Шударга ёсны төлөөх “БОСЛОГО”

Twitter Print
2021 оны 02-р сар 03-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Нэгэн сургууль дээр хүүхэд бүр нэгэндээ хүндэтгэн мэхийж байх журамтай ажээ. Багш ажилчидтай ч мөн адил. Гэтэл 10-р ангийнхан ахлах ангийнхандаа хүндэтгэл үзүүлэхгүй байгаа талаар яриа гарав. Нийгмийн ажилтан тэдэнтэй уулзаж ярилцсанд, уг нь мэндэлдэг, гэтэл ахлах ангийнхан хариу мэндэлдэггүй учраас бид тэдэнтэй мэндлэхээ больсон гэжээ.

Нийгмийн ажилтан 11, 12-р ангийнхантай уулзаж, та нар доод ангийнхан чинь мэндэлж байхад хариу мэндэлж байх ёстой хэмээн хатуу анхааруулан шаардав. Харин нийгмийн ажилтныг гарсны дараа хүүхдүүдийн хооронд ийм яриа болжээ.

- Бид нийгмийн ажилтантай сургууль дээр таарах бүрдээ мэндэлдэг, харин тэр бидэнд хариу мэндэлдэггүй. Бид цэвэрлэгч эгч нартай ч мэндэлдэг. Тэд хэдий шалаа угаагаад маш завгүй байдаг ч өмнөөс хариу талархдаг. Ганцхан нийгмийн ажилтан л хариу мэндэлдэггүй.

- Бидний мэндчилгээнд нийгмийн ажилтан хариу өгдөггүй болон доод ангийнхны мэндчилгээнд бид хариулахгүй байгаа хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

Хүүхдүүдийн асуулт, эргэцүүлэл зөв юм. Чухам шударга ёсны нэхэмжлэл, дургүйцэл энэ мэтээс эхэлдэг. Нийгмийн ажилтны шударга бус байдал нь ахлах ангийн хүүхдүүдэд доод ангийнхандаа шударга бус хандах хандлагын шалтгаан болсон юм биш байгаа?

Гэхдээ хүүхдүүд нийгмийн ажилтныхаа үйлдэлд зориуд ухамсартайгаар эсэргүүцэж байгаа илэрхийлж доод ангийнхандаа өөрөөр хандсан гэж бодохгүй байна. Зүгээр л тэр зохисгүй үлгэрлэлийг нь автоматаар дуурайсан байж болно. Магадгүй өөрсдөд нь шударга бус хандсанд дургүйцсэн дургүйцлээ доод ангийнхандаа гаргасан, нэг төрлийн шударга ёсны дотоод зөнгөөс төрсөн эсэргүүцэл, бослого биш байгаа?

Мөн нэгэн сургууль дээр хичээл завсарлангуут хоёр хөвүүн ноцолдон хөөцөлдөн гүйж яваад санамсаргүй настай багшийг мөргөчихөв. Сургууль дээрх дүрэм журмаар бол хүүхэд завсарлагаанаар ноцолдон гүйлдэх бүү хэл чанга хашгирах ч хориотой. Настай багш тэр дүрэм журмыг дурдан хоёр хөвүүний чихийг мушгив. Яг энэ үеэр хоёр залуухан багш хэрэлдсээр тэдний хажуугаар өнгөрөв. Үнэн хэрэг дээрээ нэг нэг рүүгээ хашгирч буй багш нарын дуу хөөцөлдөн тоглож байсан хоёр хүүгийн гэнэн цайлган инээдээс чанга байгаад зогсохгүй муухай жигшмээр сэтгэгдэл төрүүлж байв. Чихээ мушгиулсан хоёр хөвүүнд гэмшсэн царай огтоос байсангүй. Тэд нүднээс далдуур дахиад л үймүүлнэ. Магадгүй өмнөхөөсөө ч илүү дүрсгүйтэх байх.

Олонхи эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ зүй бусаар харьцдаг. Ээж маань намайг ойлгодоггүй гээд уйлах охид олон. Сургууль дээр ч, гэр бүлийн хүрээнд ч иймэрхүү жишээ олныг дурдаж болно. Хүүхэд бол хүүхэд. Тэд суралцаж байгаа. Суралцах нь тэдний үүрэг ч, бас эрх ч юм. Зөвхөн хичээл сургалтын хүрээнд төдийгүй хүмүүжил, соёлын харилцаанд ч суралцана. Энэ бүхий л харилцаанд өдөр тутам шударга ёсны тухай сургалт өрнөж байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн ярих, хичээл заах төдийд биш, багш, хамт олны, хүрээлэн буй орчны хандлага, нөлөөлөл нь тэдэнд шударга ёсны сургалт болж байдаг гэсэн үг юм. Багш нар, эцэг эхчүүд, ахмад үе нь харин тэдэнд ямар үлгэр буюу сургалт нөлөөлөл үзүүлж байна вэ? Тэдний үлгэрлэл нөлөөлөл хүүхдэд шууд, бас хүчтэй тусдаг. Эхэнд дурдсан хоёр явдал бол үүний тодорхой жишээ юм.

Багш, эцэг эхчүүд бол учир мэдэх, илүү ухамсарлах боломжтой хэсэг нь. Энэ нь нийгэмд зөв үлгэрлэл хаанаас эхтэйг тодорхойлох жишээ болж чадах уу? Өөрөөр хэлбэл хүүхдүүдэд эцэг эхчүүд, багш нарын үлгэрлэл нэн чухлын адилаар нийгэмд, ард түмний хувьд тэр үлгэрлэл нь ямар субьект байх вэ?

“Загас толгойноосоо өмхийрдөг” гэсэн нэг үг бий. Үнэхээр тэгдэг эсэхийг загасчид мэдэх байх. Харин энэ үгийг нийгэм нь удирдагч, манлайлагчдаасаа эхэлж өмхийрдөг гэсэн утгаар ихэнхдээ хэрэглэдэг. Нийгмийн толгой гэдэгт юуны өмнө төр орно. Мөн нийтэд ил тод байдаг, үлгэрлэн дагуулдаг нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёл, спортын алдартнууд, томоохон баялаг эзэмшигчид орно. Тэдний биеэ авч яваа байдлын тусгал нийгэмд, ард түмэнд хэд дахин томорч хүрэх ба хүчтэй нөлөөлдөг.

Бид өдөр тутам замын хөдөлгөөнд оролцохдоо соёлгүй байдалд байнга бухимдацгаадаг. Туслах замаас төв зам руу орох гэж дохивч түр зогсоод зай тавьж өгөх нь ховор. Шахах, чигнаалдах, зам голлож явах гэх мэт, нэгэнт тогтож хэвшсэн соёл, дүрмийг үл тоох байдал түгээмэл. Яагаад тэр вэ?

Автобусны жолооч яагаад огцом огцом тоормослож, ухасхийж явдаг юм бэ? Яагаад тэд хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярьдаг, бас тамхи татдаг вэ? Яагаад мөнгөний машин дээр бид нэгнийхээ мөрөн дээгүүр дэлгэц рүү харж зогсдог вэ? Яагаад төрийн анхан дунд шатанд хүнд суртал их гардаг вэ? Яагаад, яагаад?

Хүний эрхийн Үндэсний комиссын эрх мэдэлтэн комиссар нь хувийнхаа зочид буудал, бааранд хүний эрх зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй бол, наад зах нь хэн нэгний, бүр автобусны жолоочийн эрхийг хамгаалах нь итгэлгүй болоод л явчихна. Тиймээс жолооч хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярьдаг юм биш байгаа. Эрхэм комиссарын шударга бус үйлдэлд дургүйцсэн дотоод эсэргүүцэл тийн илэрч болох уу?

Мэргэжлийн хяналтын газрын хариуцлагатай байцаагч нь их хэмжээний хахууль авч, өөрсдийнх нь эрүүл мэндийг ноцтой хохироох нөхцөл байдлыг бий болгосонд дургүйцсэн эгэл иргэнд хэн нэгний хувь эрхийг хүндэтгэх сэтгэлзүй төлөвшихгүй байж болно. Тиймээс ч тэр бэлэн мөнгөний машинд зогсож буй хүний мөрөн дээгүүр өнгийж харахыгаа ёс бус явдал гэж үзэхгүй, тийн мэдрэхгүй байгаа юм биш үү?

Сайд байсан хүн давуу байдлаа ашиглаад их хэмжээний долларын ашгийг эхнэрийнхээ компанид унагаж, офшор бүсд сая саяар нь долларын хадгаламж нээлгэсэнд дуртай хүн ховор л болов уу? Түүнд дургүйцсэн дургүйцэл нь төрийн албаны бага, дунд шатны хүнд суртал болон хувирсан байж болох уу?

Зарим үед “Ийм л хүмүүс, ийм л төрийг сонгосон, заяа чинь тэр шүү дээ. Ямар ард түмэн байна, тийм л төр байдаг” гэх мэт яриа гарна. Ард түмэн эрхээ хамгаалуулах гэж уг нь төрөө сонгодог. Эрх мэдэл, нэр нөлөө төрд бий. Алдартнуудад, нийгмийн зүтгэлтнүүдэд ч бий. Энэ хэн нь хэнээсээ хамаарч, хэн нь хэндээ нөлөөлөөд байна вэ? Бас бодох л асуудал. Өнөөх сургуулийн хүүхдүүд болон нийгмийн ажилтан, багш нарын зөрчлийг сөхсөний учир энд бий.

Хүүхэд нь 300 мянган төгрөгний утас дээрэмдээд 3 жилийн ял авсанд шаналж яваа эх төр түмний хөрөнгөөс 30 тэрбум, 300 тэрбумаар нь хохироочихоод, гурван сар суугаад, гучин саяар торгуулаад суллагдаж буй хүнийг хараад юу бодох вэ? Дургүйцэл, эсэргүүцэл нь юугаар илрэх бол? Эв таарч, нөхцөл нь бүрдмэгц ахиухныг булааж, хулгайлж авах ёстой юм байна гэсэн өширхөл, хонзогнол төрөөгүй байгаа? Шударга ёс алга байхад би өөр яах юм гэсэн өөрийгөө зөвтгөх зөвтгөл тэдэнд төрөхгүй гэж үү?

Нийгмийн элит гэгддэг хэсэг нь эгэл нэгэн иргэнээс илүү хариуцлага үүрдэг. Илүү хариуцлага дагаж, илүү эрх мэдэл ч ирнэ. Өнөөх Нийгмийн ажилтныхаа үйлдлийн эсэргүүцсэн ахлах ангийн хөвүүд шиг. Өөрсдөөс нь илүү чангаар хэрэлдсэн залуу багш нарыг чимээгүй өнгөрөөсөн атлаа өөрсдийнх нь чихийг мушгисан ахмад багшид дургүйцсэн дургүйцэл хөвүүдийн цаашдийн амьдралд ямар ул мөр үлдээх вэ?

Шударга ёсыг өөрөөсөө эхлүүлэхгүй бол, ялангуяа илүү үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүст тийм ухамсар төлөвшихгүй бол “Шударга ёсны төлөөх бослого”-д нийтээрээ нэрвэгдэх аюул ойрхон бишүү?.

Б.Наминчимэд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.