Амьдралд өөрт оногдсон тавилангаа өөрөө л үүрэх учиртай...

Twitter Print
2020 оны 05-р сар 05-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Заримдаа бид өөрсдөө хийж чадах зүйлсээ бусдад найдаж орхиод, түүнээ бүтэлгүй болоход учиргүй шаналж тэвддэг.

-Найз нь бүхнийг амжуулж орхиноо, чи санаа зоволтгүй. Найздаа ийнхүү амалж байхдаа тэрээр хорон муу санаагүйгээр найздаа тусалж баярлуулах гэж бодсон хэрэг. Амьдрал дахь олон янзын тохиолдлуудаас шалтгаалан амалсан зүйлээ биелүүлж чадахгүй тохиолдол зөндөө. Амалснаа биелүүлж чадаагүй ичингүйрлээсээ шалтгаалан "За яахав ээ, энэ удаад амжсангүй, гэхдээ заавал болгоноо" хэмээн амалж, тэртэй тэргүй хүндэрсэн нөхцөл байдлыг өөр дээрээ ачааллан улам хүндрүүлэх тохиолдол бишгүй. Итгэл найдвар, бүтэлгүй амлалтын огтлолцол дээр сайн найзууд бие биенээ "хуурч", үүнийхээ улмаас муудалцан холдох нь нэг биш. Амлалтанд нь итгэж найдсан сэтгэлээ, уцаар бухимдлын хар үүлээр хучиж орхихдоо хүмүүс зүгээр л дотно сайхан нөхөрлөлөө хиртээж орхидог. Хичнээн хичээгээд ч өмнөх сайхан нөхөрлөл дээр хиртсэн хар бараан өнгийг цайруулж үл чадна. Бид нэг л зүйлийг, чамд туслах гэж хичээсэн дотны тэр хүмүүс тань ардаа өөрийн гэсэн амьдрал, шийдэхэд төвөгтэй олон асуудлуудыг яг л чам шиг дагуулж байдгийг анзаардаггүй. Уг нь байна шүү дээ, "Уучлаарай би хичээсэн боловч үнэхээр амжихгүй нээ" гэсэн чин сэтгэлийн учирлал, найзын тань сэтгэлд уучлах зайг үлдээдгийг бид ухаардаггүй. Ичсэндээ, нэр хичээсэндээ учруулах бүтэлгүйтэл болгон тань найзын дотно сэтгэлд эргэж наалдахгүй цав болон хагарч байдаг.

...Ах дүүсийнхээ дунд санхүүгийн боломжтой болсон нэг нь "сайн садан" болох гэж тэдний өмнөөс ачааллыг нь үүрэх гэж оролдох үзэгдэл бишгүй. Цөөн биш тэр хүмүүсийн амьдрал дахь санхүүгээс хамааралтай болоод хамааралгүй олон асуудлыг нэг хүн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Учир нь тэр гэр бүлийн цаана өөрийн ах дүүс хийгээд хамаатан садан, хадмын талын ах дүүс гээд олон ам бүлүүд бие биенээ санаатай болоод, санамсаргүй байдлаар "хянаж" байдаг юм шүү дээ. Гэр бүлүүдийн доторх хов жив хийгээд, "барьцсан сэтгэлгээ" тэр л "хяналт"-аас үүдэн, хэн ч ялж чаддаггүй хэрүүл маргааны шалтгаан нь болж байдаг. Гэнэт баяжсан нэгэн садан нь тэднийгээ учиргүй "харж үзэн", бүгдийнх нь амьдралыг өөрийн хяналтдаа байлган "Крестний отец"-ийн Дон Корлеоны дүрд тоглох сонирхол бишгүй бий. Гэхдээ энэ нь кино биш амьдрал юм болохоор, тэдний амьдралын тогоонд бусдаас хамаарах шаардлагагүй олон асуудлууд буцалж байдаг болохоор, ихэнхдээ ийм оролдлогууд амжилтанд хүрдэггүй. "Сайн садан" гийн энэрэнгүй тусламжинд найдсан ах дүүс хэзээ ч өөрсдийн боломжоо ашиглаж чаддаггүй, тэдний арчаагүй дорой байдал нь үүлэн дунд замхрах "хөөсөн" мөрөөдөл болж хувирдаг. Тэд ийм байдлаасаа хэзээ ч гарч чаддаггүйгээр үл барам, харин "өөх өгсөн хүнтэйгээ өглөө босоод заргалдах " нь даанч элбэг.

...Бид заримдаа бие биендээ тусламж болгон мөнгө зээлдүүлдэг. Хүнд хэцүү үед тусламж болгон өгч байгаа тэр мөнгө үнэнч нөхөрлөлийн бэлэг тэмдэг, бас сайхан сэтгэлийн илрэл. Хэнд ч мөнгө хэзээ ч илүүддэггүй бичигдээгүй хуулиар чамд зээлж байгаа мөнгөн дэвсгэртийн цаана чамайг хайрласан хайр, туслах гэсэн чин сэтгэл, нөхөрлөлдөө хэвээр үлдэх гэсэн сайхан сэтгэл оршиж байдаг. Тусч сэтгэлд хэзээ ч "хүү" байдаггүй, харин чиний төлөөх шаналал бас сэтгэлийн зовинол агуулагдаж байдаг. Баярлаж бахадсан сэтгэлээр тэр мөнгийг нь авчихаад амалсан хугацаандаа төлж чадахгүй бол, анд нөхдийн цав цагаан сэтгэл дундуур хав хар муур гүйж одно. Эхлээд шаналж байснаа, дараа нь уцаарлаж, эцэстээ утсаа авахгүй салгаж одоход сайн найз тань гомдож цөхөрдөг. Чамд итгэсэн итгэл, чамайг хайрласан хайр, чамайг өрөвдсөн халуун сэтгэл хөхөө өвлийн хүйтэн жавар шиг царцаж, сэтгэлд нь жавар хургаж орхиход найзын тань сэтгэлийн баяр бахдал, инээд хөөр, баяр гунигаа хуваалцах дотно сэтгэл үгүй болж орхино. Хичнээн дотно анд нөхдийн халуун сэтгэл дундуур мөнгөний "хар муур" гүйхэд л энэ амьдралын цав цагаан өнгө хав хараар солигдож, итгэл урам ав адилхан хугардаг. Амьдрал утга учиргүй мэт санагдан сэтгэл хиртэх үе зөндөө. Гэхдээ үнэн учирлал, итгэлийн хариу итгэл үүнийг давж гарах гэрэл гэгээ болж байдаг.

Thinking of Starting a Business? Don't Rely Too Much on the Advice ...

Амьдрал хүн болгонд өөрийнх нь тавиланг оноодог. Бусдыг хайрлах хайр, идэх хоол хүнс, эдлэх эд хөрөнгө, өргөж тэтгэх үр хүүхэд, найзалж нөхөрлөх андууд, энэрч тэтгэх ээжий аав гээд бүгдийг нь. Чи өөртөө оногдсон тавилангаа өөрөө л үүрэх учиртай. Бусдад найдаж, лаахайдах хэрэг үгүй. Учир нь хүн болгон өөр өөрсдийн тавилангаа үүрч байгаа болохоор чиний тавилангаас үүрэлцэх боломж үгүй, бас даахгүй. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч өөрийнхөө өмнө тулгарсан сайн муу асуудлаа өөрөө л шийдэж бай. Алдвал алдаагаа өөрөө л үүрэн зовж, оновол өөрөө сайн үр дүнг нь эдэлж, боломж олдвол хэн нэгэнд "ашиг, бас хүү" харахгүйгээр тусалж байх хэрэгтэй. Өөрт тань тусалж дэмжсэнгүй хэмээн хэн нэгэнд гомдож, цухалдах хэрэггүй дээ. Тэд чинь өөрийн тавилангаа үүрч л яваа, яг л чам шиг. Хэн нэгэнд гомдол хорслын улмаас муудалцаж гомдохдоо сэтгэлдээ заавал эвлэрэх орон зайг үлдээж бай. Магад түүний зовлон чам дээр нэгэн өдөр тохиож магад. "Нэгэн өдөр чи уйлж тэр инээж байхад, маргаашийн өдөр чи инээж тэр уйлж байх болно" хэмээн Б.Дашбалбар шүлэглэж билээ. Зүгээр л чи бусдад найдахгүйгээр өөртөө итгэж, өөрийн асуудлаа бусдын "халамжгүй" гээр шийдэж чадахдаа, нэгэн өдөр өөр шиг тань шаналж яваа нэгэнд тусалж байхдаа чи хүчтэй бас аз жаргалтай байх болно. Бусдад нэг их бүү найдаа, харин өөртөө л итгэ.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.72.247.138) 2014-04-18 10:50
      • 0
      • 0

      ulaan luvirhin aig uheh geg b...a ene olon barimt baihad yagaad himegui udaa b...a masc ih luvirin mengtei hun bainaa hurdan uhirign olohgui bol uheh emuu orgon zailah magdlal ender novsc

      Хариулах