Guardian: Монголчууд Газын зурвасаас ирсэн палестинчуудтай адил хавчигдсаар байна

Twitter Print
2020 оны 08-р сар 10-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Энэ хавар хичээл нь дуусахаар Пүүжээ эх орон Монгол руугаа буцах байлаа. Тэрээр нийслэл Улаанбаатарт ажиллахаар төлөвлөсөн байв. Гэвч 3-р сарын дундуур Монгол улс хилээ бүхэлд нь хааж, улсынхаа иргэдийг ч оруулахаа болив. Будапештад сурдаг 26 настай Пүүжээ Европт гацсан хэдэн мянган монголчуудын нэг болжээ.

КОВИД-19 өвчний цар тахал хэдэн сая иргэдийн аяллын төлөвлөгөө, амралтыг нурааж, гэр бүл ойр дотныхонтойгоо зайнаас харилцахад хүргээд байна. Гэсэн хэдий ч эх орон руугаа буцаж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд нөхцөл байдал илүү хүнд тусч байна. Хятадын оюутнууд, Монголын жуулчид, Газын зурвасын палестинчууд зэрэг олон тооны иргэд эх орондоо буцаж чадахгүй байна. Тэд гэр бүлийнхнээсээ хол гацсанаас гадна мөнгө санхүүгийн асуудалтай тулгарч, ирээдүйдээ итгэлгүй байна. Гадаадад гацсан монголчуудын хувьд нөхцөл байдал хамгийн хүнд байгаа гэж хэлж болно. Тэдний эх орон руугаа буцах цорын ганц боломж нь тусгай үүргийн онгоцонд багтах юм.

Гэвч тусгай үүргийн нислэг сард нэг л удаа Франкфурт болон Истанбулаас ниснэ. Тус онгоцны тасалбар нь маш үнэтэйгээс гадна зорчигчид эх орондоо буцсан даруйдаа 21 хоногийн тусгаарлалтанд байх ёстой аж. Тусгай үүргийн онгоцонд багтаж, эх орон руугаа буцах хүсэлтээ хэдэн мянган иргэн гаргадаг ч дийлэнх нь татгалзах хариу авдаг. Иргэдийн дунд засгийн газарт танил талтай нь л тус онгоцонд багтаж байна гэсэн яриа хүртэл гарчээ. Монголын Гадаад харилцааны яамнаас энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй л байна. Унгарын Печ хотод гацсан Л.Оюунаа энэ талаар, "Европт гацсан 2500 монгол сардаа 2 удаа л нисэх тусгай үүргийн онгоцонд багтахаа хэр удаан хүлээх ёстой вэ" хэмээн бухимдав. Тэрээр Фэйсбүүкт Европт гацсан монголчууддаа зориулан пэйж хуудас нээжээ. Европт гацсан монгол оюутнуудын мөнгө нь дуусч, 3-р сард нислэгүүд зогссоноор богино хугацаагаар аялах гэж ирсэн жуулчдын Европт байх хугацаа хэдэн сараар сунжирчээ. Гадаадад сурч буй хятад оюутнууд ч мөн адил эх орон руугаа буцаж чадахгүй байна.

Хятадын Ухань хотод коронавирусын халдвар илэрсэнтэй холбоотойгоор БНХАУ хилээ хааж, хатуу хөл хорио тогтоосон анхны улс болсон билээ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас бусад улс орон руу нислэгүүд хийгдэж байгаа ч нислэгийн тасалбарын үнэ нь хэд дахин нугарч, сүүлийн мөчид нислэг хойшлогдох явдал гарч байгаа нь иргэдийн уур бухимдлыг төрүүлсээр байна. Гадаадад гацсан оюутнуудын эцэг эхчүүд Хятадын гадаад харилцааны ажилтнууд руу тусламж хүссэн ил захидал бичиж, Хятадын цахим хэрэглэгчид иргэдээ гадаадаас авчрахгүй байгаа нь Хятад улсын нэр хүндэд муугаар нөлөөлж буйг онцолжээ. АНУ дахь БНХАУ-ын элчин сайдын яамнаас мэдээлснээр 4-р сарын 11-нээс 6-р сарын 5-ны хооронд Хятад улс 7000 орчим иргэнээ эх оронд нь авчирсан ба иргэдээ эх оронд нь буцааж авчрах тусгай үүргийн нислэгүүдээ үргэлжлүүлэн хийх болно гэжээ.

Израиль-Египтийн бүслэлтийн улмаас хэдийн хүнд хэцүүг туулж буй Газын зурваст амьдардаг палестинчуудын хувьд коронавирусын цар тахал нөхцөл байдлыг улам хүндрүүлээд байна. Израилийн хүний эрхийг хамгаалах Гиша байгууллагаас мэдээлснээр Газын зурвас руу орох гарах хөдөлгөөн өнгөрсөн 2-р сарынхтай харьцуулахад 98 хувиар буурсан ба өнгөрсөн 6-р сард 218 палестинчууд Газын зурвасаас гарчээ. Тархины хортой хавдарынхаа улмаас эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн 4-р сард Газын зурвасаас гарсан 32 настай эмэгтэй одоог хүртэл 4 хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байгаа ба хүүхдүүдийнх нь хамгийн бага нь 9 сартай аж.

Тэрээр Рамалла хотоор дамжин Газын зурвас руу хоёр ч удаа нэвтрэх гэж оролдсон ч Израилийн шалган нэвтрүүлэх дээр түүнд татгалзсан хариу өгчээ. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн ба, "Би хүүхдүүдтэйгээ өдөр болгон утсаар ярьж, видео дуудлага хийж тэднийгээ хардаг. Би Газын зурваст дургүй. Гэхдээ би нөхөр хүүхдүүдтэйгээ хамт байхыг хүсч байна. Би буцмаар байна." хэмээн ярив.

Монгол улс болон Газын зурвасын иргэдийн асуудал маш хүнд байна. Тэгвэл зарим улс орнууд иргэдээ хүлээн авахаа мэдэгдсэн ч тус улсад удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байна. Тэдгээр улс орнуудын нэг нь Арабын Нэгдсэн Эмират улс юм. Тус улсын нийт хүн амын 12 хувийг л Эмират улсын иргэд бүрдүүлдэг бол үлдсэн хувь нь гадаадын иргэд байдаг аж. Арабын Нэгдсэн Эмират улсад олон жилийн хугацаанд ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийг эрх баригчдын уг шийдвэр цочирдуулаад байна. Арабын Нэгдсэн Эмират улс руу буцах хүсэлтэй иргэдийн Фэйсбүк дахь хуудаснаас харвал саяхнаас гадаадын жуулчдыг хүлээн авч эхэлсэн тус улс руу хэдэн мянган оршин суугчид нь нэвтэрч чадахгүй хэвээр байгааг анзаарах боломжтой юм.

Заримынх нь хамаатан саднууд Арабын Нэгдсэн Эмиратад үлдсэн бол зарим нь тэнд эмчилгээ хийлгэхээр товлосон байжээ. Дубайд 20 жилийн турш амьдарсан Англи улсын иргэн эмэгтэй энэ талаар, "Болж буй үйл явдал хүмүүст Арабын Нэгдсэн Эмират улсад амьдрах талаар дахин нэг бодож үзэхэд хүргээд байна. Тус улсад амьдарч буй гадаадын иргэдийг үл тоомсорлож байгаа нь тодорхой байна" хэмээн ярилаа. 

Эх сурвалж: theguardian.com/world/2020/aug/03/the-people-that-covid-19-has-cut-off-from-home

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.