Хүн байх үеийн хамгийн үнэт ховор боломж бол бусдад туслах

Twitter Print
2021 оны 04-р сар 11-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Гайхамшиг

Энэ үгийг уншаад юуны түрүүнд нөгөө л дэлхийн хэдэн гайхамшиг, эсвэл хэн нэгний хийсэн бүтээл, нээсэн нээлт санаанд орох байх.

Харин бид хамгийн чухал, хамгийн гайхамшигт зүйл болох өөрсдийгөө буюу хүн гэдэг зүйлийг мартчихаад бнаа. Хэрвээ хүн л байхгүй бол тэр хэдэн гайхамшиг гэж нэрлээд бгаа зүйлүүд маань ч оршин тогтнохгүй шүү дээ. Хэн түүнийг харж бахархаж бас гайхалтай гэж тодорхойлох билээ дээ.

Бид алим идлээ гэж бодье. Хэдхэн мөчийн дараа тэр амтат жимс бидний биеийн нэг хэсэг, амьдрал болон хувирч байгаа нь гайхамшиг биш гэж үү? Эх хүний биед шинэ амьдрал үүсэж буй нь гайхамшиг биш гэж үү?

Бид чинь харж сонсож, явж хөдөлж бас ярьж чадаж байна. Энэ сайхан хорвоо дээр ийм олон сайхан хүмүүстэй танилцаж, тэдэнд тусалж хайрлаж, бас тийм аз жаргалаар бялхааж чаднаа гэдэг чинь л жинхэнэ гайхамшиг юм шүү дээ. Харамсалтай нь бидний олонхи нь ийм байж чаддаггүй. Учир нь бид ийм өнцгөөс өөрийгөө харж чадахгүйд байна. Бас бид өөртөө ийм их баялаг байгаа гэдгээ ухаараагүйн харгайгаар бусдаас дандаа авдаг хэрэглэгчийн сэтгэлгээнд хэт баригдчихсан. Өөрөөр хэлбэл бусдад өгөх биш бусдаас авагчид дийлэнх маань болжээ. Сэтгэх зарчим маань гадагшаа биш дотогшоо урсгалтай болж. Зарим хүмүүс би өөрөө яая гэж байхад гэдэг ч юмуу эсвэл өгөх юмгүй хүн юугаа бусадтай хуваах билээ гэж бодож магад.

Өгнө гэхээр л заавал материаллаг зүйл байх албагүй шүү дээ. Хэн нэгэнд зүгээр л эелдэг сайхан магтаал талархал хэлж яагаад болохгүй гэж? Хэн нэгэнд зүгээр л хариу нэхэлгүй туслаж, бусдыг хариу нэхэлгүй хайрлаж болно шүү дээ. Энэ бүхэн таныг, таны дотоод сэтгэлийг ямар их баяжуулж, аз жаргалаар дүүргэдэг гэж бодно?

Бас бидний зарим маань өнгөрсөн үеийн гуниг харууслаасаа салж чадахгүй, эсвэл хаа холын ирээдүйдээ хэт сэтгэл нь зовиноод өнөөдрийн өдрийнхөө сайн сайхан аз жаргалыг мэдэрч чаддаггүй нь харамсалтай. Ийм ч учраас л бид сэтгэлдээ гунигтай, нэг их хоосон орон зайтай яваад байдаг, яагаад гэдгээ ч ойлгохгүй.

Тэгээд л тэр хоосон зайгаа дүүргэхийн тулд бусдаас гуйдаг. Мөнгө гуйна, ажил гуйна, мэдлэг гуйна, хайр гуйна. Тэгээд түүнийг нь өгөхгүй юмуу өгч чадахгүй байвал уурлаж хорсоно, гомдоно... Гэтэл тэр бүхэн тань таны л дотор бгаад байгаа юм шүү дээ. Зүгээр л хэн нэгэнд тусал, сайхан чин сэтгэлээсээ магтаад үз. Сэтгэл тань сайхан болж бгаа биз дээ? Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн сэтгэлгээгээ орхиж бүтээгч, бусад руу хандсан чиглэлтэй л болгочих. Тэгвэл та жинхэнэ өөрийнхөө хэн гэдгийг ухаарах болно. Амьдрал тань гайхамшигаар дүүрч эхэлнэ.

Ийм сайхан хүний биеийг олж төрчихөөд яаж тийм зовлон гунигтай амьдарч чадаж байнаа? Магадгүй заримд маань өөртөө итгэх итгэл дутаж байгаа бх, өөртөө итгэлтэй байхын үндэс бол мэдлэг шүү дээ. Ажил олдохгүй гэртээ сууж байхдаа нэтээр шинэ юм сур л даа. Шинээр өөрийгөө нээ л дээ. Эсвэл өөртөө ажлын байр өөрөө гаргаж болно шүү дээ.

Хүн биеэ орхиод одохын цагт хэн нэгэнд сайхан үг хэлэхийг хүсэвч тэр хүн чинь чамайг сонсохгүй, хэн нэгэнд туслахыг хүсэвч чамд бие байхгүй юм чинь яаж чадах вэ дээ. Тэгэхээр л одоо яг боломжтой байгаа дээрээ, оройтоогүй байгаа дээрээ хийе гэснээ хийж бүтээж, тусалж, хайрлаж амьдар. Гайхамшигт хүний амьдралаар амьдар, бүтээ...

Нэмж хэлэхэд Хүн байх үеийн хамгийн үнэт ховор боломж бол бусдад туслах, бүх оршихуйнуудад... Бас бясалгал хийж өөрийн жинхэнэ баялагаа нээх явдал юмаа...

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.