүчнийхэн хоорондын тулаан ширүүсчээ.

ОХУ-ын зэвсэгт хүчнийхний хувьд тус хотыг хяналтандаа авсанаар Москва "Донбассыг чөлөөлөх" зорилтондоо хүрэх нь ойртох юм. Хотод явагдаж буй тулаанд хэн нь ялж байгааг хэлэх боломжгүй байгаа ба Северодонецк хотын засаг захиргааны тэргүүн Александр Стрюкийн мэдээлснээр, "нөхцөл байдал цаг тутам өөрчлөгдөж" байгаа аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, "Северодонецк хотын гудамжнаа ширүүн тулаан үргэлжилсээр байна. Оросын арми Донбасс руу нэмэлт хүч илгээхийг оролдож байна." хэмээн мэдэгджээ.

Луганск мужийн захирагч Сергей Гайдайн хэлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины зэвсэгт хүчнийхэн Оросын армийг ухрахад хүргэснээс болж нөхцөл байдал улам дордсон аж.

Өнгөрсөн даваа гарагт Донецк болон Луганск мужид ОХУ-ын зэвсэгт хүчний суманд хоёр энгийн иргэн өртөж, нас барсан хэмээн Украины зэвсэгт хүчнээс мэдээлж байна. Донецк мужийн захирагч Павел Кириленко, "Бид иргэдэд эндээс явах боломж гаргаж өгч байгаа. Өнгөрсөн долоо хоногт Словянскаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Цаана нь ойролцоогоор 24 000 хүн үлдсэн. Оройтсон ч гэсэн хүмүүс явах нь зөв гэдгийг ойлгож эхэлж байна." хэмээн ярьсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн Нэгдсэн Вант улсад 80 км хүртэлх зайд байгаа байг онох чадвартай пуужингийн систем илгээсэнд талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин барууны орнууд Украинд холын зайн тусгалт пуужин нийлүүлбэл Москва өмнө нь цохилтонд өртөж байгаагүй Украины бүс нутгуудыг онилно хэмээн анхааруулсны дараахан ОХУ-ын зэвсэгт хүчин нийслэл Киевийн захын дүүргүүдийг бөмбөгдсөн билээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдсэнээр дэлхий даяар үүссэн хүнсний хомстолтой холбоотой асуудал хурцдаж байгаа нь ОХУ Украины үр тарианы экспортыг гацааж байгаатай холбоотой аж. ОХУ Украин руу халдсанаас хойш дэлхий даяар үр тариа, наранцэцгийн тос, шатахуун, бордооны үнэ огцом өссөн билээ.

ОХУ, Украин хоёр дангаараа дэлхийн улаан буудайн нийт хэрэглээний 1/3-ийг эзэлдэг, ОХУ бордооны гол экспортлогч бол Украин эрдэнэ шиш, наранцэцгийн тосны томоохон экспортлогч юм.

Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр дэлхий дахинаа үүсээд буй хүнсний хомстлын асуудал дордож байгаа явдалд Москваг буруутгасны дараагаар ОХУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Василий Небензя хурлыг орхин гарчээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.