
Өнгөрсөн мягмар гарагийн өглөө Албанийн нутаг дэвсгэрт 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.
Газар хөдлөлтийн голомт Албанийн нийслэл Тиранагийн ойролцоо байрлаж байсан ба газар хөдлөлтөд Албанийн хоёр дахь том хот болох Дуррес хот хамгийн их хохирол амсаад байна. Газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 35-д хүрээд байгаа ба аврагчид нурангин доороос 47 хүнийг гаргаж аваад байна.
Аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч газар хөдлөлтийн чичиргээ одоог хүртэл мэдрэгдэж байгаа нь аврах багийнхны ажлыг хүндрүүлж, аврах ажиллагааг үе үе зогсоход хүргээд байгаа аж. Аврах ажиллагаанд Албанийн хөрш улс орнуудын аврагчид болон сайн дурын байгууллагууд тусалж байгаа ба Албанийн Хойд зүгт байрлах хотын барилгуудын нурангин доороос иргэдийг аврах ажиллагаанд Сербийн аврах багийнхан ажиллаж байгаа аж.
Косовогийн оршин суугчид хохирогчдод зориулж хандивын аян зохион байгуулж байгаа ба Косовогийн нийслэл Приштина хотын төв талбайд газар хөдлөлтөд өртсөн иргэдэд хүнс, хувцас зэрэг тусламжийн бараа цуглуулах цэг байгуулжээ. Түүнчлэн Болгарын засгийн газрын зүгээс Албанид 100 мянган еврогийн тусламж үзүүлжээ.
Эх сурвалж: Euronews.com
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.