​Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг хамгаалах нэрээр хууль зөрчиж байна уу

Twitter Print
2021 оны 12-р сар 08-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн технологийн хурдтай хөгжил эдийн засаг, санхүүгийн салбарт, тэр дундаа криптовалютын салбарт эрчээ аван хөгжиж байна. Хэдхэн жилийн биткойны тухай сонсож байсан дэлхий дахин эдүгээ хэдэн мянган койн, токены арилжаанд ордог болчихлоо. Нэг ёсондоо криптовалютын салбар маш богино хугацаанд эрчээ аван хөгжиж буй, ид сезоны үе нь өнөө цаг юм.

Олон улсыг хамарсан технологийн энэ хөгжил Монголыг тойрсонгүй. Тиймдээ ч өнөөдөр манай улсад албан ёсоор 12 төрлийн койн хоёр дахь зах зээлд нэвтрэн, арилжаанд орж байна. Арилжааны дүн нь гэхэд их наядаар хэмжигдсэн том зах зээл болон хөгжиж байна. Цаашид ч койны төрөл нэмэгдэх хандлагатай байгааг виртуал хөрөнгийн зах зээл судлаачид хэлж байгаа юм.

Виртуал хөрөнгийн зах зээл эрсдэлтэй гэдгийг аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа зохицуулалтын асуудал дэлхий нийтийн асуудал болсоор байгаа юм. Олон улсын жишгээр энэ чиглэлийн хуулийг батлах хоёр шалтгаантай гэж үздэг аж. Нэгд, терроризм буюу хууль бус хөрөнгийн эргэлтийг хянах, түүнд зохицуулалт хийх, бүртгэлжүүлэх. Хоёрт, татвар авах. Ийм зохицуулалтыг хийгээд л урсгалаараа явж байгаа улс орнууд олон жишиг байна.

Манайд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх шатанд үргэлжилж байгаа энэ цаг үед криптовалютын зохицуулалтын асуудал олны анхаарлыг татах болов. Бүр УИХ-ын хэмжээнд хэлэлцэгдэж койн, токен шинээр гаргах асуудлыг хорих хэмжээнд яригдаж эхэллээ.

Гэхдээ энд нэг зүйл бий. Виртуал хөрөнгийн зах зээл дэлхийн бүхий л улс оронд хөгжиж байна. Үүнийг дагасан олон салбар, үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт орж, хөрөнгийн шинэ урсгал бий болж байгаа том давуу талтай. Шинэ туршилт, хөгжил эрсдэлийг заавал дагуулдаг. Түүнийг тухайн газар нутаг, орондоо зохицуулаад хуульчлаад явдаг зарчимтай.

Зохицуулалтгүй, хуульгүй, журамгүй гээд шинэ тутам хөгжиж байгаа салбараас бид хойш суух ёсгүй. Үүнийг хувийн хэвшлийнхэн соргогоор харж, технологийг дэлхийтэй зэрэгцэн сэтгэж, тэдний жишгээр хөгжүүлж байгааг бид сайшаах учиртай. Энэ дунд ашиг хонжоо хайсан цөөн нөхдийн хууль бус үйлдлүүд байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү Монгол Улсад виртуал хөрөнгийн зах зээлийн зөв зохицуулалт хэрэгтэй цаг үе ирээд байгаа нь маргашгүй үнэн.

Манай улсын хувьд энэ салбарт хууль эрх зүйн орчин бүрдээгүй, зохицуулах байгууллага нь ч тодорхой бус байдаг. Хамаарлынхаа хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо байсхийгээд анхааруулга, мэдэгдэл гаргадаг болсон. Санхүүгийн арилжаанд оролцож байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөж үйл явцад анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Гэхдээ иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа үйлдэл, хандлага шударга бус, тэгш гарааны зарчмыг алдагдуулах боллоо гэсэн шүүмжлэл энэ салбарт үе үе гарах болов.

Угтаа Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн салбарыг зохицуулах эрхгүй. Үүнийгээ ч тэд батлан хэлдэг. Хамгийн сүүлд гэхэд тус хорооны Хяналт шгалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн хэвлэлд ярихдаа “Монгол Улсад одоогоор 18 төрлийн койн гарчихаад байна. Эдгээрийн баталгааны талаар хэлж мэдэхгүй. Мэдэх ч боломжгүй. Хуулийн зохицуулалт байхгүй учраас түвэгтэй байна. Иргэд хохирлоо гэхэд Санхүүгийн зохицуулах хороо үүрэг хүлээхгүй. Хуулиараа бид зохицуулахгүй. Ямар ч зохицуулалтгүй байгаа салбар. Яахав бид байнга анхааруулж байгаа. Ядаж алдаж болох хөрөнгөөрөө арилжаанд оролц гэж 14 удаа бид анхааруулга, мэдэгдэл гаргаад байна” гэжээ.

Энэ яриагаар Санхүүгийн зохицуулах хороо шинэ койн гаргахыг хориглох, арилжаанд байгаа койн худалдаж авахыг хориглох зэргээр арилжааны үйл явцад шууд оролцох боломжгүй гэсэн үг. Иргэдийг эрсдэлээс хамгаалах зорилготой байгаа ч энэ үйлдлүүд нь хуулиа зөрчөөд байна. Угтаа олон улсад зохицуулах байгууллагууд анхааруулахаас гадна иргэдээ мэдлэгжүүлэх, боловсруулах чиглэлд түлхүү анхаарлаа хандуулан ажилладаг жишгийг хуульчид хэлж байна.

Б.ЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.