Ө.Бүрэнтөгс: Хил хаалттай, эдийн засаг улам агшсаар байвал 2025 он гэхэд дампуурлаа олон улсад зарлахаас өөр гарцгүй

Twitter Print
2022 оны 06-р сар 17-нд 13:06 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн ухааны доктор, эдийн засагч, улс төр судлаач Ө.Бүрэнтөгстэй ярилцлаа.


-Таныхаар өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал ямар түвшинд явна вэ. Дээшилсэн үзүүлэлттэй явна уу, уруудсан түвшинд хэмжигдэж байна уу?

-Олон улс дахь хүндрэл, дотоодын зөв зохион байгуулалттай бодлогогүйгээс болж улс нийтээрээ нэлээд хүндхэн үе рүүгээ гулсчихлаа л гэж харж байна. Зах зээлийн нийгэмд шилжээд гуч гаруй жил боллоо. Энэ хугацаанд өнөөг хүртэл бид нэг онож, хоёр алдсаар байна. Өөрөөр хэлбэл, нэг зөв шийдвэр гаргачихаад үр дүнг нь үзэлгүй өөр бодлого гаргаснаар хугацаа, тооцооллын хувьд хоёр алдчихаж байгаа гэсэн үг юм. Нийгмийн амьдрал үнэхээр хүнд байна. Хүнд байгаа нь хүний амьдралын, өрх гэрийн орлого зарлагын баланс хэрхэн хангагдаж байгаагаас л харчихна шүү дээ. Үнийн өсөлт тэнгэрт хадчихсан атлаа цалин яг хэвэндээ. Одоогоос 10 жилийн өмнөх нийгэмд бид ийм цалингаар амьдраад байж болох л байсан байх. Гэтэл өнөө цагт яагаад ч болохгүй байна шүү дээ. Үнийн өсөлт эдийн засгийн зарчмаараа л өсдөг. Өслөө гээд үүнийг буруутгах арга байхгүй. Гэтэл үнийн өсөлт бодитоор өссөн энэхүү системтэйгээ уялдуулсан төрийн бодлого алга байна. Ерөнхийдөө сүүлийн таван жил улс орны хэмжээнд эдийн засаг, нийгмийн менежмэнтийн бодлого алдагдсанаас болж одоо эхний сөрөг нөлөөллүүд нь гарч ирж байна. Түүний нэг нь иргэдийн худалдан авах чадвар, инфляци юм. Үүнийг маш нарийн зөв зохион байгуулалттайгаар хатуу бодлогоор засахгүй бол цаашид өнөө маргаашаа аргацаасан шийдвэр бодлогоор засна гэж байхгүй. Улам л нийгэм, улс орны амьдрал ухрах болно.

-Манай улс жил бүр л алдагдалтай төсөв баталдаг. Энэ нь улсын эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байна гэж ойлгож болох уу?

-УИХ-аар жил бүр Улсын төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталдаг. Ингэхдээ олон жил явсан схем дээрээ суурилаад л улсын төсвийн нэгдсэн тооцооллыг гаргачихаад байгаа нь л бидний алдаа. Эдийн засаг гэдэг цаг, минут бүр суурь нөхцөл нь өөрчлөгдөж түүндээ тулгуурласан бодлого явуулахгүй л бол сөнөж байдаг салбар. Гэтэл манайд тийм зүйл алга. Цаг үе, орчин нөхцөл, нийгмийн бодит хэрэгцээ шаардлага, дэлхий нийтийн эдийн засгийн байдал өөр болж байхад манайх аль арав, хорин жилийн өмнө зураглаж байсан төсвийн схемээ наад захын мөнгө хөрөнгийн тоог нэмэгдүүлж өөрчлөөд л баталчхаж байна. Энэ бол бодлогын түвшинд гарч байгаа маш том алдаа. Бид улсын төсөв батлахдаа схемээ дахин шинээр гаргаж ирэх ёстой. Яг дэлхийн болон дотоодын эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдал ямар байна. Түүнд нь тааруулж, өөрөөр хэлбэл орлого, зарлагаа бодитоор гарган ирж байж л төсвөө батлах ёстой юм. Бид харин ингэж ажиллахгүй байна. Хуучны барилгын зураг барьчхаад орчин цагийн барилгын материалаар байшин барилга барих гэж байгаатай л адилхан гэсэн үг. Тэгэхээр суурь тогтолцоо, схем, системээ өөрчилж, магадгүй хариуцсан мэргэжилтнүүдийг чанаржуулж байж бид төсвийн алдагдалгүй болно. Ер нь төсөв алдагдалгүй батлах шиг амархан ажил байхгүй шүү дээ. Гол нь тооцоолол, судалгаа, ирээдүйн чиг хандлага гээд олон зүйлийг л харж тусгах ёстой юм.

-Ам.долларын ханш өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Ирэх жилээс эхлээд манай улс гадаад өрнүүдээ эхнээс нь төлөхөөр байгаа шүү дээ. Гадаад өрийг өрөөр төлөх нь зөв үү. Өөрөөр яаж төлөх вэ?

-Валютын ханш цаашид ч улам эрчимтэй нэмэгдэнэ. Үүнийг зогсоох ганцхан арга бол дотоодынхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх л юм. Өөрөөр хэлбэл, гаднаас авч байгаа бараа бүтээгдэхүүнээ багасгаж, харин дотоодоосоо гадагшаа бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр гаргах ёстой юм. Маш энгийнээр ингэж л ойлгох хэрэгтэй. Аль хэдэн арван жилийн өмнө эхэлчих ёстой байсан төмөр зам болон эрчим хүч, хүнд үйлдвэрүүдийн сөрөг нөлөөлөл одоо манай улсад бодитоор бий болоод байна. Хэдэн тэрбумын ашиг олох боломжоо бид алдсан шүү дээ. Монгол Улс товчхондоо эрчим хүч, үйлдвэрлэл, дэд бүтцийн хувьд өнөөгийн дэлхийн хөгжлөөс нэгэн эрин үеэр хоцорчихоод байна. Уул, уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр өсчихөөд байхад л бид ашиг олох нь битгий хэл санасан хэмжээндээ бүтээгдэхүүнээ гадагшаа гаргаж чадахгүй байна шүү дээ. Энэ бол төрийн бодлогын зуун хувь буруу. Тодруулбал, улстөрчдийн буруу. Цаашлаад миний таны нийгмийн буруу. Бид л улстөрчдийг өөгшүүлэн гаргаж ирсэн. Гоё сайхан ярьсныг нь сонгосон. Амаараа ажил хийдэггүй, гараараа ухаанаараа ажил хийдэг гэдгийг бид одоо болтол ойлгоогүй л явна. Ирэх сонгуулиар ч гэсэн амаараа гарч ирэх улстөрчид цөөнгүй л байна. Ийм маягаар явбал манай улс үнэхээр хөгжихгүй ээ.

-Гадаад өрийн тухайд тодруулахгүй юу?

-Мэргэжлийн хүний хувьд Монгол Улсын гадаад өрийг сонсоход үнэхээр сэтгэл эмзэглэж, цаашдаа манай улс яана вэ л гэж санааширдаг. Үнэхээр гадаад өр таазнаасаа хэтэрчихсэн. Дөнгөж төрсөн хүүхэд л 35 сая төгрөгийн өртэй байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх тоон үзүүлэлт шүү. Би нэг зүйл гайхдаг. Одоог болтол төр засгийн өндөрлөгүүд энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын хурал яагаад зарлахгүй байна вэ. Энэ өр хэрвээ нэг улсаас хамааралтай байсан бол бид хэдийнэ олон улсын эрх зүйн зарчмаар газар нутгаа өрөндөө алдчихсан байгаа. Гадаад өрийн дийлэнх хувийг Хятад улсаас авсан өр эзэлдэг. Энэ хувь хэмжээ өссөөр л байвал бид газар нутгаараа өрөө төлөхөөс өөр аргагүй байдал хүрнэ. Газар нутгаараа өрөө төлнө гэдэг бол улс орны тусгаар тогтнол алдагдана гэсэн үг. Энэ утгаараа Үндэсний аюулгүй байдлын асуудал гэж яриад байгаа хэрэг шүү дээ. Тиймээс даруйхан Үндэсний аюулгүй байдлаа хуралдуулж гадаад өр төлбөрөө төлөх асуудлаа ярилцах шаардлагатай. Хоёрдугаарт, гадаад өрийг өрөөр төлөх нь цаг хугацааны хувьд хойшлогдож болох талтай ч өр улам нэмэгдэх эрсдэлтэй юм. Тиймээс зарим тулгамдсан өрөө өрөөр дарж, зарим өрийг дотоод нөөц бололцоогоо шавхаад ч хамаагүй барагдуулах ёстой.

-Уул уурхайн бүтээгдэхүүн өссөн үед ч би санасан хэмжээндээ бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байна гэлээ. Үүнд хил, боомтуудын хаалттай байдал бас нөлөөлөөд байгаа биз дээ?

-Хилийн асуудал хүнд байгаа нь тодорхой хэдхэн шалтгаантай. Нэгдүгээрт, манайхаас нөлөөлөхгүй хүчин зүйл гэж байна. Тэр нь мэдээж цар тахал, дайн байлдаан шүү дээ. Хоёрдугаарт, нөгөө л манай төрийн бодлого энэ чиглэлд сул явж ирсний хар гай шүү дээ. Улс орны бодлого одоогоос зуу, хоёр зуун жилээ харсан бодлого байх ёстой. Гэтэл манайд өнөөдөр л нэг юм ийм бодлоготой болох гэж хичээж байна. Энэ бол маш харамсалтай. МАН-ын намын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого одоогоос 30 жилийн өмнө гарчихсан бол бид өнөөдөр ийм байдалтай байхгүй ч байж мэдэх л байсан. Гэтэл бүхэл бүтэн эрин үе солигдчихоод байхад бид тэртээд гаргачих ёстой байсан бодлогоо одоо л ярьж байна шүү дээ. Бусад улс орон бараа бүтээгдэхүүнээ орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан зөөж байхад манай улс үхэр тэргээр л зөөж байх жишээтэй. Яг л ийм хөгжлийн ялгаа бидэнд бий болчихоод байна. Тиймээс тэрхүү үхэр тэргээ даруйхан техник, машин болгож, хоцорсон хөгжлийнхөө араас тасралтгүй нэхээд л байх ёстой. Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцах харилцаа бодлогын түвшинд үнэхээр алдагдсан. Энэ бол сүүлийн арван жилд гадаад бодлого дээрээ сул хүмүүс тавьж ажиллуулсны л гор. Улсаа гэсэн сэтгэлгүй хүмүүс гадаад бодлого яаж гаргах билээ дээ. Манай улсын гадаад харилцаа дэндүү албархаг болсон. Угтаа яг л ах дүүсийн харилцаагаар, анд нөхдийн журмаар л гадаад харилцаа явах ёстой. Нэг л зүйлийг хэлмээр байна. Хил хаалттай, эдийн засаг улам агшсаар л байвал бид ирэх 2025 он гэхэд дампуурлаа олон улсад зарлахаас өөр гарцгүй болж байна.

Төр засгийн удирдлагууд улс орныхоо өмнө тулгамдчихаад байгаа гадаад өр, эдийн засгийн нөхцөл байдал, хилийн хориг зэрэг асуудлаа ард түмнийхээ өмнө нээлттэй болгож, салбар бүртээ мэргэжлийн хүмүүсийн саналыг сонсох хэрэгтэй байна. Дан ганц намынхаа, бүлгийнхээ, яам, агентлагийн түвшинд асуудлаа яриад нэмэргүй. Эндээс бодитой шийдвэр яагаад ч гарахгүй. Тиймээс л эдийн засгаа сэргээх, гадаад өрөө зохицуулах асуудлаар улс даяар нэгдсэн томоохон чуулга уулзалт, хэлэлцүүлгийг хийж, гарц шийдлээ ард түмнээсээ асуух хэрэгтэй.

Мөнхтөрийн Энхтүвшин

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.