Израильд иргэд Шүүх тогтолцоонд шинэчлэлт хийхийг эсэргүүцэн жагсжээ

Twitter Print
2023 оны 01-р сар 16-нд 11:05 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Израилийн Тель Авив хотноо эвслийн засгийн газраас шүүх тогтолцоонд өөрчлөлт шинэчлэлт хийхийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд 80 мянга гаруй иргэд оролцжээ.

Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн засгийн газраас санал болгосон хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр Израилийн парламентад Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хялбар болж байгаа ба иргэд Беньямин Нетаньяхугийн засгийн газрын шийдвэрийг ардчиллын эсрэг хийж буй алхам гэж үзэж байна.

Түүнчлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр иргэд Иерусалим дахь Ерөнхий сайдын гэрийн гадаа болон хойд зүгийн Хайфа хотод эсэргүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан байна.

Тель Авив хотод жагсагчид зам хаахыг оролдсонтой холбоотойгоор цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн үүссэн байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар Израилийн засгийн газраас санал болгосон хуулийн төсөл нь шүүх тогтолцоог доголдуулж, авлига, хээл хахуулийг хөхиүлэн дэмжиж, нийгмийн цөөнхийн эрхийн асуудлыг хойш тавьж, Израилийн шүүхийн тогтолцоонд итгэх итгэлийг үгүй хийх аж.

Шүүх тогтолцооны шинэчлэлтийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн дотор Израилийн Дээд шүүхийн дарга Эстер Хаят, мөн Израилийн Ерөнхий прокурор нар багтаж байна.

Сөрөг хүчнийхэн израильчуудыг ардчиллаа аврахын тулд шүүх тогтолцооны өөрчлөлтийг эсэргүүцэн жагсахыг уриалсаар байна.

12-р сард байгуулагдсан эвслийн засгийн газраас санал болгож буй хуулийн төсөл хэрэгжих нь парламентад хуулийн төслийг ямар ч саад бэрхшээлгүйгээр батлах боломжийг олгох ба үүнийг ашиглан шинэ засгийн газар Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн холбогдсон хэргүүдийг хүчингүй болгож магадгүй гэж үзэж байгаа аж.

Беньямин Нетаньяхугийн хувьд авлига, луйвар зэрэг хэргээр шалгагдаж байгаа ч тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа юм.

Түүнээс гадна шинэ хуулийн төслийн дагуу эрх баригчид шүүгчдийн томилгоонд нөлөө үзүүлэх боломжтой болох аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.